ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.07.12 09:07

Ерөнхийлөгч Х.Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс цэцэглэн хөгжих болтугай

Монголын тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмыг хааж Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Тэрбээр, “Хүчит бөхчүүд шавж дэвсэн сайхан өдрүүд наадмын түрүү магнайг бүх төрлөөр тодруулснаар өндөрлөлөө. Монгол наадмыг жил тойрон тэсэн ядан хүлээж, хөлс хүч, ухаан самбаагаа бэлдэж оролцсон бүх наадамчдадаа баярлалаа. Та нарын нөр их хөдөлмөр, уламжлал, соёлоо дээдэлсэн ариун сэтгэл спортод шимтэх дур сонирхолд тань Монгол наадам оршиж, дэвжин дэлгэр байдаг юм. Наадмыг үзэж сонирхсон, дамжуулж мэдээлсэн, дэмжиж уухайлсан бүх хүнд амжилтыг ерөөе. Энэ цаг үед эх орондоо байхгүй ч алсаас интернэт, телевизээр үзэж сонирхсон, наашаа чих тавин хамтдаа наадаж, дэмждэг бөхөө даган өндөлзөж, хурдан хүлгүүдээ харан огшиж суусан гадаад буй монголчууд, тархан суурьшсан монгол үндэстнүүддээ баярлалаа гэж хэлье. Монгол наадам бол бүх монгол үндэстний соёлоос гадна анхаарлыг нь энэ хэдэн өдөр Монгол Улстай, Нийслэл Улаанбаатартай хүлж чаддаг цөөхөн зүйлсийн нэг юм. Энэ бол монгол бидний нэгдэн нягтрах, дээдлэн сүслэх үнэт зүйлсийн нэг. Бидний үнэт зүйлсийг хүндэтгэн Монгол оронд цаг заваа зориулан ирж наадмыг үзэж сонирхсон гадаадын зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсье. Монгол наадам өндөрлөж байна. Ирэх жилийн наадмаар ахин баяртайгаар уулзацгаая, наадацгаая. Ивээлт наран мэт сайн үйлс дэлгэрсээр хамаг бүхэн гийх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс цэцэглэн хөгжих болтугай” хэмээлээ.

Ийнхүү Монгол Улсын Төрийн тугийг төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу заллаа.

Э.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд