ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.06.08 10:06

Ерөнхий сайд үнэхээр хариуцлага тооцоод байна уу, үзүүлэн тоглолт хийж, жүжиг тавиад байна уу

“Өдрийн сонин”-ы 2017.06.02-ны Баасан гаригийн №123(5690) дугаараас авч нийтлэв.

Өнгөрсөн тавдугаар сарын 25-наас эхэлсэн “Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт, түлхүүрийг задалсан” гэх шуугиан Боловсролын сайд Ж.Батсуурийг огцруулснаар шувтарч байна. Хүүхдийн баяртай давхацсан энэ үйл явдал өнгөрч буй долоо хоногийн гол шуугиан байлаа. Улс төр судлаач, ажиглагч эрдэмтэд үйл явцыг янз бүрээр ярьж, тайлбарлаж байгаа. Ардын засгийн албан ёсны PR-чид, сэтгүүлчид энэ тухай дуу алдан бичиж, нэвтрүүлцгээж байна. Шударга үнэний туйл юм, Ардын намын Засгийн газрын тэргүүн анх удаа кабинетийн гишүүндээ хариуцлага тооцлоо, сайн цаг ирлээ, ийм Ерөнхий сайд байхыг урьд хожид үзээгүй, хараагүй гэсэн магтаал хахаж байна. Эрх баригчдыг даган баясагчид нүдэндээ нулимстай шаагиж, бурхан Будда дахиад мэндэлсэн мэт бужигнаж байгааг бид хангалттай харлаа.

Энэ хүмүүсийнхээс арай өөр нүдээр, өөр өнцгөөс харвал Ж.Батсууриас өөр хэнийг ч огцруулах билээ дээ гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Юу ч үгүй, хамгийн сулхан улстөрч учраас тэр. Сайд асан Ж.Батсуурь ардаа улс төрийн ямар ч нөмөр, нөөлөг, хамгаалалтгүй хүн. Нутаг орноос нь Ж.Батсуурьт олигтой нэмэр болж түшээд, хамтраад явчих улстөрч ч алга. Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан хоёр Дорноговиос УИХ-д суусан ч нутгийн ганц сайдтайгаа хамтын ажиллагаа, харилцаа холбоо сул байгаа нь ажиглагддаг. Үүнээс өөрөөр төр засагт татаж, дэмжээд, арыг нь даагаад явчих бизнесмен, улстөрч, жигүүр фракц гээд улс төрд хүчтэй байх бүхий л хөшүүрэг, нөлөөлөл огцорсон сайдад үнэндээ байгаагүй нь ил байна. Энэ Засгийн газраас шүд сугалж, сор залъя гэвэл түүнийг л сонгох нь тов тодорхой байсан. Өөрөө ч говийн бодь эрсийн нэг. Айлын унгас, ноос цуглуулж, модон сэлэм барьж төрийн тайлга, тахилга хийхээс цаашгүй. Аймгийн Засаг дарга байхдаа төрийн албан хаагчдын тайлга, тахилга хийж, жижүүрээсээ эхлээд бүх хүнд түшмэлийн хувцас нөмгөн өмсгөж жагсаасан нь хошин үзүүлбэрийг хол орхихоор үзэгдэл болсныг хүмүүс мартаагүй байх. Айлаас цуглуулсан унгасаа шатааж, төрийн албан хаагчдаа дээгүүр нь харайлгаж байгаад хормойг нь шатааж сүйд болох шахсан түүхтэй хүн. Энэ хүний үүд хаалгыг нь дэлгээд, үүнээс өөр олигтой зүйл олоод харчихъя гэсэн ч гялтайх юм ховор доо.

Процессийн араас ард түмний дунд “Сайд болсон төлбөрөө төлөөгүй учраас” гэдэг яриа гарсан байна. Нээрэн яаж яваад 2016 онд сайд болчихсон юм бол. Ямартаа ч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсныхоо маргаашнаас хүн мундсан, боловсон хүчин дутсан юм шиг УИХ-ын гаднаас түүний нэрийг зүтгүүлсээр байгаад оруулж ирснийг санаж байна. Тухайн үед “Арева төлбөрийг нь төлнө, Арева Ж.Батсуурийг тэдэн тэрбум төгрөгөөр сайд болголоо” гэсэн мэдээлэл шар хэвлэлээр гарч л байлаа. Гадуур ч ийм яриа хангалттай явж байгаа. Шинэ Засгийн газар бүрдсэнээсээ хойш шар нунтагийн талаар ганц үг ч ганхийгээгүй. Хэн ч энэ тухай ярилгүй орхиж байгааг “Арева” хараад амлалтаасаа буцаж, мөнгө өгөхөө больсон байж магадгүй гэж бодож болохоор байна. Тохиролцоо ингэж нурсан бол сор залах хангалттай шалтгаан болох биз. Гэхдээ энэ бүхэн нотлогдоогүй, нотлогдох ч боломжгүй. Бас хүмүүсийн хардлагыг нотлох мэт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төлбөрөө төлөөгүй учраас та нар энэ номхон хүнийг ноолж байна уу” гэсэн нь нэгийг бодогдуулахаар үг. Олны яриа ортой гэдэг дээ.

