ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.05.19 08:05

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бээжингээс ямар “бараа дарж” ирнэ гэж бид хүлээх ёстой вэ

“Өдрийн сонин”-ы 2017.05.12-ны Баасан гаригийн №107 (5674) дугаараас авч нийтлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдрөөс эхлэн 15-ныг хүртэл анх удаа БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Бээжин хотноо болох “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох юм. Айлчлалынхаа үеэр Хятадын дарга Си Жиньпинд бараалхана. Мөн тус улсын Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийх тухай айлчлалын албан ёсны хөтөлбөрт дурджээ.

Өнгөрсөн өвөл Монголд зочилсон Далай ламын айлчлалаас болж урд хөрштэй харилцаа хүйтэрсэн үед Ерөнхий сайд айлчилж байгаа нь онцлох асуудал мөн. Урд хөршийн удирдагчид Монголын Ерөнхий сайдад хэрхэн хандах бол гэдгийг гадны хөрөнгө оруулагчид, олон улсын судлаачид анзаарч байгаа нь тодорхой. Хамгийн ойрын хөрш Монголдоо хятадууд юу өгөхнөв, ямар боломж олгохнов гэж дэлхий харж байгаа гэдгийг хэлэх байна. Дэлхийн хэмжээний эрдэс баялгийн нөөцтэй Монголын их хээр тал, говь манхныг, дэргэд нь байгаа дэлхийн хоёр дахь том эдийн засаг, зах зээлийг дэлхийн улс орнууд үргэлж харж анзаарч байлгүй яах юм бэ. Тэр дундаа Ерөнхий сайдынх нь айлчлалыг. Монголдоо царай өгөөгүй байж бидэнд юм өгөх үү гэсэн утгатай нийтлэлүүд барууны хэвлэлүүдэд гарч байсан юм шүү дээ.

Монголын Ерөнхий сайдын айлчлах цаг хугацаа өнөөдөр яг мөн. Дэлхийн бүх улс Хятадад бараагаа зарах гээд уралдаж байна. Орос хаа байсан Кузбассын нүүрсийг төмөр замаараа тээвэрлээд Хятадад өгч эхэллээ. Орос Хятадын хил дээр нарийн төмөр зам тавьчихсан нүүрс нь чанарын өндөр түвшинд, үнэ нь хямд байна. Дээр нь Далай ламын айлчлалын түвэг бэрхшээл хэвээрээ байна. Ийм хүнд цаг үед Ж.Эрдэнэбат элгээ тэврээд эх орондоо суугаад байж болохгүй. Очъё, оролцъё, уулзъя, ойлголцъё, болохоосоо болохгүйг нь хүртэл явъя гэсэн бодол нөхөрт байх шиг байна. Энэ бол их сайн чанар. Миний ойлгож байгаагаар Ерөнхий сайдыг УИХ-ын дарга М.Энхболдын aйлчлалын хүрээнд яригдсан хоёр хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай 4.2 тэрбум ам.долларын хөгжлийн зээлийн асуудлыг шийдэхээр явж байна гэж бодохгүй байгаа. Айлчлалын гол бодлого, зорилго энэ биш байх. Тэрбээр урд хөршид байх 48 цагийн хугацаандаа Монголоос зарагддаг уул уурхайн бүтээгдэхүүнээ өндөрхөн үнээр зарах, том төслүүдээ хөдөлгөх тухай л ярилцах болов уу. Ер нь бол Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол хамрагдах нь тодорхой. Монгол Улс бүх нөхцөлийг нь хүлээн авсан болохоор эргэлзэх хэрэггүй юм. Тэгэхээр 5.5 тэрбум доллар Монголд орж ирнэ гэсэн үг. Энэ мөнгө бол манайд хангалттай. Хангалттай өр зээл гэж ч болно. Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум доллараар Монголын эдийн засгийг боломжийн хөдөлгөсөн. 5.5 тэрбум доллараар хэд дахин илүү хөдөлгөнө биз дээ. Ийм байхад Хятадаас 4.2 тэрбум долларын зээл нэмж авахгүй л дээ. Тэнэг л хүмүүс төрийн толгойд суучихаагүй бол. Тийм болохоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ямар “бараа дарж” ирэх нь их сонин байгаа юм. Эхний удаад тэрээр нүүрсээ, төмрийн хүдрээ урд хөршийн зах зээлд боломжийн үнээр зарах асуудлыг шийдэх байх. Удаад нь урд хөрш рүү цахилгаан экспортлох алхмыг хийх байх. Яагаад гэвэл хятадууд нүүрснээс илүүтэй эрчим хүч дээр илүү эрх ашгийн сонирхолтой байгаа нь сүүлийн үед их мэдрэгдэх болсон. Үндсэндээ бол энэ бүх асуудал 2010 оноос хойш гацалтын байдалд орсон шүү дээ. М.Энхсайханы сүүлд барьж, хэрэгжүүлэх гэж оролдож байсан эрдэс баялаг, эрчим хүч дээр барьж байсан бодлого тун сайн санагддаг. Үүнийг л Ж.Эрдэнэбатын Засгийн газар улам сайжруулаад явбал бэлэн загвар юм.

