ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.08.09 10:08

Жаран тэрбумын хэрэг нэг нь дуудаж асуугаад, нөгөө нь “хууль гаргахгүй бол болохгүй” гэж хэлээд өнгөрөх асуудал ч биш дээ

Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө АТГ-ын дарга даамлуудтай уулзаж сонгуулийн өмнөөс дуулиан дагуулсан жаран тэрбумын асуудлыг сөхлөө. Олныг эмзэглүүлсэн сэдэв учраас толгойтой бүхэн төрийн тэргүүний байр суурийг дэмжиж байна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч эрх баригч намын албан тушаал наймаалцах тухай өрнүүлсэн бичлэгийг шалгуулж, хариуцлага тооцуулах талд хатуу зогсож байгаа нь энэ уулзалтаас тод харагдав.

Х.Баттулга АТГ-ынхантай уулзахдаа “Доржзодов гэж залуу төрийн албыг наймаалцдаг байдлыг илчилж, 90 минутын бичлэг цацлаа. Төрийн албыг наймаалцаж буй тэр бичлэг Монгол улсыг, АТГ-ыг олон улсад яаж харагдуулж буйг та бүхэн надаас илүү мэдэж байгаа. Өмнө нь ямар нэг шахалт дарамт байсныг үгүйсгэхгүй. Тэгвэл одоо улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Нэгдүгээрт улсынхаа нэр хүндийг авармаар байна. Хоёрдугаарт энэ бол АТГ гэж байгууллага байх эсэхийг шийдэхээр том асуудал” гэсэн үгийг зүгээр ч нэг унагаагүй. Эхний шалтгаан нь эрх баригч намын хандлагатай холбоотой. Төрийн албыг наймаалцах тухай яриа М.Энхболд ба түүний тойрон хүрээлэгчдийн дунд өрнөснийг батлах бичлэг сонгуулийн өмнө буюу аль жил гаруйн өмнө ил болсон ч эрх баригчид өнөөг хүртэл таг чиг яваа учраас төрийн тэргүүн байр сууриа ингэж илэрхийлсэн хэрэг. Ерөнхийлөгчийн хатуу байр суурийн хоёр дахь шалтгаан нь АТГ өөрөө. Сөрөг хүчнээс бичлэгийг шалгуулах хүсэлтийг удаа дараа тавьсаар байтал үл тоосон хандлага гаргаж өнөөг хүрснийг ганц төрийн тэргүүн ч биш нийт олноороо шүүмжилж байгаа. Улстөржсөн иймэрхүү хандлагыг удаа дараа гаргаж байсан болохоор АТГ хэзээнээсээ олонд сайн нэргүй л дээ. Жаран тэрбумын асуудал дээр нүдээ аньж таг дуугүй яваа нь иргэдийн дургүйцлийг бүр дэвэргэж байгаа. Цаашдаа ч энэ асуудалд улстөржсөөр байх болов уу гэсэн хардлага учир мэдэх улсын дунд бий.

Энэ байгууллагыг толгойлдог Х.Энхжаргал жаран тэрбумын асуудлыг шалгуулах хүсэлт ямар явцтай байгааг сонирхсон Ерөнхийлөгчийн асуултад “Өнөөдрийн байдлаар тогтоогдсон зүйл алга, цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн хариу ирсэн. Одоогоор энэ нь үнэн юм байна гэж нарийн тодорхой танилцуулах боломж алга. Ийм тийм хүмүүс гэж заагаагүй учраас илрүүлэх боломжгүй байна. Энэ асуудлын хүрээнд 3300 орчим албан хаагч хамрагдаж байгаа. 130-ыг нь л шалгасан” гэсэн хариу өгсөн нь даарин дээр давс нэмж олны дургүйцлийг өдөөж орхисон. “Бид жаран тэрбумын бичлэгийг угаасаа шалгахгүй” гэсэнтэй агаар нэг үг унагасанд нь төрийн тэргүүн ч таатай хандаагүйг хэд хоногийн өмнө болсон уулзалтын бичлэгээс бэлхнээ харагдаж байна. Ерөнхийлөгч “Энхжаргал аа мөрдөн байцаах үйл ажиллагааны зааварчилгаа өгмөөргүй байна. Та их бүрхэг юм ярьж байна. Би хоёр л зүйл хэлье. МАН сонгуульд ялсан уу ялсан. Сандуй гэж нөхөр албан тушаалд очсон уу гэвэл очсон. Тэр үйл ажиллагааг илчилсэн залууг баривчлах оролдлого хийсэн үү гэвэл хийсэн” гэсэн үгийг мөн л цаанаа учиртай унагасан. МАН төрийн албыг дээгүүрээ сэм наймаалцдаг, наймаалцсан мөнгөөрөө сонгуульддаг, сонгуульд ялчихаад хэлэлцсэн тохирсноороо албан тушаал авдаг нь тодорхой болсныг дээр дооргүй харж бухимдаж суугаа. Олны бухимдлын наад захын илрэл нь саяын сонгуулийн үр дүн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Олон нийт төрийн тэргүүний АТГ-ын даргад хэлсэн үгийг толгой дохин сонссон нь ийм энгийн учиртай. Хэрвээ МАН жаран тэрбумын бичлэг сөхөгдсөн даруйд хариу зөв үйлдэл хийсэн бол, адаглаад сонгуульд ялсныхаа дараа төрийн өндөр албан тушаалыг ил цагаан хуваарилаад эхлээгүй бол байдал өөрөөр эргэх боломж байсан уу гэвэл байсан. Жаран тэрбумын санааг гаргасан Ц.Сандуйг ИТХ-ын дарга болгосон цагаас эхлээд МАН төрийн албыг өөр зуураа наймаалцдагаа баталсан. Долоон буудлын Должин эмээ, Дорж, Дулмаа, ер нь хэний ч бодоод олчих гаргалгаа.

