ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.01.16 11:01

Д.Үүрцайх: Хүн амын тэн хагас нь оршин сууж байгаа учраас мандатын тал нь нийслэлд оногдох ёстой

ХҮН-ын нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.


-Ирэх оны сонгуулийг томсгосон мажоритар системээр явуулахаар болсон. Та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-аас УИХ-ын Сонгуулийн хуулийг шинэчлэн баталлаа. Ингэхдээ1992,2008 онуудад хэрэглэж байсан томсгосон тойрогтой дийлэнх олонхын тогтолцоог авч хэрэглэхээр шийдэж байна. Энэ тогтолцоо бол хуучин жижиг 76 тойрогтой тогтолцооноос бага зэрэг дэвшилттэй боловч сүүлийн 30 жил бид хортой үр дагаврыг нь амсаж байгаа төрийг хямралт байдалд хүргэсэн дийлэнх олонхын тогтолцоог хэрэглэх гэж байгаа нь харамсалтай. Учир нь дийлэнх олонхын тогтолцооноос болж манайд парламентын ардчилал бэхжиж чадахгүй, тойргууд руу төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, улс төрийн намууд төлөвшдөггүй, бэхэждэггүй, мөнгөний улс төр явдаг, улс төрийн авлига хөгжсөн зэрэг сөрөг нөхцөл байдал үүссэн. Эрх баригчид ингэж шийдсэн учраас энэ тоглоомын дүрмээр цаашаа явна гэсэн үг. Гэхдээ энэ тогтолцооны сөрөг талуудыг багасгах хууль зүйн боломжууд байна. УИХ-ын сонгуулийн тойргийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө шинэчлэн тогтоохдоо сонгох, сонгогдох эрхийн тодорхой зарчмуудыг хангасан байдлаар тогтоох боломж нь УИХ-д байгаа. Энэ боломжоо шийдвэр гаргагчид ашиглах байх гэж найдаж байна.

-Сонгуулийн тойргийг хэрхэн тогтоох нь зүйтэй юм бэ?

-Хамгийн гол нь парламентын ардчиллыг бэхжүүлж, улс төрийн намуудыг төлөвшүүлэхийн тулд энэхүү олон мандаттай сонгуулийн тогтолцооны хувь тэнцүүлэх нөлөөг нь аль болох өндөр байхаар буюу тойргуудийг аль болох томсгож, аль болох олон мандаттайгаар, жижиг тойрог дээр тойргоо “услаж”сонгогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, мөнгөний нөлөөг багасгахуйцаар тогтоох хэрэгтэй. Нэн чухал зүйл нь сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг хангах, сонгуулийн суурь зарчмуудыг хангасан байдлаар тогтоох ёстой. Ингэхдээ хэд хэдэн зарчим барих ёстой юм. Сонгуулийн тойргийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг баримталж бус сонгуулийн газар зүй буюу тойргийн сонгогчдын тоо харилцан адил байхаар тусгайлан тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, том газар нутгийг хамарсан, олон мандаттай байдлаар тойргийг тогтоох хэрэгтэй. Ингэхээр хувь тэнцүүлсэн элемент нь илүү сайн болж улс төрийн намууд харьцангуй төлөвших процесст дэмжлэг болж,сонгуулийн төлөөллийн зарчим илүүтэй хангагдах боломжтой. Мөн нэг тойрогт ногдох мандатын тоо ижил байх ёстой. Тодруулбал, бүгд хоёр мандаттай, эсвэл бүгд гурван мандаттай тойрог гэдэг ч юм уу. 1992, 2008 онд олон мандаттай тойргоор сонгууль явуулахдаа Говьсүмбэр аймаг нэг мандаттай, Баянзүрх дүүрэг дөрвөн мандаттай гэхчлэн харилцан адилгүй тогтоодог байсан. Энэ нь сонгох эрхийн тэгш байдлыг зөрчиж байгаа юм. Хэрвээ иргэд төрөө тэгш эрхтэйгээр сонгохгүй юм бол энэ төр бүх иргэдийн төр биш болж хувирна.Учир нь Говьсүмбэр аймгийн иргэн нэг мандаттай, чухал биш иргэн. Сонирхлоо ганц УИХ-ын гишүүнээр төлөөлүүлдэг. Харин Баянзүрх дүүргийн сонгогч өөрийн эрх ашиг улс төрийн хүсэл зоригоо дөрвөн УИХ-ын гишүүнээр төлөөлүүлдэг. Тэр хэрээр Говьсүмбэр аймаг руу очих хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалт бага болдог. Баянзүрх дүүрэгт эсрэгээрээ болдог гэдэг ч юм уу. 1992 онд Үндсэн хуулийн Цэц харалган шийдвэр гаргасан. Энэ нь Үндсэн хуульд сонгогчид тэгш эрхтэйгээр сонгоно гэж үгчилж бичээгүй учраас иргэд төрөө тэгш бус эрхтэйгээр сонгож болно гэсэн агуулгатай шийдвэр гаргасан. 2008 оны сонгуульд нэр бүхий иргэд Цэцэд хандахад 1992 онд гаргасан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр байгаа учраас энэ асуудлаар дахин Үндсэн хуулийн маргаан үүсгэхгүй хэмээн шийдэж байсан. Энэ бол маш хор нөлөөтэй шийдвэр. Үүнийг Үндсэн хуулийн Цэц засах боломжтой. Эсвэл УИХ Монгол Улс ардчилсан, парламентын засаглал бэхжих ёстой гэж үзэж байгаа бол тойрог байгуулах УИХ-ын тогтоолоороо энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэх, сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг хангасан байдлаар тогтоох боломжтой. Үүнийг хангаж тогтоохын тулд дээр дурдсан аль болох тойргийг томсгох, тойргуудад ногдох сонгогчдын тоо адилхан байх, мөн нэг тойрогт ногдох мандатын тоо ижил байх ёстой юм.

