ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.10.13 04:10

Ерөнхий сайдыг сольсон жилүүд

Шинэ зууны эхний 27 жил өнгөрсөн түүхийн 27 жил Монгол Улсын тусгаар тогтнол, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хөгжил ямартай ч дэлхийн улс төр геополитикийн өөрчлөлтийн үр нөлөөг хангалттай амсаж, улс төрийн үзэл суртлын үр жимсийг идсэн жилүүд байжээ. 1932 онд Монголын түүхэнд ард түмний бослого хөдөлгөөн өрнөж, засаг төрийн эсрэг буу зэвсэг агссан. Учир юунд болов. Гэмгүй амгалан монголчуудыг хэн цочоов. Төр засаг цэрэг зэвсэг хөдөлгөн нухчин даржээ. Нутгийн нуурыг хүүрээр дүүргэж эр, эм, идэр залуусыг юунд хомроголон хядав. Хорьдугаар зууны дарангуйлагчдын дүр тэнд байсан гэдгийг санатугай. Улаан хувьсгалын үнэн дүрийг таньсан эгэл ард түмний бослого тэмцэл байв. Энэ тухай “ Ардын хувьсгалт засаг нь ард түмнээ түших явдал нэн чухал болохыг бид цөм мэдсээр буй. Тийн атал бүдүүлэг ард түмний хэр байдлаас хэтэрсэн, хүлээж үл болох элдэв зүйлийн догшин явуулгыг хэтэрхий хатуу шаардлагаар албадсанаас ард олны санал алдагдуулсан буюу хорсол төрүүлэхэд хүргэжээ” хэмээн намын төв хорооны гишүүн, хянан байцаах төв комиссын гишүүн, судар бичгийн хүрээлэнгийн дарга А. Амар хэлжээ. /хурлын эмхэтгэл: х75д15/

Улс төрийн нам бүлэглэл, фракц гээд элдэв өнгийн гадаад үгээр нэрлэх нь орчин цагийн хувцсаа сольсон худалчууд. Монголд үл тохирох гадаад хууль дүрэм журмыг мэдлэг боловсрол хэмээн ойлгох ухвар мөчид сэхээтнүүдийн хэрэгжүүлсэн бодлого өнөөдрийн арилжаа наймааны засаглал зуун жилийн өмнө ч байсаар л байсан. Шижээ, Бадрах, Банзрагч нар тэргүүлэн мөн намаас хол бүлгийг байгуулаад намын ерөнхий журмыг хамгаалсан этгээдүүдийг цохиж ирсэн болой. (хурлын эмхэтгэл:х191д7) гэж нэр нь үл мэдэх нэгэн гишүүн хэлжээ. Мөн тэр “КУВТ-ын сургуульд Маркс, Лениний суртлыг сурч ирээд мал маллаж байсан Гэндэнгээс доор намын дотор хагарлыг гарган бүлэглэж хэмээсэн нь “нам хийгээд намын дарга удирдагч нарын өнөөгийн дүр төрхтэй дэндүү адилхан нь гайхмаар. Америкийг сармагчлан дуурайгч цэнхэр тугтай скаутууд алдаа оноогоо ч ухаараагүй, алс хэтийн зорилгогүй авлигач атаман ах нар нам байгуулж, сандал ширээний төлөө зодолдож байна. Нэг сайхан зүйл нь өнөөдөр жагсах, донгосох эрх чөлөө хангалттай байгаад баярлууштай. Өнгөрсөн зууны гучаад оны улс төр, улс төрчдийн бодлогын золиос болж 60 мянга гаруй боловсролтой боловсролгүй, ард түмнээ хядсан түүхийг бид өнөөдөр хэлмэгдүүлэлт гэсэн албан ёсны нэрээр нэрлэн үр хүүхдэд нь буруугүй гэсэн бичиг өгч цагаатгал гэж нэрлэсэн.