Яаж ч бодсон “Би төчнөөн төгрөг өгч энэ албан тушаалыг намаасаа авсан” гэж хэлэх хүн гарахгүй. АТГ-ынхан үүний учрыг олж харахгүйгээр баахан албан хаагчдыг байцаагаад байгаа гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Цагдаа үнэн зөвийг нь тогтоох ёстой гэсэн тайлбар хийсэн шигээ суугаа нь АТГ-ын буруу. Сэтгэлгүй, ур чадваргүй ажиллаж байгаагийнх нь л илрэл. Авлигатай тэмцэх ёстой, хуулиараа ийм үүрэг хүлээсэн байгууллага нь бүрэн дүүрэн баталгаатай, хамар дор нь байгаа авлигын том хэрэг дээр хүүхэд хуурч байгаа юм шиг аяглаж болохгүй л дээ. Х.Энхжаргал хууль гаргаж байж хэргийг илрүүлнэ гэх маягийн үг хэлж харагдсан. АТГ бол үнэхээр мөнгө авч өгөлцөж албан тушаал наймаалцсан уу гэдгийг хууль гаргаж биш ур чадвараа харуулж байж илрүүлэх ёстой цорын ганц байгууллага. Тэр байтугай агаарын үйл явдал дээр хэрэг үүсгээд, нотолж батлаад ял өгчихдөг байгууллагад мэдээжийн баримттай, олон улсын мэргэжлийн байгууллага нэг орчинд нэг дор хийсэн бичлэг байна гээд баталчихсан нотолгоо сэлттэй хэргийг илрүүлэхэд ядаж цөхөх зүйлгүй санагдах юм. Дахиад хэлэхэд яалаа гэж шан харамж өгч ажилд орсон хүмүүс үнэнээ хэлж хамгаа тоочихов дээ.

Ерөнхийлөгч АТГ-ын даргыг дуудаж уулзаад үүрэг даалгавар өгдөг нь маш зөв алхам. Ард түмний АН-ын нэр дэвшигчийг сонгох болсон том шалтгаануудын эхэнд жаран тэрбумын бичлэг гарцаагүй багтана. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулж, тодорхой шийдэлд хүргэхгүй бол М.Энхболд шиг юм болно. М.Энхболд Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж сонгуульд ялчихаад эсрэгээрээ ажилласныг улсаараа харсан. Мэдээж олныг басч болохгүй, ард түмэн тэнэг биш. МАН сонгуульд ялсныхаа дараа хэлж ярьсныхаа эсрэг үйлдэл хийж мэргэжлийн бус засаг байгуулсныхаа горыг энэ зуны сонгуулиар амссан.

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг М.Энхболдын хүн гэдэг. Чуулганы хурлаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр хэд хэдэн гишүүн түүнийг М.Энхболдын хүн гэж онцолж цохож байсан нь цаанаа мэдээж нарийн учиртай. Тэгэхээр Х.Энхжаргал лав жаран тэрбумын бичлэгт анхаарал тавьж ажиллахгүй. Энэ бичлэгийн үнэн мөнийг тогтоож, төрийн албыг хэдэн арван тэрбумаар үнэлсэн наймааг илчилье гэж зорихгүй. АТГ-ын даргаар томилоход нөлөөлсөн, томилуулсан хүнийхээ төлөө ажиллана гэдэг бол хэн ч бодоод олчих гаргалгаа. Энэ хэргийг илрүүлэх учиртай байгууллагын толгой удирдлагуудыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд томилж чөлөөлөх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу зарим нөхдийг өөрчилж, сольж байж л энгийн олон жаран тэрбумын бичлэгийн ард ямар наймаа явагдсаныг олж мэднэ. Ингэж байж л төрийн албыг хэн хэн наймаалцаж том толгойлсныг нийтээрээ харах боломжтой.

Ер нь тэгээд жаран тэрбумын бичлэгт дурдагдсан албан тушаалд томилогдсон, ажилд орсон бүх хүнийг авлига өгсөн гээд халалтай биш, хэцүү л дээ. Өгдөг юмаа өгөөд орсон байсан ч батлах боломжгүй эд. Хамгийн гол нь төрийн албыг наймаалцах ажлыг зохион байгуулсан, авлига өгөх нөхцөлийг бүрдүүлсэн хүмүүст арга хэмжээ авч, хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тодруулж хэлбэл Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар зэрэг нэр нь тодорхой нөхдөд. Сонгуульд оролцох мөнгөө төрийн албыг наймаалан байж босгосон ажилд оролцсон өөр бусад хүмүүсийн нэрийг ч тодорхой болгож олонд зарлах хэрэгтэй. Нийгмийн шударга ёс үүнийг шаардаж байна. Үүнийг л ил болгож, хариуцлага хүлээлгэхийн тулд Монголын ард түмэн Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Жаран тэрбумын хэрэг нэг нь дуудаж асуугаад, нөгөө нь “хууль гаргахгүй бол болохгүй” гэж хэлээд өнгөрөх асуудал биш л дээ, яаж ч харсан.


Онцлох нийтлэлүүд