ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.06.19 04:06

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хөрөнгө чинээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас мэдээлжээ.

Х.БАТТУЛГА 26 КОМПАНИД ХУВЬ ЭЗЭМШДЭГ

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын жилийн орлого 130 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого нь 31 сая төгрөг байна. Харин хадгаламждаа таван сая төгрөгтэй гэж мэдүүлжээ. Тэрбээр Лексус 570 маркийн машинтай, 12 саяар үнэлэгдэх нэг адуутай, 35 сая төгрөгийн үнэтэй нэг хөөрөгтэй гэжээ. Түүнчлэн 912 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, өмчлөх эрхтэй 384 м2 талбай бүхий газартай юм байна.

Х.Баттулга “Мах импекс” ХК, “Женко Тур Бюро” ХК, “Талх чихэр” ХК, “Баянгол Зочид буудал” ХК, “Баялгийн хувь” ХК, “ХИД” ХК, “Вебсофт” ХХК, “Ай Номадик” ХК, “Өүпэнспейнс” ХХК, “Наранбаянбүрд хоршоо”, “Баян Игрийт” ХХК, “Их Монгол Чага Интернэшнл” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Түмэнхишигтэн” ХХК, Монголын Ардчилсан холбоо, Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын Жүдо бөхийн ордон сан, Их Майдар сан, Монголын Жүдо бөхийн академи, Монголын малчдын холбоо, Олон Улсын Жүдо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл, Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо зэрэг 26 компанид хувь эзэмшдэг байна.

М.ЭНХБОЛД ЕСӨН ХӨӨРӨГТЭЙ, 300 АДУУТАЙ

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд жилийн 91 сая төгрөгийн орлоготой. Харин хадгаламждаа 483 сая төгрөгтэй, гэр бүлийн нийт орлого нь 117 сая төгрөг гэнэ. М.Энхболд “Ланд круйзер” маркийн нэг машинтай, хурдан удмын 60 нийтдээ 300 адуутай, эдгээр нь нийт 90 сая төгрөгөөр үнэлэгдэх юм байна. Түүнчлэн 290 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр эмээл, есөн хөөрөгтэй, нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, хувийн эзэмшлийн байшинтай, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1300 м2 газартай ажээ. Нэр дэвшигч М.Энхболд мөн “Говь” ХК, “Зоос гоёл” ХК, “Авто импекс” ХК, “Зоос банк” ХК, “Женко Тур Бюро” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Технологийн дээд сургууль” гэсэн долоон компаниад хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

С.ГАНБААТАР “ПРИУС” МАРКИЙН НЭГ МАШИНТАЙ

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын жилийн орлого 22 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 105 сая төгрөг бол хадгаламждаа 36 сая төгрөгтэй. Тэрбээр “Приус” маркийн нэг машинтай, 35 саяар үнэлэгдэх 60 хонь, хоёр адуу, 47 үхэртэй гэжээ. 17 саяар үнэлэгдэх хөөрөг, мөнгөн хазаар, хэт хутга тус тус байгаа аж. Мөн 80 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, эзэмших болон өмчлөх газаргүй гэжээ. Нэр дэвшигч С.Ганбаатар “Баршим” ХХК-д хувь эзэмшдэг юм байна.

Гурван нэр дэвшигчдийн хувьд ямар нэгэн өр зээлгүй, авлагагүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

Онцлох нийтлэлүүд