ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.24 06:06

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзах үеэрээ БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэх нь чухал. Хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах нь хамтын ажиллагаанд ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотноо болсон Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын дээд түвшний уулзалтад оролцохдоо БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцсон нь хоёр талын харилцааг идэвхжүүлэх алхам боллоо гэж хэллээ.

Гадаад хэргийн сайд Ван И “Өнгөрсөн жил манай улсад хийсэн Ерөнхий сайд таны айлчлал амжилттай болсон. Ойрын хугацаанд Монгол Улсад хийх БНХАУ-ын дарга Си Зиньпинийн айлчлал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлж, Монголын эдийн засгийг эрчимжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ирэх 9 дүгээр сард БНХАУ-ын Тяньжин хотноо Давосын эдийн засгийн чуулга уулзалт болно. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг энэ уулзалтад оролцохыг тус улсын Ерөнхий сайд урьжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ


Онцлох нийтлэлүүд