ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.06.29 04:06

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск: Либерализм хоцрогдсон гэдэгтэй санал нийлэхгүй байна

"Их 20"-ийн орнуудын 14 дэх удаагийн чуулган Японы Осака хотод болж байна.

Чуулганы эхэнд “Их 20”-ийн удирдагчид хоёр болон гурван талт уулзалтууд хийлээ.

Их 20-ийн уулзалтыг нээж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "Чөлөөт худалдаа нь энх тайван, хөгжил цэцэглэлтийн суурь" гэж мэдэгджээ. Ингэхдээ "Протекционист бодлогоор хариу арга хэмжээ авах механизм нь үр ашиг багатай" гэж анхааруулан хэллээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин мөн “Дэлхийн дижитал эдийн засгийн хүрээнд зах зээл шударга, үл ялгаварласан орчныг бүрдүүлэх хэрэгтэй” гэж уриалж байна. Чуулганыг зохион байгуулагч Япон улс "Osaka Track" санаачилга дор цахим аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд цахим худалдааны дүрэм журмыг бий болгохыг зорьж байна.

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Тэрбээр "Удахгүй болох АНУ-ын сонгуульд битгий нөлөөлөөрэй" гэж уулзалтын эхэнд хошигнож амжсан аж. АНУ ОХУ-ыг 2016 оны сонгуульд нөлөөлсөн гэж буруутгаж байгаа ч ОХУ үүнийг үгүйсгэж ирсэн юм. Энэ удаагийн чуулганы үеэр АНУ-БНХАУ-ын “Худалдааны дайн”, Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэл болон Ираны асуудал анхаарал татаж байна. Чуулган бямба гарагийг дуустал хоёр өдөр үргэлжилнэ.

Мөн энэ үеэр Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск “Либерализм цаг үеэ өнгөрөөсөн гэдэгтэй би яасан ч санал нийлэхгүй. Европчууд бид либерал ардчиллын төлөө энд байгаа. Хэрэв либерал ардчилал үеэ өнгөрөөсөн, эрх чөлөө хуучирсан гэж байгаа бол хууль дүрэм, хүний эрх бас хуучирсан. Европт эдгээр нь чухал үнэ цэнэ, ийм байсаар ч байх болно. Харин авторитар дэглэм, хувийн шүтээн, олигархал зэрэг нь магадгүй заримдаа үр дүнтэй байж болох ч үнэхээр хоцрогдсон. Авторитар дэглэм, олигархал үеэ өнгөрөөсөн” хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинны саяхан “Finantial Times” сонинд өгсөн ярилцлагатай холбоотой гэдэг нь харагдаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ярилцлагынхаа үеэр “Либерализм бол аль хэдийн хоцрогдсон. Учир нь барууны улсуудын ард иргэд ихэнх нь үүнийг эсэргүүцэж байна” гээд Германы канцлер Ангела Меркелийг Ойрх Дорнодын дүрвэгчдийг хүлээн авч, либерализмийг дэмжиж байгаа нь маш том алдаа хэмээн хэлсэн билээ.

Онцлох нийтлэлүүд