ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.06.26 01:06

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгад боломж байсныг сануулав

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд түүнд “Женко”-д үглэж дуулах юм бишгүй байсан бололтой. Сэтгүүлчдийн нүдэн дээр төрийн тэргүүн Х.Баттулгыг буруушаахын зэрэгцээ “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг өөрийнхөөрөө залруулахыг хичээсэн байж магадгүй. Юутай ч Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгийг чимээгүй сонсч, суусаар үлдлээ. Тэр сэтгүүлчдийг өрөөнөөс гартал Ерөнхийлөгчийн үгийг хүлээж авч байгаа эсвэл эсэргүүцсэн  ямар нэг  үйл хөдлөл хийсэнгүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээж авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч байна. Учрыг нь мэдэхгүй зарим хүн яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч, хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхэлбэл хэн салгах юм, УИХ-ын гишүүд очиж салгах уу...

...Улс төрд сайн соёл төлөвшиж байсныг өөрөө эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүйг бид мэднэ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуус үзэж харж байгааг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, айлын хойморт “цус шинжлээд” сууж болохгүй. Зарим нь бодож болох юм, ганц нэвтрүүлэг хийгээ л биз гэж. Гэвч ийм биш юм. Үр дүн нь эерэг биш юм...” гэв.

Ерөнхийлөгч “Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой. Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий. Ямар улс руу гаргаж байгаа тэр улсынхаа царигийг тавина гэсэн... Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг. Хөдөлшгүй үнэн бол хөрш гэдэг. Аль аль талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгээд, дээд хэмжээнээс эхлээд бүхий л түвшинд харилцаагаа үргэлжлүүлж байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой” гэлээ. Тэрбээр мөн Х.Баттулгын хэрэгжүүлж байгаа том бодлогыг нь дэмжинэ. "Түмэн хишигтэн", "Майдар" гээд сайхан ажлыг нь дэмжиж ч байгаа” гэдгээ ч хэлэхээ мартсангүй.

Мөн уулзалтыг дамжуулж буй хэвлэлийнхэнд хандан “Олон нийтэд юм үзүүлнэ гэдэг хариуцлага. Тэр янз бүрийн нэвтрүүлэг хийгээд байгаа хүмүүс нэр алдраа бичих хэрэгтэй. Үнэхээр эх орончид л юм бол хэн юу хийж, хэн зохиолыг нь бичсэн гэдгээ мэдэгдэх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр энэ бүхнээ хэлчихээд “За би ийм л юм хэлэх гэсэн юм. Та бүхэнд баярлалаа” гэснээр сэтгүүлчид өрөөнөөс гарах хэрэгтэй болов. Х.Баттулга гишүүн харин суусаар үлдлээ. 

Онцлох нийтлэлүүд