ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.23 01:08

Жаргалантын ногоочид ургац арвинтай, болж бүтэж байна гэсэн амны бэлгэтэй явна

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсгийнхэн газар тариалангийн бүс нутгаар явж тариаланчдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Манай улс энэ жил нийт 420 мянга гаруй га-д тариалалт хийсэн. Үүнээс 310 мянга гаруй га-д үр тариа тарьснаас 293 мянган га-д улаанбуудай тарьсан бол 13 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо тарьсан байна. Монголын хүнсний ногоо болон улаанбуудайны хэрэгцээний дийлэнх хувийг Төв, Сэлэнгэ аймгийн ногоочид хангадаг. Тэгвэл тус аймгийн тариаланчид аль хэдийнэ ургацаа хураагаад эхэлжээ.

Ногооны талбайд капатал паржигнана. Тракторын гаргаж буй энэ их чимээнээр талд хургасан шувууд дэр хийтэл ниснэ. Харин талбайд ногоочид амсхийх завгүй бөхөлзөнө. Капатал өнгөрөв үү үгүй юу шуудай барьсаар хоёр хоёроороо төмс түүнэ. Үр, таваар гэлтгүй шуудайлах аж. Төв аймгийн Жаргалант сумын “Сав” хоршооны ногооны талбайд төмс хураах ажил ид өрнөж байгаа нь энэ. Тус хоршоо энэ жил 40 га-д төмс, хоёр га-д сонгино, 1.5 га-д лууван манжин, байцаа тарьжээ. Байцаагаа аль хэдийнэ хураагаад авчихаж. Харин төмсөө энэ сарын 18-ны өдөр ийн хурааж эхэлж буйтай таарсан юм. Намрын их ургац хураалтын өмнө ургацынхаа гарцыг судлахаар бага хэмжээний туршилт маягаар төмс хурааж байгаа гэнэ. Өнөө жил ногооны гарц сайн байгаа талаар хоршооны тэргүүн С.Нямрагчаа хэлэв. Нэг га талбайгаас дунджаар 20 тонн төмс авч байгаа аж. Одоохондоо хөрс суугаагүй, хальс нь нимгэн байгаа учраас жижиг төмсийг үрэнд нөөцлөхөд тохиромжгүй гэнэ. Тиймээс аль болох хаягдалгүй түүхийг ажилчдадаа анхааруулж байгаа нь сонстов. Уг хоршоо герман сортын үрийн төмс тарьжээ. Шаргалтсан өнгөтэй том төмс харагдсан. Эхний ээлжинд хураасан төмсөө хот руу зах зээлд нийлүүлэн мөнгө болгоод түүгээрээ үлдсэн ургацаа хураах бензэн тос, ажилчдын хөлс зэргээ зохицуулдаг юм байна. “Сав” хоршоо өнгөрсөн жил улсын шилдэг хоршоогоор шалгарчээ. Харин энэ жил өмнөхөөс илүү ургац хурааж авахаар зорилт тавьсан байна. Жаргалантад төмс бөөндөө кг нь хэдэн төгрөгийн үнэтэй байгааг ногоочдоос сонирхвол 350-450 төгрөгийн үнэтэй гэв.  Тэгвэл хамтдаа  бяцхан тооцоо хийж үзье. “Сав” хоршооны хувьд нэг га талбайгаас 20 тонн төмс дунджаар хурааж байгаа гэсэн. 40 га талбайгаасаа нийт 800 тонн төмс хурааж авах тооцоолол бий. Ингээд 800 тонн төмсөө кг-ыг нь 350 төгрөгөөр бөөндлөө гэж бодоход 280 сая төгрөгтэй болно гэсэн үг. Гэхдээ энэ бол урсгал зардлыг оруулаагүй гаргасан тооцоо. Энэ ашгаа хоршооны найман иргэн хувааж авах юм. Ингээд бодохоор Жаргалантын иргэдийн ганц амин зуулга нь газар тариалан гэдэг нь тод харагдаж байгаа болов уу. Тус суманд хашаандаа ногоо тарьдаггүй айл гэж байхгүй. Бүгд өөрсдийн боломж бололцоогоороо хүнсний ногоо тарьж амьдралаа залгуулж байна. Сүүлийн үед ногоочид олноороо нийлж хоршооллын бизнес эрхлэх болжээ. Энэ нь эрсдэл багатай төдийгүй нэгдэж нэг ажлын ард гарахад дөхөм байдаг гэнэ. Сумын хэмжээнд нийт 2560 га-д төмс тарьсан байна. Суманд нийт 70 орчим хоршоо байдаг юм билээ. Үлдсэн нь хувиараа ногоо тарих эсвэл улирлын чанартай ажил хийж мөнгө олно. Талбайд төмс шуудайлж буй нэгэн хүүтэй уулзлаа.