Ер нь энэ намын натурыг харахад юм бүхэн мөнгөөр шийдэгддэг, мөнгө өгөөгүй бол унадаг, унагаадаг нь хэтэрхий ил цагаан болж. Бүхий л үйл хөдлөлөөс нь ийм үнэр ханхалдгийг дахиад нэг баталчих шиг боллоо. Бас муу нь муудаа, муна гадсандаа гэгчээр сулхан удирдагчид ийм л ажил хийдэг. Сулхан удирдагчид өөрийн командад байгаа хүмүүсийн хамгийн сулыг нь дээрэлхдэгийн жишээ олон бий. Түүнийгээ жигтэй ихээр сурталчилж, шударга үнэнийг тогтоож байна гэх ганц өгүүлбэрээр халхавчилсаар ирсэн. Нөгөө талаар хүчтэй хүмүүсээ айлгах оролдлого гэж тайлбарлах нь ч бий. Ийм л процесс явчих шиг боллоо. Ж.Батсуурийг л дээрэлхэхгүй бол өөр хэнийг дээрэлхэх билээ, энэ засгийн тэргүүн. Ерөнхий сайдыг сулхан удирдагч гэдгийг нь хэлэх гээд байна. Улс төрд удаагүй яг адилхан замналтай сулхан, номхон, хүлцэнгүй хоёр эрхэм билээ. Түүнд Ж.Батсуурь сайдаас ялгарч, онцгойрох юм байхгүй. Монголын улс төр дэх Сэлэнгийнхэн фракц, түүний хүч, улс төрийн хэлхээ сүлбээ, нам доторх хөдөлгөөн, дэмжлэг гэж товойж тодрох зүйл үнэндээ байдаггүй. Намын даргатайгаа ойлголцдог учраас Ерөнхий сайд болж, улс төрд цойлсон гэж яригддаг нь ч үнэний ортой биз. Сайдын суудлын үнэ тохироогүйн дээр Ерөнхийлөгчийн сонгууль угтсан жүжиг тавих, хүн айлгах гэх мэтээр олон талын ашигтай учраас муу муудаа дээрэлхүү муна гадсандаа эрэлхүү гэдэг болж байх шиг байна. Ажиглагчид үүнийг шууд, ил цагаан хэлсээр байгаа. Тэр, кабинетаасаа өөр хэнийг оролдох билээ.

Хэрвээ даган баясагчдынх нь хоолой зангируулан хэлээд байгаа шиг хариуцлага тооцох ажил үнэхээр явагдаж байгаа бол шалгалтын тест задруулсан Ж.Батсууриас илүү ноцтой дутагдал гаргасан сайд олон бий. Хэзээ элсэлтийн шалгалтын тест задраагүй вэ. Задардаггүй жил гэж байсан билүү. Тест задарчээ гэдэг болохоос задраагүй гэж сонссон уу, үүнээс болоод сайд нь огцорч байсан уу гэсэн олон асуултад Монгол төрийн сүүлийн 30 шахам жилийн түүх бэлээхэн хариулчихна. Үүнтэй зэрэгцээд “Нийслэлийн Боловсролын газар, хариу түлхүүрийг задалсан хүмүүстэй нь хариуцлага тооцохгүй яагаад хэдэн шат алгасч сайдад нь хариуцлага үүрүүлж байгаа юм бэ” гэж зарим гишүүдийн өмгөөлж асуусан нь шударга сонсогдож байлаа. Монголд ийм шалтгаанаар сайд огцордоггүй юм. Энэ бүхэн сайдыг огцруулах шалтаг болохоос шалтгаан байгаагүй гэдгийг дахин давтан батлаад байх шиг.

Тэгвэл хариуцлага алдагдсанаас хоёрын хоёр цэрэг үхчихсэн батлан хамгаалах салбарын сайд, дэлхийд анх удаа хөхний сүүг хуульчилсан эрүүл мэндийн салбарын сайд яагаад огцрохгүй байгаа юм. Ерөнхий сайд хүчтэй удирдагч байсан бол эндээс эхэлж хариуцлага ярьж, шударга ёс тогтоон Б.Бат-Эрдэнэ сайдыг хамгийн түрүүнд огцруулах ёстой байсан байх. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулна гэвэл Ерөнхий сайдад арай ахдах хоол гэдэг нь тун ойлгомжтой. Б.Бат-Эрдэнэ шиг хатуу боорцгоор оролдвол хахна гэдгээ ч мэддэг биз. Дээрээс нь “Би Ерөнхийлөгчийн сонгуульд заалнаас нэр дэвшихгүй. Намайг битгий огцруулаарай” гэж Б.Бат-Эрдэнэ сайд намынхантайгаа тохироо хийсэн гэх шуум тараад намжсан нь бас нэгийг өгүүлнэ. Ийм процессийн ард хатуу боорцогийг зөөлчлөх гэж оролдвол “Та бүхнийг өрөвдөж Ерөнхийлөгчид нэр дэвшээгүй маань буруу болж л дээ” гээд ёстой туйлах биз.

Ерөнхий сайд шударга ёсыг тогтоох гээд байна уу, ард түмнийг хуурч тавилттай жүжиг тоглоод байна уу. Ийм л харагдаж, ингэж асуулт тавигдахаар байна. Сайдаар сор залсанд нь сүйд болж, хөөрцөглөөд байх юм огт алга. Үзье гэсэн ч өөр барах хүн Ерөнхий сайдад байхгүй. Барах байсан бол Б.Бат-Эрдэнэ сайдын алдаа дутагдалд хариуцлага тооцож, огцруулахад хангалттай боломж байсан. Ард түмний хэлээр Ареватай тохирсон үнэ буцсан юм уу иймэрхүү л шалтаг, шалтгаанууд байгаа байх. Мөнгөө өгсөнгүй гээд шууд халаад, хөөгөөд явуулчихаж болохгүй учраас жүжигчилсэн тоглолт тавих шиг боллоо. Ийм л байна.


Онцлох нийтлэлүүд