ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.03.31 12:03

Ертөнцийг хавар мэт шинэтгэх найргийн гэрэлт өдөр өө...

Оросын их зохиолч Ф.М.Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн удаатай. “Яруу найраг ертөнцийг аварна” гэж яруу найрагч Гүн Аюурзана эшлэх дуртай. Монгол түмний оюун сэтгэлгээнд яруу найрагчдын гэрэлт мөр шад дурайсаар байдаг нь сайхан. Ванчинбалын Гүларансын

“Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт

Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил

Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад

Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмой” гэж “Сайхан хүмүүн” шүлэгтээ өгүүлсэн нь сэтгэлийн дотор бүсгүй ертөнцийн гайхамшгийг мэдрүүлэн байдаг билээ л. Явуугийн “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би”, дорнын их найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, Эрээнцавын Нямсүрэнгийн “Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм. Дэргэд нь усны хөх ванн байсан юм”, Ванхүүгийн Батбаярын “Юутай сайхан бэ, эжийн минь өгсөн ертөнц” зэрэг алдарт шүлгүүдийг уншаагүй, сонсоогүй монгол хүн байдаг гэвэл өвсөнд зүү хайхаас хэцүү. Нямбуугийн Нямдоржийн

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг

Зүрхний их хулгайч юм

Олон эрсийг шаналгах

Сэтгэлийн тулалдааны талбар юм

Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс хойно нь болоход

Ерэн ес нь шархална” гэсэн шүлэг бий. Нэг л сонсоод чихэнд хоногшдог эгшиглэнт ийм мөрүүдээр Монголын яруу найраг хэзээд дуташгүй буюу. Мөнгөн бахал нь салхинд хийсэх шиг хөнгөн халуун сэтгэлт найрагч Ламжавын Мягмарсүрэнг

“Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам” гэж уншихад мянгантаа сонссон ч уйдсан хүнийг би найрагчдын ертөнцөөс олж хараагүй. Ерээд онд “Зүс бүгэг андууд”-ын Баатархүүгийн Пүрэвсүрэн ахын “Шулга хархан нүдийг чинь санахын цагтаа яанам бэ...” гэсэн мөрийг бодох бүр л нэг л гэгээхэн мэдрэмж төрдөг сөн. Өмнө нь өчнөөн л найрагч нүдийг янз бүрээр магтан дуулаа биз ээ. Гэлээ ч “шулга хар нүд” гэхэд л сэтгэлд гунигтай ч юм шиг, баясгалантай ч юм шиг хэлэхийн аргагүй догдлол үелзэл амилна.

Тэнгэр зүг халгин одсон Урианхайн жонон Хөөдөө Эрдэнэбаатар андын минь

“Урианхайн хөх уулс гэрлээр давалгаалж

Умрын салхиар хавар тэнүүчилсэн

Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд

Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй

Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх

Зэрэглээ тэнд хаялга болж чадахгүй...” гэсэн халгиа мөрүүд ямархан яруу сонстном билээ дээ. Түүний “Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад минь

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

Хацрынх нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа мэт бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг минь зүүдлүүлж орхино” гэсэн шүлгийг ерээд оны олон найрагч анд нь цээжээр уншдаг сан.

“Уудам лаа түнгийн оройгоор

Уйтай лаа шашраа татна аа...” гэж дуулсан тэрээр униартагч ертөнцийг уянга дуугаараа сүлээд оджээ. Цэл залуухан насандаа Жан шамбалын орноо заларсан намуун тунгалаг найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил маань

“Хаалга задгай Шамбалын

Хаанаас нь ч орж болно.

Харанхуйд гэрэлтэгч дэнлүү шиг

Гэгээн болоод тодорхой” гэсэн ариун шид увдисыг өнөө чухам хэн тайлан чаднам. Дашбалбар найрагчийн баруун гарын шүлэгч шавьд тооцогддог Говь-Алтайн Хөхморьтын Дашдондовын Цогбадрахын

“Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана

Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би” хэмээх гайхамшигт мөр эдүгээ Шүлэг уулын хөх салхинаа гэрэлтэн бий.

