ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2017.11.13 04:11

“Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан” болж өндөрлөв

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Нээлт 2017 оны 11 сарын 11-ний 10:00 цагт эхэлсэн бөгөөд нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. МУАЖ, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн ажиллагааг эхлүүлсэн юм.

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж, оролцогчид өөрсдийн хэлдэг ерөөл, магтаалын зэрэгцээ тодорхой сэдвийг сугалан шууд цэцлэн ерөөж, магтах хэлбэрээр ур чадвар, оюун билгээ сорьж өрсөлдсөн юм.

- 1 шатны уралдаанд Ерөөлийн төрөлд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 31 ерөөлч, Магтаалын төрөлд 28 магтаалч оролцож

- 2 дугаар шатны уралдаанд ерөөл магтаалын төрөлд 15, 15 хүн шалгарч үүнээс дараахь авьяастнууд алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналын эзэд болж, БСШУСЯ-ны тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг болон нэрэмжит шагналаар шагнуулав.

Энэ удаагийн уралдааны дундаж нас 42 байгаагаас хамгийн залуу оролцогч нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын авъяастан Д.Батдэлгэр байсан бол хамгийн өндөр настай оролцогч 77 настай Г.Дүгэрсүрэн гэх эрхэм байсан юм.

Шагналтнууд

Ерөөлийн төрөлд:

1-р байр. Жаргалын Дагвасамба /Өмнөговь аймгийн Номгон сум/

2-р байр. Сугарын Мөнхжаргал /Орхон аймаг/

3-р байр. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

Тусгай байр. Ишинноровын Мөнхбаяр /Завхан аймгийн Идэр сум/

Магтаалын төрөлд:

1-р байр. Жамсранжавын Мөнхбат /Улаанбаатар хотын БЗД/

2-р байр. Цэрэн-Очирын Дүйнхэрсүрэн /Дархан-Уул аймаг/

3-р байр. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Улаанбаатар хот БГД/

Тусгай байр. Гомбын Намсрай /Увс аймгийн Өмнөговь сум/

Тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг

1. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

2. Дамбын Золзаяа /Ховд аймгийн Чандман сум/

3. Жавзмаагийн Пүрэвдорж /Хөвсгөл аймгийн Ханх сум/

4. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Дорноговь аймгийн Сайншанд сум/

Дорноговь аймгийн нэрт ерөөлч, магтаалч, туульч МУСТА Зундуйн Чулуунбаатарын гэр бүл, үр хүүхэд нь түүний нэрэмжит шагналыг буй болгож анхныхыг дэлхийн язгуур урлагийн шагналт, "Домог" хамтлагийн уран бүтээлч Б.Бат-Оршиход гардууллаа.

Ерөөлч, Магтаалчдын улсын уралдааны үеэр ЗГХА Соёл, урлагийн газар, ерөөлч, магтаалдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж аман билгийн томоохон төрөл болох ерөөл, магтаал, билгэ дэмбэрлийн үгсийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв болоод өвлөн уламжлагчид, орчин цагийн нөхцөл дэх уламжлал, шинэчлэлийн зохистой хослол, язгуур мөн чанар, тайзны урлагийн хэлбэр хэрхэн зэрэгцэн орших зэрэг тулгамдсан асуудлуудыг нухацтай хэлэлцэж ерөөлч, магтаалчдын санал бодлыг сонссон нь энэ удаагийн уралдааны онцлог байв.

Онцлох нийтлэлүүд