ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.12 08:05

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол Улсын хилээр оргон зугтжээ

-“Н¿¿рс” хºтºлбºрººс олон тэрбумын ашиг олоод зогсолг¿й, алдагдалтай ажиллалаа хэмээн Засгийн газрын нººц хºрºнгººс 854 саÿ тºгрºгийг гаргуулж ав÷ээ-

Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн ахлах зөвлөх Л.Гансүх  долоо хоногийн өмнө хилээр оргон зугтсан байна. Оргон зугтсан гэж хэлж байгаагийн учир нь түүнд Авлигатай тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц тэр­бээр гадаадад гарсан гэдгийг про­курорын байгууллагын эх сурвалж хэллээ. Л.Гансүхийг шинэчлэлийн Засгийн газ­раас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажил­лаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувь­даа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж үзэж байгаа аж.

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэг­жүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компаниар дүүрэг, хороодод  нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн гэнэ. Энэ компанийг түүний охин Г.Цэрэнжагзан удирддаг юм бай­на. Охиныхоо компанийг ямар ч тен­дер зарлалгүй “Нүүрс” хө­төлбөрт оруулсныхаа дараа тэрбээр “Эм Жи Эл Эс Би  Ди” гэх мэт ижил нэртэй аж ахуйн нэгжүүдийг байгуулжээ. Энэ аж ахуйн нэгжүүдээр дам­жуулж төрийн өмчит Бага­нуур хувьцаат компаниас нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн байна.  Гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний нэг тонн тутмыг 80 мянган төгрөгөөр зарж борлуулжээ. Нүүрсний үнэ анхны үнээсээ гурав дахин нэмэгдэж ард иргэдийн гарт очсон аж.  Сайн чанарын, үнэ хямд нүүрс олгох уриатай “Нүүрс” хөтөлбөрийн дор Л.Гансүх  олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан үзэж байгаа юм байна. Тэгсэн атлаа “Нүүрс” хөтөлбөр алдагдалтай ажиллалаа” хэмээн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авахаа ч Л.Гансүх мартаагүй гэнэ.

Мөн өөрийн байгуулсан ижил нэртэй аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан “Багануур”  хувьцаат компаниас авсан  нүүрсээ  өөрийн улс төрийн хүрээний болон иргэн аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн үнээр худалдан борлуулж ашиг олсон нь баримтаар тогтоогджээ. Энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн, түүнтэй холбоотой гэх болон охиных нь компани, ижил нэртэй аж ахуйн нэгжийг нь  шалгаж эхэлмэгц тэрбээр ийн Монгол Улсын хилээр гарч оргон зайлсан гэж хуулийн салбарынхан үзэж буй бололтой.

Шинэчлэлийн Засгийн газар  “Нүүрс” хөтөлбөрийг  2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр үед нүүрс буулгаж, уутлах ажлыг иргэдэд сарын 800 мянган төгрөгийн цалинтай ажиллуулж байв. Дараа жил нь буюу өнгөрсөн жил Зэвсэгт хүчний цэрэг дайчдаар уг ажлыг хийлгэж эхэлсэн. Ингэхдээ нэг цэрэгт өдрийн 20 мянган төгрөгөөр тооцож, сарын 600 мянган төгрөгөөр ажиллуулахаар тохирсон гэдгийг “Нүүрс” хөтөлбөрийг ахалж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх  өнгөрсөн жилийн арван сард хэлж байв.  800 мянган төгрөгөөр цалинжуулж байсан иргэд ажилдаа хариуцлагагүй хандаж, сэтгэл дутсан үйлчилгээг иргэдэд  үзүүлж төрийн нэрээр зохион байгуулж буй ажлын нэр хүндийг унагаасан. Түүнчлэн ажлын цаг баримтлахгүй, ажил хийдүүлэх тохиолдол ч цөөнгүй гарсан тул санхүүгийн алдагдалд оруулсан. Иймд цэргүүдийг дайчлахаар болсон гэж тайлбарлаж байв.  Багануурын уурхайгаас татаж байгаа нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөг, 40 кг-ын шуудайтай нүүрсийг 3200 төгрөгийн үнэтэйгээр тус бүр нийлүүлж байсан. Хямд үнэтэй нүүрс нийлүүлэгдээд эхлэхээр өндөр үнээр борлуулагдаж байгаа нүүрсний үнэ буурна гэж уул уурхайн салбарынхан үзэж буйгаа ч хэлж байв. Гэвч энэ бүхний ард Ерөнхий сайдын  ахлах зөвлөх төрийн нэр хүндтэй ажлыг амжуулах нэрийдлээр өөрөө дундаас нь ашиг олж байсан хэрэг нь ийн олонд ил болж байна.

  2012 онд 95.4 тонн нүүрс нөөцөлж иргэдийн хэрэгцээ, хүртээмжийг хангах үүднээс талоноор тарааж байсан гэж “Нүүрс” хөтөлбөрийнхөн мэдэгдэж байсан. Харин өнгөрсөн жил 800 тонныг нөөцөлсөн тул иргэдийн хэрэгцээнд хангалттай хүрэлцэнэ хэмээгээд талон тараагаагүй байна.

Л.Гансүхийн энэ хэрэгт түүний охин Г.Цэрэнжагзан мөн татагдаад буй гэнэ.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Л.Гансүх ямар ажлаар  гадаад явсныг асуухад ”Ажилдаа ирэхгүй байгаа, өвчтэй. Гадаадад байгаа” гэсэн товчхон хариултыг өглөө.

Г.Ялгуун

Онцлох нийтлэлүүд