ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2020.03.12 11:03

Европоос АНУ-д ирэх бүх нислэгийг хориглох шийдвэрийг гаргалаа


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн дэгдэлтийн эсрэг авах арга хэмжээнүүдээ Цагаан ордон дахь албан тасалгаанаасаа нийт америкчуудад танилцуулжээ.

Covid-19 вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор энэ Баасан гарагаас эхлэн Европоос АНУ-д ирэх бүх нислэгийг 30 хоногийн хугацаатай зогсоох шийдвэрийг тэр танилцуулсан байна.

Ингэхдээ Их Британи улсыг онцгойлон хоригийн гадна үлдээжээ. Дональд Трамп нь коронавирусийн аюулыг үл ойшоож байсныхаа төлөө олон нийтэд нэлээд шүүмжлүүлж байсан юм. Тэгвэл тэр энэ удаа ийнхүү эрс хатуу арга хэмжээ авсан байна.

“Бид холбооны засгийн газрын болон хувийн хэвшлийн бүх хүч чадлыг Америкийн иргэдийг хамгаалахад зориулж байна. Энэ бол орчин үеийн түүхэнд гадаад орноос гаралтай вирусийн эсрэг тэмцсэн хамгийн иж бүрэн, хамгийн дайчин арга хэмжээ юм” гэж Трамп мэдэгджээ.

Өнөөдөр АНУ-д шинэ коронавирусийн халдварын 1,281 тохиолдол бүртгэгдэж, 37 өвчтөн нас бараад байна. Дональд Трамп хэлсэн үгэндээ Европын орнуудыг АНУ-д Covid-19 вирусийг тараасан гол буруутан гэж шүүмжилжээ.

Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд коронавирусийн гамшгийн нөлөөгөөр түүхэн доод хэмжээндээ хүртэл унасан билээ. Тэгвэл Трамп вирусийн халдвартай иргэдийн болон хохирол амссан аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлийг Сангийн яамандаа өгсөн тухай мэдэгджээ.

Онцлох нийтлэлүүд