Өнөөдөр шинэ зууны 27 жилд дэлхийн үзэл санаа номлогчдын хэрэгжсэн эс бөгөөс хэрэгжүүлж ч байгаагүй бодлогуудыг ард түмэндээ туршсаны үр дүнд малын бэлчээргүй, газрын баялгаа харийн компанид алдсан, татварын орлогоос өөр орлогогүй. Дэлхийн туйлын ядуу орнуудын тоонд орсон. Шар нар бор хоногийг өнгөрөөж, анхиатай нэг нь гадаад орон руу цагаачилж байна. Өнгөрсөн зууны улс төрийн хямралын үр дүнд хил орчмын монголчууд хил даван нүүдэллэж байсан түүхтэй. Тэднийг хүчээр зогсоох гэж өөрийн ухуулагч нарыг явуулжээ. Ухуулагч ард иргэн хоёрын зодооноос баатар төрсөн нь Монгол Улсын эмэгтэй баатар Түвдэнгийн Бор байлаа. Алдар гавьяаг худалдан авагч шинэ зуун, эрдэм мэдлэг, авьяас билэг, эх оронч зүрх сэтгэл, улс Монголынхоо нэр төр, тусгаар тогтнолыг эрхэмлэн ирээдүйн өмнө омог бардам зогсох улс төрийн зүтгэлтэн хэн байна. Шинэ зууны хувьсгалын баатрууд хариулах ёстой.

Өнгөрсөн зууны гучаад оны дэлхийн улс төр, эдийн засгийн хямрал Монголоос холуур тойроогүй. Үйлдвэр заводууд хаалгаа барьж, хөрөнгө чинээтэй хүмүүс эд хогшлоо алдаж, хотын гудамжинд таваг шөлөнд дугаарлан зогссон Америкийн 30-аад оны хямрал. Хамтрал, комун, албан татварт үр тарианыхаа уутыг гөвж, ухаантай бүхэн нь гулагт цөлөгдсөн Орос орон. Дайны хэнээтэй генералуудаа зэвсэглэсэн арлын эзэн хааны Азийг нэгэн дээвэр дор нэгтгэх агуу солиорол, цагаан хэрэм далайн боомтын эмх цэгцгүй, өлсгөлөн Хятад орон. Улсын татварын орлогын 62 хувийг албадан, хүчирхийллээр бүрдүүлдэг. Нөхөх орлого байхгүй. Мөнгөний инфляц “ Одоогийн 30-40 сая төгрөг нь бараг урдын 10-аад сая төгрөг лугаа адил” (хурлын тэмдэглэл: х79д25) “ямар нэгэн хурал, комисс дээр хэрэг хэлэлцэхдээ өөрийн санаа бодлогыг үнэнээр гаргахгүй буюу гаргах боловч гараад, дотроо өөр санаа хадаах” (мөн хурлын тэмдэглэлээс)Монгол орон. Ийм л байсан. Байсаар байна. Бид өнгөрсөн хийгээд өнөөдрийг шүүж өнөөдөр болохгүй бол маргааш сольж, алдсан бол алдааг нь юунд байсныг нь ярихаас илүү авгай хүүхдийг нь ярьсаар хорин тав илүү он үдлээ. Буруу үзэл онол хэрэгжүүлсэн бол ирээдүй биднийг ниргэнэ. Зөв бол ононо. Гэвч хүн төрөлхтөн сансрын зуунд ирээдүйг төлөвлөж буйг мартамгүй.

Одоо бид яах вэ? Өнгөрсөн зууны гучаад онд А.Амар Ерөнхий сайд болоод юу хийв. Хоёрхон жилийн дотор дараагийн хөгжлийн замыг чиглүүлж чадсан юм. 1930-1932 оны алдааг засах гэж “Энэ хэргийн чухам буруу нь ард түмний мөрөн дор хүртэл хүлээгдэж байна. Бидний буруу зөвийг олохоос урд ард түмний хохирсон амь, алдагдсан санааг хэрхэн юугаар тэгшилж засах ба үрэгдэх буурахад хүрсэн малын аж ахуйгаа хэрхэн түргэнээр засах аргыг хамгийн богино хугацааны дотор эрсээр шийдвэрлэн гаргах явдал туйлын чухал. (хурлын тэмдэглэл: х82д5)” хэмээн цохон тэмдэглэж байв. Ардын сэтгэлийг засаагүй цагт төр орших эсэх талаар энэ цагийн онолчид нэгийг бодмоор. Гэхдээ хэрхэн яаж гэдгийг санал нэгтэй баталмаар бодогдоно.