-УИХ-ын гишүүн хүн хэдэн хүнийг төлөөлөх нь зохистой харьцаа вэ?

-Мэдээж тухайн улсын парламент хэдэн гишүүнтэй байхаар хуулиараа тогтоосон байна тэр хэмжээгээр л төлөөлөл нь тодорхойлогдоно. Манай улсын хувьд 42000 гаруй иргэнийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байгаа гэж харагдана. Парламентын засаглалтай дэлхийн хөгжингүй орнуудын жишгийг судлан үзэхэд Таагепера нарын улс төр судлалын эрдэмтдийн гаргасан куб язгуурын хууль буюу тухайн улсын хүн амын тоог куб язгуурт оруулан тооцож парламент нь хэдэн гишүүнтэй байвал зохистой болохыг тогтоодог аргачлалыг ерөнхийдөө ашигласан байдаг. Энэхүү аргачлалаар тооцож үзвэл манай УИХ 147 гишүүнтэй байх шаардлагатай байгаа. Саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлэх боломжийг ашигласангүй. Тэр утгаар үзвэл манай гишүүд хэт олон иргэнийг төлөөлж байна гэсэн үг. Гэхдээ олон мандаттай тогтолцооны урьдын тойргоо дахин байгуулвал мэдээж хэрэг төлөөллийн зарчим алдагдаж, тэгш бус байдал үүснэ.

-Хүн амын тэн хагас нь нийслэлд ажиллаж, амьдарч байна. Гэтэл нийслэлийн мандатын тойргийг багасгаж хөдөө орон нутгийн мандатыг нэмэгдүүлэх нь буруу гэх шүүмжлэл олон нийтийн дунд явж байна...

-Тойргийн хуваарилалтын сургаар өмнө нь нийслэлд 26 мандат байсан бол 24 мандат оногдуулж, өөрсдөө хөдөө орон нутагт бүтэцтэй учраас тэндээс сонгогдоно гэсэн байдлаар мандатын тоог нэмэгдүүлсэн зохицуулалт хийгдэх гэж байна гэх мэдээлэл явж байна лээ. Энэ тохиолдолд маш ноцтой үр дагаварт хүрнэ. Яагаад гэвэл нийслэл хотод нийт хүн амын тал хувь нь оршин сууж байна. Сонгууль газар нутгийн төлөөлөл биш. Сонгогчдын буюу хүн амын төлөөлөл. Тэгэхээр мандатын тал нь нийслэлд оногдох ёстой. Ийм байдлаар тогтоохгүй бол 2008 оны эмгэнэлт байдал руу орох нөхцөл байдал бүрдэж болзошгүй. Үүнийг улстөрчид бодож шийдэх хэрэгтэй. Сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг маш ноцтой зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын мандатын тоог бууруулах нь байтугай 38 болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Газар нутгаар тойрог, мандатын тоог тогтоох нь ямар намд ашигтай вэ?