“Охидын инээд сар адил мөнгөлөг гялалзах

Ойрадын шилтгээн-Ховдын цэцэрлэгт би ургаж явсан

Улиасны мөчрөөс соёолж хэдэн хаврыг ширтээд

Уйдангуй эгшгийн хатан сүйх шиг тасарч хийссэн

Өөр модон дээр хээнцэр бүсгүй цэцэглэдэг байсан

Өчнөөн шувуу жиргэлдэн үүрээ засах гэдэг байсан

Өнгө бадрангуй наран цагийн хаш элгийг дэвтээх

Өнцгий нь урж зажилсан бадгууд минь түүнд очдог байсан” гэсэн яруухан бадагсыг бичсэн Малиг баяуд сэтгэгч найрагч Төрийн Баянсанг ямархан хүн яруу шүлэгч биш гэж маргах билээ. Хонгор нутгийн Өлзийтийн суурингийн хүү, Ламын гэгээний найрагч Цэндийн Доржсэмбийн “Цас бороо” шүлгийг өнөө үеийн утга зохиолын хүрээний гэрэлт охид хөвүүд найрал өнгө хоршуулж

“Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна...” гэж уншихад “хүйтэн өдрийн турш ганцаардсан” найрагч хөлчүүхэн, турьгүй намхан биеэ найгуулан ганхаж зогсдог нь тэнгэрийн зараалын учир биз ээ.

“Гоо сайхан гэдэг энгийнээр

Хорвоо бид хоёрын дундын өмч юм

Гоо сайхан гэдэг эцэстээ

Хайр гэдэг үгний өргөмөл охин юм” хэмээн тансагхан бичдэг Лхамсүрэнжавын Ганзулыг

“Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч

Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхэлнэ

Арслангийн омгоор дүрэлзэх зориг надад байлаа ч

Аав л ээжийнхээ амьдад үхэж үл зүрхэлнэ” гэж уншихад хэн түүнийг авьяасгүй хэлж зүрхэлнэ. Хэлж зүрхэлсэн нэгэн хээгүй тэнэгт үзэгднэм зээ. Хөвсгөл буйдхан нутагтаа аж төрж хаврын хаварт шинэхэн номтойгоо хамт аяны шувуу шиг айсдаг Пүрэвжалын Майнбаяр гэж гэрэлт нэгэн найрагч бий.

“Жижигхэн нахиа өөр ертөнцөөс яаран ирээд

Жирийн л моддыг яруу сайхнаар хучнам

Хар турлиахнуудын шаагилдаан

цав цагаан цагираг үүсгээд

Нугын дээгүүр эргэлдэхэд

Нууцын гүнд нулимс өнхрөөд,

Хавар болмуй” Энэхэн дэлхийг шинэтгэгч хаврыг тэр ингэж мэдэрч. Авьяас төгөлдөр монгол найрагчдын ай уянга хэзээ ч тасрашгүйг Сайнжаргалын Начин найрагчийн

“Орчлонгийн захад хүрэх гээд жигүүр нь цуцсан хүлгийн

Омруун дээр гэрэлтэх толионд хүслээ живүүлэхсэн”,

“Бид мэдэрдэг юм

Мод биш ч

Бичсэн, зурсан, урласан

Мөр бүхнийхээ цаасны амийг нөхөх гэж!

Эх дэлхийнхээ хэвлийд шингээд

Эргэж төрөхдөө өөрөөсөө үй олон ой төрүүлнэ гэдгээ” гэх гэгээн утгат уянга юутай сайхан гээч. Дагийраазын Нямдорж хэмээх даруухан найрагч залуугийн “Одод живчихжээ

Огторгуйн цээлд

шувууд л сэлнэ” гэсэн “ХИЯН” шүлгийг унш даа. Хэний ч илэрхийлээгүй яруу найраг энэ биш үү.

