ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.05.29 11:05

Ерөнхий сайдуудын ердийн биш хувь тавилан

Монгол Улсын түүхэнд одоогоор 30 Ерөнхий сайд тодроод байгаа. Тэдний хувь тавилан үнэндээ ээдрээтэй, эмгэнэлтэй. Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдрал, эрх чөлөөний төлөө зүтгэснийхээ шанд зарим нь цаазлуулсан юм. Сүүл үеийн Ерөнхий сайдуудын хувь тавилан бас л ердийн биш. Нам нь, журмын нөхөд нь огцруулсан, намаасаа хөөгдсөн, тэгээд шоронгийн хаалга татсан ийм л ижил дүр зураг харагдана. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан Агданбуугийн Амар Орост цаазын ял сонсож, буудуулахынхаа өмнө хэлсэн юм гэдэг. Өнөөдөр ч гэсэн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр эрхэм шоронд тарчилж сууна.

Тэд эдийн засгийн амаргүй хүнд нөхцөлд том төслүүдээ зориг гарган хөдөлгөж, ард иргэдийн ахуй амьдрал, улс орны хөгжил дэвшлийг өөд татсаныхаа хүчинд хоригдол болчихоод тамаа эдэлж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарын Оюу толгойн гэрээний үр шимээр хоолтойгоо залгасан ард иргэд тэр хоёрыг хамгийн муу муухайгаар хэлж, шавар шавхайтайгаа хутган бах таваа хангаж сууна. Ч.Сайханбилэг Орос, Хятад хоёр хөршөөсөө давж Америктай, барууны орнуудтай найзархан сүжирсэнийхээ горыг ийнхүү амсаж, хатуу цээрлэл хүлээсэн. Ер нь Монголын төрийг удирдсан хүмүүс Орос, Хятадын үгнээс зөрөх л юм бол толгойгоо тасдуулдаг бичигдээгүй хуультайг Ерөнхий сайдуудын хувь тавилан гэрчилнэ. Ингээд Монгол төрийг удирдаж ирсэн үе үеийн Ерөнхий сайдын үүх түүхээс эргэн сөхье.

Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн. 1912 оны долдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилогдож 1919 он хүртэл долоон жил ажилласан. 1913 онд Санкт-Петербургт айлчлах үеэрээ нэгдсэн Монгол Улсыг байгуулах саналаа оросуудаар дэмжүүлэхийг оролдож Орос, Хятадын хэлцээрээр Ар Монголыг Хятадын нэг хэсэг гэснийг хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Уг асуудалд дэмжлэг олохоор АНУ, Япон, Франц, Английн элчин рүү бичиг илгээж байв. Тэрээр Дундад иргэн улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг хатуу эсэргүүцсэн нэгэн. Хятадаас салан тусгаарлах гэж оролдсоныхоо хүчинд огцорсон байдаг. Хятадын цэрэг нийслэл хүрээг эзэлсний дараахан буюу 1919 оны дөрөвдүгээр сард Намнансүрэн хорлогдон 41 насандаа нас барсан юм. Намнансүрэнгийн дараа Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайдын албыг Эрдэнэ шанзудба Да лам Гончигжалцангийн Бадамдорж хашсан. Монголын тусгаар тогтнолд гарамгай гавьяа байгуулсан ч Автономит Монгол Улсыг устгах гэрээнд гамингийн генерал Сюй Шүжаны сүрдүүлгээс болж гарын үсэг зурснаараа гавьяагаа харлуулсан нэгэн гэгддэг. Ерөнхий сайдын албыг ганцхан жил хашаад 1920 онд чихрийн шижин оноштойгоор учир битүүлгээр нас баржээ.