1932 онд Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн болж шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлэв. Шинэ эргэлтийн бодлогын гол удирдагч оюун санаа нь Улсын бага хурлын дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга А.Амар байв. “Баяжигтун” хэмээсэн он жилүүдэд хөдөө тал минь малаар дүүрчээ. Энэ цагт өлсгөлөн Орос орон Монголыг нөөц орон болгох эдийн засгийн сонирхлоо хэрэгжүүлэх өөрийн удирдагчийг олж тавьсан нь эрхэм маршал Чойбалсан байлаа. 1932 оноос 1939 хүртэл Монгол орон халх голын дайны бэлтгэл, хил хязгаар газар нутгийн бүрэн байдал, гадаад харилцаанд ахиц гарсан жилүүд байсан. Батлан хамгаалах зардал нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл 3 хувиар өссөн. 1936-1939 онуудад А. Амар дахин Ерөнхий сайд болов. Боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, хэрэглээний соёл шинэчлэгдсэн. Энэ цагт Халхын голын тулалдаан, дайн, мөргөлдөөнд бид ялсан нь хүчгүй биш, хүчтэй болсны тэмдэг. 1936 оны өвөл Москва хотноо 3 сар болж Орос-Монголын худалдааны алдаа дутагдлыг илэн далангүй ярьж, гадаад харилцаанд хоёр хөрштэйгөө энэ тэнцүү эрхтэй байхыг шаардсан монгол бол БНМАУ-ын Ерөнхий сайд А. Амар юм. А.Амар сайд Монгол Улсын төрийг хоёр удаа нэн эгзэгтэй цагт тэргүүлэхдээ хүн, өрх бүл, аж ахуй, ахуй амьдрал, цаашдын хөгжлийн суурийг бэхжүүлж чадсан нийгмийн оюун санааны удирдагч байсныг коминтерны удирдагч нар мэдсэн төдийгүй хүлээн зөвшөөрч бүс нутгийн хэмжээний цартай сэтгэлгээтэй удирдагчийг гүтгэн буруутгаж, өөрийн шүүхээр шүүж хэнд ч мэдэгдэлгүй цаазлан хороосон нь гашуун үнэн. Энэ суурийг буй болгосон удирдагчийг эргэн санах нь түүхийн үнэнд нийцнэ. Үнэн гэдэг зэвсгээс хүчтэй болохыг саная. Ардчилсан сонгуулийн үр дүнг буруу ашигласны хор нөлөө тухайн цагт ч байсаар л байв. “Сонгуулийн кампанийг явуулахдаа энэ мэтийн этгээд ба ядуу чавганцын зэрэгт эрхийг эдлүүлвээс зохих этгээдүүдийн эрхийг хасаж явуулсан зүйлүүд буй” (хурлын тэмдэглэл: х85д4-6) хэмээн сонгуулийг дүгнэсэн байгаагаас үзвэл энэ цагийн эрхэмүүдийн мэргэн ухаанд ойрхон түүхэн баримтуудыг дурдаж болмоор аж.

Монголын ард түмэн нь үнэхээр нэгэн хэсэг болгоомжгүй буруу явуулгатны хөлд үрэгдэхэд хүрсэн бөгөөд тэдний буруу зүгийг ялжуулж гэрч болоход хүрчээ. Бид өнөө миний хэлдэг зөв болж, миний хэлдэг буруу болж хэмээн тайвнаар ярилдан сууна гэж А.Амар тэр цагийн улс төрийн үнэн төрхийг хэлжээ. Өнөөдөр ч бид ийм л байна. Үндэсний баялгаа өөрт ашиггүй наймаалцахын тулд өчигдрийн засаг хүний ой ухаанд багтамгүй тоон хувьсагч ярьж суусан. Гадны хөрөнгийн бирж дээр Монголын баялаг наймаалагдаж, ард олон нь өлөн зөмөг амьдарч байна. Дамын наймааны эрин үе, татварын нугалаа, үр хүүхдийн хорин мянга дээр өрх бүл нь тогтож байна. Монгол хэмээх улс орон байх эсэх нь одоо үеийн бидний бодвоос зохих хүнд үүрэг болоод байгаад зуун жилийн өмнө А.Амар хэлж байсныг санагтун. Иргэн нь ч тэр эрх ямбатан ч тэр эх орон, газар нутаг, эгэл түмнээ, ирээдүйн Монголоо санах, сэрэх цагт Монгол Улс мандана.

Найруулагч М.ЭНХБОЛД

Онцлох нийтлэлүүд