Энэ бүгд дээр нэмж Монголын эрх ашигт нийцсэн нэг том асуудал байгаа нь БНХАУ-ын Засгийн газрын “Нэг бүс нэг зам” санаачилга юм. “Нэг бүс нэг зам” нь авто зам, төмөр зам болон далайн тээврийн чиглэлд хөрөнгө оруулснаар Ази-Европ тивийг худалдааны дэд бүтцээр холбох үндсэн үзэл санаа, зорилготой юм. Нөгөө талаас “Нэг бүс-Нэг зам”-ыг дэлхийн эрх мэдлийн хүчийг өөрчилж, шинэ стандарт журамлалтыг авчрах гэсэн Бээжингийн оролдлого гэж үзэх судлаачид ч бий. Уг санаачилга Хятадын компаниудыг гадаад зах зээл дээр улам хүчирхэгжих, Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг улам өргөтгөх зорилготой гэж үзэж байгаа. Ямар нь ч байсан монголчуудад хамаагүй. Бид тэдний бодлогод өчүүхэн ч нөлөө үзүүлж чадахгүйгээс хойш. Зүгээр л энэхүү “Бүс ба зам” гэсэн аварга төсөлд ямар сэжмээр холбогдож, ямар ашиг авах вэ гэдэг л чухал. Ийм цаг үед бид мөрөөрөө, ухаалаг байх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний амьдралд Далай лам чухал уу, долоон тэрбум доллар чухал уу гэдгийг эрүүл саруул оюун ухаанаар харах ёстой.

Хятадын Засгийн газраас гаргасан төсөл хэрэгжүүлэх маршрутыг харвал энэ их бүтээн байгуулалт Монгол Улсыг тойрон өрнөхөөр ч байгаа юм шиг. Гэсэн ч Монгол-Орос-Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгохоор ярьж байгаа нь энэхүү том төсөлтэй холбогдох шижим гэж болно. Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах яриа хэлэлцээ сүүлийн хоёр жил буюу 2014, 2015 онд зохиогдсон Монгол-Орос-Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын болон хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр яригддаг гол сэдвийн нэг болоод байгаа.

Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах нь мөнхийн хөрш манай гурвын аль алины эрх ашигт нийцэж буйг л Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярих ёстой. Том харж, том ярьж, харилцан ашигтайг нь хувь, хувьсгалын яриа хөөрөөгөөр ойлгуулж байж л бид энэхүү эдийн засгийн коридорт орно. Ерөнхий сайд маань ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хувьд харьцангуй буурай хөгжилтэй, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай, зах хязгаар бүс нутгууд маань энэхүү эдийн засгийн коридорт хамрагдах юм байна гэдгийг эхнээс нь ач холбогдол өгч, цаг алдалгүй ярилцаж баймаар байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын хувьд Өмнөд Монголыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж буйгаа албан ёсоор мэдэгдчихсэн байгаа. ОХУ-ын хувьд дэлхийн байгалийн баялгийн 25 хувийг агуулж байдаг Сибир нь хөгжлийн хамгийн буурай хязгаар байсаар байгааг бас ярьсаар байгаа. Энэхүү “Бүс ба зам” төсөлд эдийн засгийн зургаан том коридор байгуулахаар байгаагийн нэг нь Хятад-Монгол-Оросыг холбосон төмөр зам, авто замын коридор байгаа юм. Энэхүү коридор дотор бидний төдийлөн анзаарахгүй байгаа, эсвэл анзаарахыг хүсэхгүй байгаа нэг боломж бий. Тэр нь Лондон-Хятадыг холбосон төмөр замын транзит байна. Манай улсын урд хилийн цаахнуур явчихаж байгаа. Энэхүү Европтой Хятадыг холбосон төмөр зам нь Замын-Үүдээс ердөө 400 км-ийн зайд байгаа (ерөнхий зургийг харна уу). Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэхүү 400-хан км-т байгаа Бээжин-Лондонгийн төмөр замтай холбогдох асуудлыг анхаарлынхаа төвд аваасай. “Өдрийн сонин” энэ асуудлаар урьд нь бичиж байсан. Цаашид ч бичих болно. Биднээс хол сонсогдох Европ тив рүү Замын-Үүдийнхээ вокзал дээрээс суугаад 400 км яваад л Лондон хүрэх олон улсын төмөр замын сүлжээнд орчихно гэсэн үг. Бид нэг их том төсөл, том мөнгө ярьж сүржигнэлгүй ердөө 400-хан км-ийн дэд бүтцийн асуудлыг шийдээд л эдийн засгийн ийм том интеграцид нэгдлээ гэсэн үг. Ингэж чадах юм бол Монгол их олон улс оронтой айлсан буулаа гэсэн үг. Хятадаас гадна 50 улс уг “Бүс болон зам”-д багтаж байгаа юм. Азид гэхэд Филиппин, Вьетнам, Камбож, Тайланд, Малайз, Сингапур, Бруней, Индонези, Мьянмар, Непал, Бангладеш, Энэтхэг, Пакистан, Шри-Ланк, Монгол, Молдав, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Иран, Кувейт, Бахрейн, АНЭУ, Катар, Саудын Араб, Израйль, Хонгконг, Тайвань багтах бол Европын цөөнгүй орнууд орж байгаа. Африкаас гэхэд л Кени, Судан, Египет... гээд нэлээн улс орнууд энэхүү “Нэг бүс-Нэг зам”-д нэгдэх юм.

Одоо болох “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн, НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага урилгаар оролцож байгаа юм билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр үг хэлэх юм гэсэн. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ярьснаар бол айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурна. Төмөр замын коридор байгуулах, урд хойд хил дээр барих төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх талаар шийдвэр гаргах. “Бүс ба зам” санаачилгад албан ёсоор нэгдэх талаар ч багтаж байгаа” гэсэн нь их л зөв сонсогдож байна.

Тэгэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалаас монголчууд хожих ёстой. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хөрш орныхоо дэмжлэгийг авч, зөв бодлогоор ашиглаж, эдийн засгийн хүндрэлээ даван туулах нь чухал байгаа учраас нэн тэргүүнд Хятадтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн ч гацаанд орсон томоохон төслүүдээ хөдөлгөж, Таван толгойгоо эргэлтэд оруулан, ажлын байраа нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээнэ л гэж харж байна. Эдийн засаг сэргэнэ гэдэг бол угтаа өрхийн эдийн засаг сэргэхийг л хэлнэ. Тийм болохоор захын нэг наймаачин хүртэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бээжингээс ямар “бараа дарж” ирэх бол хэмээн ярьж, харж, хүлээж сууна даа.

Онцлох нийтлэлүүд