Жалханз хутагт Содномын Дамдинбазар. Барон Унгерний морин дивиз нийслэл хүрээг гамингаас чөлөөлөн Богд хаант Монгол Улсыг дахин сэргээн мандуулахад буюу 1921 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд Богдын зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Хорин гурван онд учир битүүлгээр нас барсан. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дамбын Чагдаржав 1921 оны гуравдугаар сард Ардын түр Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайдаар ажилласан. Түүнээс нэг сарын дараа буюу хорин нэгэн оны дөрөвдүгээр сараас Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдөж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдсон байна. Чагдаржавын оронд Ерөнхий сайд болсон хүн нь мөн анхны долоон хувьсгалчийн нэг гэгдэх Догсомын Бодоо. Монголын улс төрийн нэртэй зүтгэлтэн зохиолч, нийтлэлч тэрээр 1922 оны наймдугаар сарын 31-нд Чагдаржавынхаа хамт эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулгагдан буудуулсан юм. Д.Сүхбаатар гэдэг цэргийн жанжин, Монгол ардын нам хоёр Ардын намын түр засгийн Ерөнхий сайд Чагдаржав, Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоо нарыг цаазалсан. Тэднийг Д.Сүхбаатар цаазлахдаа Бароны засгийн газрын Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржийн цэргийн яамны сайд Цэвээн, гүн Тогтох, тайж Дэндэв нарын 15 хүний хамт Шар хаданд аваачиж буудсан байдаг.

Монголын Автономитыг устгах гэрээнд шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан хүний нэг гэгддэг Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж 1923 оноос Ерөнхий сайдаар ажилласан. 1928 онд өвчний улмаас гэх тодотголтой нас барсан. 1930 онд Ерөнхий сайдаар томилогдсон Цэнгэлтийн Жигжиджав 1933 онд гэртээ учир битүүлгээр нас барсан. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын төлөө эрслэн тэмцээд эцэст нь Орост буудуулж цаазлуулсан хоёр Ерөнхий сайд бол мэдээж Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн нар. Гэндэн 1932 оноос Ерөнхий сайдаар ажилласан. Тэрээр Моксвад Сталинтай уулзах үедээ улс орныхоо эрх ашгийг тэргүүн тавьж, улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулж хэлсэн байдаг. Зөвлөлтийн дээрэнгүй үзлийг “улаан имперлиазм”-тэй зүйрлэж хэлсэн ч гэдэг. Ингэж өөрийнхөө хар толгойг авхуулах ажлаа хийжээ. Сталин “Гэндэн Чингис хаан болохыг хүсч байна” гэхэд “Гүрж Сталин Оросын хаан байхад монгол Гэндэн яагаад Монголын хаан байж болдоггүй юм” гэж хэдэрлэсэн ч гэдэг. Ийн хэлснээрээ тэр Сталинд “Чингисийн гөлөг” хэмээн дуудуулж 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч 1937 оны долдугаар сарын 10-нд эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагджээ. Хамгийн зэвүүн нь Гэндэнг 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу Монголын тусгаар тогтнолын ойн өдрөөр буудаж хөнөөсөн байна.

Тэгвэл Амар сайдыг 1941 оны долдугаар сарын 10-ны өдөр цаазаар авах ял тулгажээ. Оросын дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Амар “Би бол хэрэгтэн биш. Бүгд найрамдах Монгол ард улс тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм. Би Монголын ард түмэндээ хайртай, Оросын ард түмэнд элэгтэй. Харин улаантан тэдний засагт дургүй” гэж хэлсэн байдаг. Ардын хувьсгалын 20 жилийн баяр наадмаар цаазын ял сонссон Амарыг долдугаар сарын 27-нд Москвагийн “коммунарка” хэмээх хороох газар буудан хороожээ.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээнэ гэж үздэг. Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. Тувагийн тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан алгадсан гэдэг дам яриа ч бий. Монголын төр засгийн нэр нөлөө болсон хүмүүс улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал гаргахад тэрээр илт дургүйцсэн гэдэг. “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо та нарт үлдээв” гэсэн түүний гэрээс бий. Хорин хоёр мянган иргэнийхээ алтан амиар энэхүү тусгаар тогтнолыг авч үлдсэн. Тэрээр 1952 оны нэгдүгээр сарын 26-нд Москвад нас барсан. Чойбалсан нас барсны дараагаас Монголын төрийг дөч гаруй жил удирдсан хүн бол Юмжаагийн Цэдэнбал. 1952 оноос 1974 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан. Наян дөрвөн онд түүнийг хөгшрөлт, оюуны доройтол гэх шалтгаанаар тэтгэвэрт нь гаргасан. Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ Монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Насан эцэслэх хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарч байсан. Эх орондоо ирэхээр ЗХУКН-ын төв хороо, Монголын элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй байдаг. Цэдэнбал 1991 онд Москвад нас барсан.