Од, сарыг найрагч бүхэн л магтан дуулсан. Тэгвэл Ш.Хатанбүүвэйбаатар

“Од оддын бэлчирт

Нэгэн нуур байдаг

Урьдын адил туулай сэлсээр л...” гэж дүрсэлсэн буй.

Энэ цагийн уянгат гэгээн найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш

“Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд сүүдрээ нууна

Үгүй ээ...

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд сүүдрээ хайна

Үгүй ээ...

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд тэнгэрээс бууна

Үгүй ээ...

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувуудын далавч

Харанхуйг үл даана

Тийм ээ...

Тэнгэрийн мөн чанар үнэндээ

Тийм хүнд” Энэ бол жинхэнэ монгол философи, жинхэнэ монгол найраг.

Яруу найрагч Энхбаатарын Энхболдын оюутан ахуйдаа ээжийгээ санахдаа бичсэн

“Үрээ гэсэн эхийн сэтгэл уул юм билээ

Ижийгээ санасан хүүгийн бодол тал юм билээ

Бие биедээ тэмүүлэх итгэл нь мөрөн юм билээ

Ижий бид хоёр эх орон юм билээ” гэсэн мөр сэтгэлд нэг л дотно байдаг. “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн найрагч бүсгүй Батсуурийн Баясгалангийн

“Хамгийн сүүлд хэзээ уйлснаа чамд хэлэхгүй

Хашааны завсраар яралзах нохойн шүд шиг эрэмгий өдрүүд

Харван дүүлж айсуй ирээдүйгээс

Харин чи бүү ай, ирээгүйгээс...” гэх нь ямархан уншигдана, танд.

Давхардаваагийн Гансаруул гэх этгээддүү зантай ч гэмээр энхрий нэгний “Цоргоноос цацарсан далай минь

Шүршүүрхэн минь!

Зуныг, бороог санагдуулсан усан минь

Санамсаргүйгээр савж унах

Үхлийн шалтгаан минь.

Шалдан агаад хөрсөн бие дээр минь

Тасралтгүй үнэнчээр цутгах хур билээ л, чи

Шүршүүрхэн минь!

Чи миний аадар.

Над дээр тасралтгүй үнэнчээр цутга!” гэх мөн нарийн мяндсан мэдрэмж дээ. Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Балдоржийн Алтанхуягийн

“Үргэлжлэл нь эхлэл болдог гэдгийг ойлгох

Үгсээр мэс урлах шиг өрөөсгөл санагдахуй

Хаягдаж хоцорсон мэт мэдрэмжийнхээ ачаар л

Харьж гэртээ ирсэн халамцуу бие минь...” гэхийг унших ямархан байна. ...

“Аяа, ядаж ялаа нисээсэй!

Ай, энэ нулимс хашгирч унадаг ч болоосой!” Яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа ганцаардал гунигийг юутай зэвүүн, хичнээн гиюүтэй “хашгирсан” байна даа? Ай, яруу найраг гэж хүний сэтгэлийн уй гуниг, яруу баяслыг илэрхийлэгч мөнхийн жигүүр минь дээ. Эрхэмсэг гэгээн уншигчдадаа Дэлхийн яруу найрагчдын өдрийн мэндийг хүргэж, яруу найрагч Я.Баяраагийн

“Дүүрэн сархдыг дундуур аягалаад

Үүрэн гэлдэрсэн гунигаа сэгсэрье

Үхэж дуусдаг нь амьдралын жам

Үхэшгүй мөнх нь бидний зам” гэсэн шүлгээр эл бичвэрээ өндөрлөе дөө!

Ямагт биднийг ариусгадаг яруу найраг мандтугай!


Онцлох нийтлэлүүд