ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.24 06:06

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Жемил Чичек бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Турк улс /БНТУ/-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек бараалхлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд хоёр орны харилцаа сайн хөгжиж байгааг дурдаад Монгол Улс гадаад бодлогодоо Турк улсыг гуравдагч хөршөө хэмээн үзэж харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байдгийг тэмдэглэлээ. БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек тус улсын Ерөнхийлөгч Абдулла Гулийн чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжуулав.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой удахгүй тохиох гэж байгааг Туркийн Үндэсний Их Хурлын дарга дурдаад Монгол Улсын зүгээс тус улстай тогтоосон харилцаанд гуравдагч хөршийн бодлогын үүднээс чухал ач холбогдол өгч ханддагт талархал илэрхийлэв. Үүнээс гадна эртний өв соёлын түүхэн уламжлалаар хоёр орон холбогдож байдгийг тэмдэглэсэн юм.

Хоёр талын хооронд байгуулсан 100 орчим гэрээ, хэлэлцээр байдаг нь Монгол, Туркийн харилцаа хэрхэн өндөр түвшинд хөгжиж буйг харуулж байна гээд цаашид эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарах болно гэлээ. Агаарын тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монголоос Туркт оюутан сургадаг уламжлалыг цаашид үргэлжлүүлэх, Туркийн хөгжлийн туршлагаас хурдацтай хөгжиж буй Монгол Улстай хуваалцахад бэлэн байгаа зэрэг сэдвийг мөн хөндөн ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны улс төрийн дээд түвшний тогтмол сайн харилцаа хадгалагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны эртний түүхэн уламжлалт харилцааг хүндэтгэж явдгаа онцлов. Мөн 2005 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Туркийн Ерөнхий сайд Т.Эрдоаны Монголд хийсэн айлчлалын үеэр хамтдаа Орхоны хөндийн цогцолборыг нээж, Хөшөө цайдамын замыг хүлээж авч байснаа дурслаа.

Туркийн зах зээлд хэрэгтэй, Туркээр дамжиж өөр зах зээлд гаргах боломжтой бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх боломжийг хамтран хайх талаар уулзалтын үеэр дурдаж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа Туркт Монголоос оюутан сургах харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа сайн байгааг тэмдэглэв. Орон сууц, барилгын салбарт Монгол Улсын Засгийн газар Туркийн талаас зээл авах ажлын талаар мөн хөндөж байв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таны энэ айлчлал хоёр орны түүхэн харилцааг шат ахиулахад чухал ач холбогдолтой байх болно” гээд Турк улсын Ерөнхийлөгч Абдулла Гульд чин  сэтгэлийн элэгсэг, халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг  БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргаас хүслээ.

Онцлох нийтлэлүүд