1974 оны зургадугаар сараас 1984 он хүртэл Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар Жамбын Батмөнх томилогдон ажилласан. Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг ардчиллын анхдагчид үнэлж дурсдаг. Тэрээр эгэл жирийн сэхээтний амьдралаар аж төрж байгаад 1997 онд нас барсан.

1984-1990 оны хугацаанд Думаагийн Содном Ерөнхий сайд байсан бол түүний албыг Шаравын Гунгаадорж авч хэдхэн сарын хугацаанд Засгийн газрын тэргүүнээр ажилласан юм. Харин Бүгд найрамдах Монгол ард улсын сүүлчийн Ерөнхий сайд нь Дашийн Бямбасүрэн. Ерэн оны есдүгээр сард уг албанд томилогдсон. Тэрээр 1992 онд “ху” намаасаа гарч ерэн дөрвөн онд Монголын ардчилсан сэргэн мандлын намыг байгуулсан. Бямбасүрэнгээс хойших буюу ерэн оноос хойших Ерөнхий сайдууд намаасаа гарсан, хөөгдсөн, нам нь огцруулсан, шоронгийн хаалга татсан гэх ээдрээтэй хувь тавилангийн эзэд болцгоосон юм. Нийгэм цаг үеийн шилжилтийн хамгийн ээдрээтэй үед засаг толгойлж байсан Бямбасүрэнгийн зам мөрийг манайхан сайн мэднэ. Харин Бямбасүрэн өдгөө төрийн дээд алба хашиж буй эрхмүүдийг элдвээр хэлсэн, улс орны эдийн засгийн гол хөшүүрэг том төслүүдийг жигтэйхэн шүүмжилсэн, ийм өвгөн болсон.

Бямбасүрэнгийн дараа Ерөнхий сайдын албыг Жасрай хийсэн. Засаг толгойлж байх хугацаанд улс орны хөгжилд түлхэц болохоор гавьтай зүйл хийгээгүй. Тиймдээ ч хэл аманд бага орж дөрвөн жилийн хугацаагаа дуусгасан. Харин сүүлд намынхаа хурлын үеэр нас барсан. “Намынхаа залууст сүрхий шүүмжлүүлснээсээ болоод өнгөрчихлөө, хөөрхий минь” гэх яриа гарч байсан.

Ерэн зургаан онд ардчилсан холбоо эвсэл анх удаа засгийн эрх барьж Ерөнхий сайд нь Мэндсайханы Энхсайхан болсон. Гэвч түүний Засгийн газрыг хоёр жил болгоод намынх нь нөхөд бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Энхсайхан дараа нь намаасаа гарч Үндэсний ардчилсан нам хэмээх шинэ намыг байгуулсан. Одоо Баабарын хэлдгээр Жамух болчихоод явж байна. Сайханбилэгийн Засгийн газарт Таван толгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюу толгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцсан сайд байсныхаа хүчинд “ганц худаг”-т суухад бэлэн байгаа. М.Энхсайханы дараа Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоод ердөө таван сарын дараа огцорсон. Банк санхүүгийн реформ хэмээх шинэтгэлийг хийснээрээ буруудаж Ардчилсан нам дахь “Элсний 13” бүлэг сөрөг хүчин МАХН-тай эвсэн түүний засгийг унагасан юм.