-Энэ мэдээж социализмын үеийн төржсөн номенклатур бүтэц, улс төрийн авлигын тогтолцоогоо хадгалаж үлдсэн, дээрээс нь өнгөрсөн хугацаанд дийлэнх олонхын тогтолцоогоор хүн ам цөөнтэй, мэдээлэл муутай орон нутгийн сонгогчдоос халамжлагч феодалын дүрээр сонгогдсоор ирсэн МАН-д, түүний тойргоо “усласан” гишүүдэд л ашигтай байгаа байх. Гэхдээ Монголын сонгогчид энэ 30 жилд эрх биш нэлээд хэрсүүжиж, энэ удаад дахин МАНАН-г эсвэл тэдний өнгөлөн далдалсан “гар, хөл нам”-уудыг сонгож хууртагдахгүй гэж үзэж байгаа хандлага бас ажиглагдаж байна.

-Газар нутаг, эсвэл хүн амаар мандатын тоог тогтоох нь давуу болон сул тал нь юу вэ?

-Дээр дурдсанчлан нийслэлд хүн амынх нь тал хувь амьдарч байгаа, сонгууль нь хүн амын төлөөллийг бүрдүүлж буй үйл явц учраас УИХ-ын гишүүдийн талыг нь нийслэлээс сонгох шаардлагатай болно. Гэтэл нөгөө орон нутгийн феодлууд нь хэдэн тэрбумын хөрөнгө мөнгө зарцуулаад тойргоо “усалчихсан” буюу улс төрийн авлигаа тараачихсан байгаа. Тэгэхээр ингэх нь мэдээж хэрэг улсын төсвийн хөрөнгөөс ЖДҮ-ийн зээл гэх мэтчилэн хулгайлсан хөрөнгөөрөө сонгогчдыг дөрвөн жилийн турш авлигадсан эрх баригчдад л ашиггүй байгаа. Тойргийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг баримталж бус харин сонгогчдын тоо харьцангуй тэнцүү байхаар тогтоовол төлөөллийн зарчим, сонгох, сонгогдох эрхийг тэгш байдлын зарчим хангагдаж, сонгогдсон төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдал дээрдэнэ. УИХ-ын, ерөөс Монголын төрийн шаварт хутгалдсан нэр хүнд сэргэнэ. Хуучин улс төрчид хүн ам таруу оршин суудаг Монгол орны хувьд ийнхүү тогтоовол төвлөрөл явагдаж, зах хязгаар нутаг эзэнгүй болж, хятадууд хилээр орж ирээд суурьшчихна хэмээн айлгаж тайлбарладаг. Энэ бол мэдээж хий хоосон, хоцрогдсон, бодит үнэнд нэгэнтээ гүйцэгдчихээд байгаа тайлбар юм. Учир нь бид өнгөрсөн 30 жилд үндсэндээ байнга сонгуулийн дийлэнх олонхын тогтолцоотой явж ирсэн. Тэгвэл өнөөдөр яагаад хүн амынх тал хувь нь нийслэлд ирээд суурьшчихав. Худлаа байгаа биз. Зах хязгаар нутаг улам л эзэнгүйрсээр байгаа. Тэнд нь 300 хүүхдийн сургуульд 30 хүүхэд суралцаж байгаа, 200 суудалтай соёлын төвүүд нь хоосон гандаж байгаа. Тэр хэрээр төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй болж, Монголын хөгжлийг хойш татаж байгаа. Хэрэв бид өнгөрсөн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаа үр дүнтэй хийж, хөгжлийн зөв бодлого явуулсан бол эсрэгээрээ орон нутагт ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэх нь ашигтай, боломжтой болсноор төвлөрөл саарч, орон нутгийн иргэдийн нуруу тэнийж, амьдрал цэцэглэх байсан. Тэгэхээр хөгжлийн гол чөдөр тушаа нь сонгуулийн мажоритар тотолцоо, түүнийг улайран хамгаалагч, өөрсдийн эрх мэдэлд хүрэх, оршин амьдрах үндэс гээд тооцчихсон авлигач, хуучин улстөрчид байгаа биз.


Онцлох нийтлэлүүд