-Аав, ээжтэйгээ төмс хурааж байна уу?

-Аавтай хамт ирсэн.

-Жаргалантынх уу?

-Үгүй ээ. Би Хөвсгөлөөс ирсэн. Энд хамаатныдаа намрын ажил хийгээд түр байгаа.

-Хэддүгээр анги вэ. Энд ирээд хичнээн төгрөгийн ажил хийв?

-Одоо тавдугаар анги. 600 мянган төгрөг авсан. Хичээл орох дөхүүлээд хот явж цүнх, номоо бэлдээд аавтайгаа нутаг буцна.

-Өдөрт хичнээн шуудай төмс шуудайлж байна?

-Өдөрт үү, 15 шуудай.

-Нэг шуудай нь хэд вэ?

-800 төгрөг гэв. Ер нь намрын ажлын үеэр Архангай, Говь-Алтай, Хөвсгөлөөс хүмүүс ирж ногоо хураах ажил хийдэг байна. Ногоо хураах цагаар сумын хүн ам 3000-аар нэмэгддэг талаар сумын Засаг дарга Д.Ганболд онцлов. Ингээд ногоочин Ү.Эрдэнэбилэгийн талбайд очлоо. Эднийх мөн л эрт болцын ногоогоо хураагаад эхэлжээ. 60 га талбайд төмс тарьсан байна. Эрт болц гэдэг нь 60 хоногийн хугацаанд ургаж гүйцэх үр тарьсан гэсэн үг. Эрдэнэбилэг эхнэртэйгээ 20 орчим жил ногоо тарьж байгаа юм байна. Энэ жил га-аас 17-20 орчим тонн төмс авч байгаа бололтой. Нийтдээ 1000 гаруй тонн төмс авах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Харахад их тоо боловч ашгийн 50 хувь нь хүн хүч ажиллуулахаас эхлээд урсгал зардалд явчихдаг гэнэ. Бусад ногоочдыг бодвол ногоогоо борлуулахын тулд нэгэн санаа бизнестээ нэвтрүүлжээ. Нэг, хоёр кг-аар савласан ногоо хотын сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлсэн байна. “Нийслэл” гэсэн хаягтай төмс кг нь 1000 төгрөг бол хоёр кг нь 2000 төгрөгийн үнэтэй юм байна. Мөн сонгино, төмс, лууван гээд цуглуулга нь 2000 төгрөг аж. Ингэж савласан ногоог авах сонирхолтой үйлчлүүлэгч ч ихэсчээ. Гэхдээ савласан ногоог зах зээлд гаргахын тулд ажиллагаа их ордог талаар түүний эхнэр ярьсан. Ногоогоо хураахдаа талбайд сумын иргэд болон сургуулийн сурагч, цэргүүдийг гэрээгээр ажиллуулна. Ингээд хураасан ногоогоо талбайгаас ачиж сумын төв дэх хашаандаа аваачиж ангилан ялгаад шорооноос салгаж хот руу оруулдаг байна. Ингээд хотод түрээсэлдэг түрээсийн байрандаа буулгаж бэлдсэн уутандаа дахин ажилчид хөлсөлж савлуулдаг байна. Ингэж хэрэглэгчдийн гарт савлагаатай ногоо хүрдэг аж. Ер нь Жаргалантын ногооны гарц сайн байна. Гарц сайн байгаа нь хөлсөөр ажиллаж буй хүмүүст ч таатай байгаа бололтой. Ү.Эрдэнэбилэгийн талбайд ажиллаж буй Д.Болормаа бүсгүй гэр бүлээрээ хотоос ирж ажиллаж байгаа юм байна. Нөхөр, хоёр хүүхэдтэйгээ. Том охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдэх гэж хотоос иржээ. Харин бага хүүг нь харах хүн байхгүй болохоор аваад ирж. Өдөрт дунджаар гэр бүлээрээ 40 шуудайгаас дээш түүчихдэг байна. Тэгээд өдөрт гурван удаа хоол үнэгүй иднэ. Ер нь хүн хөлсөлж ажиллуулж буй ногоочдын яриагаар бол сумын иргэд, сургуулийн хүүхдүүдийг ногоо хураахад дайчилсан нь илүү хурдан, бүтээмж өндөртэй байдаг бололтой. Цэргийн байгууллагатай гэрээ хийж цэргүүд ажиллуулахаар өдөрт нэг цэрэгт 25 мянган төгрөгийн цалин өгдөг гэнэ. Харин цэргүүд капатал руу огтхон ч ойртдоггүй байна. Учир нь дарга нь амиа алдав гэсэн хатуу сануулга өгч явуулдаг бололтой. Тиймээс “Дарга техник рүү ойртож болохгүй” гэсэн тушаал буулгасан гээд хөдөлдөггүй аж. Гэхдээ цэргүүд шуудайтай төмс, ногоо машины тэвшинд ачиж, буулгах хүчний ажилдаа тун ч шаламгай аж.  Ногоочдын ярьж буйгаар байцаа, хулуу зэрэг хүнсний ногоог тогоон чинээ ургуулж болдог байна. Арчилгаа сайтай ямар ч ногооны болц сайн байдаг төдийгүй хэмжээ нь томордог байна. Нэг байцаа 5-7 кг татах нь ч бий. Гэвч дэлгүүрийн лангуун дээр очихоор иргэд төдийлөн тийм том байцаа авах сонирхолгүй байдаг байна.  