Элбэгдорж Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан нэгэн. 2004 онд их эвслийн Засгийн газар байгуулагдахад Элбэгдорж тэргүүлсэн.

Гэвч Энхсайхан, Наранцацралт тэргүүтэй нөхөд намаасаа урваж түүнийг огцруулсан. Мөн Элбэгдоржийн авлигатай тэмцсэн нь алдаа болсон гэдэг. МАХН-ын булхай луйвар, авлигалыг илчлэх гэж тэмцсэнийхээ хүчинд тэр огцорсон юм.

1996-2000 оны хоорондох Ардчилсан намын засаг барих жилүүдэд Засгийн газар гурван удаа огцорч дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзсэн. Тэдний хоёр нь Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар. Наранцацралтыг намынх нь нөхөд сөрөг хүчинтэйгээ нийлээд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар огцруулсан. Ерөнхий сайд болонгуутаа Казиногийн хэргийг хөндсөн, өөрийн намын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлага тавьсан зэрэг нь Ерөнхий сайдын албанаас буух үндэслэл болсон гэдэг. Наранцацралт намаасаа гарч өөр нам байгуулан М.Энхболдын засагт сайдын алба хашиж байгаад 2007 онд автын ослоор нас барсан.

2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар Намбарын Энхбаяр ажилласан. Ху намаа удирдаж сонгуульд ороод 76 суудлаас 72-ийг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Энхбаярын хаанчлалын он жилүүд байлаа. Гэвч тэрээр төрийн тэргүүний албанаас буусныхаа дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр цагдан хоригдсон. Шүүхээс түүнд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоёр жил зургаан сарын ял оноосон. Төрийн бүхий л өндөр албыг хашсаныхаа хүчинд Энхбаяр ад шоо үзэгдэж, шоронд байхдаа муу муухай, бузар булай бүхний илэрхийлэл болсон. Өлсгөлөн зарлахад бөгс рүү нь албан шаардлагаар хүнсний тэжээл чихсэнээс аваад олон гутамшигт зүйл бий.

2006 онд Элбэгдоржийн их эвслийн Засгийн газрыг огцруулж Ерөнхий сайд болсон хүн нь одоогийн Их хурлын дарга Миеэгомбын Энхболд. Гэвч тэрээр жилийн дараа буюу 2007 онд огцорсон. МАХН-ын 25 дугаар их хурлаар түүнийг С.Баяр мөргөчихсөн. Тус хурлаар С.Баяр намын дарга ч болсон, Ерөнхий сайд ч болсон. С.Баярын хувьд 2008 оны “долоон сарын нэг”-ний аймшигт хар толботой сонгуулиар дахин Ерөнхий сайд болж хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч удалгүй эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн кабинетад Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Сү.Батболдод ажлаа өгсөн. Нэгэн цагт даргыг нь хийж, засгийг нь удирдаж байсан Ардын нам засгийн эрхэнд байгаа энэ цагт С.Баяр шоронгийн хоригдол болчхоод сууж байна. 2012 оны Их хурлын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж Норовын Алтанхуяг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд болсон. Түүнийг хоёр жил шахам ажиллуулаад журмынх нь нөхөд огцруулсан. Н.Алтанхуяг одоо Ерөнхийлөгчийн нөмөрт зөвлөх нэртэй дэн дун амь хоргодож байгаа. Түүнийг Ерөнхий сайд байхад ойр тойрных нь олон хүн шоронгийн хаалга татсан. Алтанхуягийн дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг Дубайн гэрээг хийж Оюу толгой төслийг явуулсныхаа шанд торны цаана сууж байгаа бол 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийг нэг жил ажиллуулаад л намынх нь журмын нөхөд огцруулсан. Ингээд 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсон. Монголын төрийг удирдаж ирсэн Ерөнхий сайд нарын хувь тавиланг өнгөцхөн харахад ийм байна.


Онцлох нийтлэлүүд