 

Талбайд ажиллаж буй сурагчтай цөөн хором ярилцлаа.

 

-Хэддүгээр анги вэ. Ангиараа ажиллаж байна уу?

-Найзуудтайгаа ажиллаж байна. Хичээл орохоор ургац хураах ажилд дайчлахаар долоо хоног амардаг. Ангийн багш ногоочидтой гэрээ хийгээд бид ажилладаг.

-Ер нь хичнээн төгрөг олдог вэ?

-Би нэг удаа сая гаргаж цалин авсан. Зуны амралтаар ажилласантайгаа нийлээд л дээ. Ангийнхантайгаа явахдаа дор хаяж 200 мянган төгрөгийн ажил хийчихдэг.

-Ядардаг уу?

-Одоо ахлах ангид орчихсон болохоор гайгүй. Анх гурав хоног төмс шуудайлахад  өөрийн эрхгүй ядраад шөнө хар дараад унтаж чаддаггүй байсан. Бүр зүүдэнд төмс түүгээд, тракторын чимээ чихэн дээр дуугараад хэцүү байдаг. Одоо бол зүгээрээ. Өлсөхгүй л бол ядрахгүй.

-Хичээлийнхээ хэрэглэлийг бэлдсэн үү?

-Бэлдсэн. Зун ногооны зэрлэг зулгаагаад олсон мөнгөө ээжийг хот явахад өгөөд хичээлийнхээ хэрэглэлийг авчихсан. Би айлын том хүү. Дороо гурван дүүтэй. Хоёр дүүгийнхээ хичээлийн хэрэглэлийг бас олсон мөнгөөрөө авч өгсөн гэв.

Ногоочид хүн хөлсөлж ажиллуулахдаа цалинг нь өдөр өдөрт нь өгчихдөг юм байна. Тийм болохоор иргэд ч ажиллах сонирхол их байдаг аж. Жаргалантын хувьд манай улсын хүнсний ногооны 30 орчим хувийг дангаараа нийлүүлдэг байна. Байгаль дэлхий нар, хураа харамгүй хайрласан болоод ч тэр үү энэ жил тус сум арвин ургац авах бололтой. Харин ногоочдын хувьд нэг асуудал тулгарч байсан нь зоорь. Болж өгвөл сумандаа зоорь барих талд нь төр засаг дэмжиж ажиллахыг хүсч байсан. Тэрнээс ногоочид алхам тутамд тулгардаг жижиг сажиг асуудлаа хүний гар харахгүй өөрсдөө зохицуулдаг болжээ. Тухайлбал, Жаргалант суманд төмсний хаягдлыг боловсруулах үйлдвэр барьж байгаа аж. Төмс хуурах үед жижиг болон хагарч бяцарсан төмс их гардаг. Тэгвэл үүнийг ашиглаж үйлдвэрийн аргаар цардуул цавуу, чипс зэрэг хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

 Д.ДАВААСҮРЭН

Үргэлжлэл бий>>


Онцлох нийтлэлүүд