ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.27 07:02

Жижиг голын загас өлсгөлөн

Ийм Япон зүйр үг байдаг аж. Эл зүйр үгийг уншаад, утгыг нь жаахан ухвал бидэнд ямар тохирсон үг вэ ч гэж бодогдохоор. Жагсаал, цуглаан, тэмцэл, ааш аяг гээд монголчууд сэтгэхүйн өлсгөлөнд нэрвэгдээд эхэллээ. Зүгээр нэг зүйр үг харчихаад хийрхээд байгаа юм биш л дээ. Сүүлийн үед гарч буй сэтгэл сэртхийлгэм хэрэг, ёс зүйн хэм хэмжээгээ алдсан үйлдлүүдийг бодох ахул энэ бүхэн улам тодрох юм. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг дээ. Өлсөх нь туйлдаа хүрэхээр өрөвч сэтгэл ч үгүй болдог юм байна. Өрөвч, нинжин сэтгэл үгүй аваас өр өвтгөсөн олон зүйлд хүн ухаанаа өгдөг. Өөрийн мэдэлгүй түүн рүү явчихдаг. Яавал өлсөхгүй байх вэ гэдэг гаргалгааг хайх бус өлсгөлөн рүү өөрсдөө гүйгээд байгаад л асуудлын гол байх шиг. Турхиралтын давалгаанд шидэгдсэн загас амь тавихгүйн тулд ямар ч ус руу ороход бэлэн байдаг. Нарийн хөгтэй хөгжмийн зэмсгийг бүдүүн модоор хийдэггүйтэй агаар нэгэн юм. Том голын загас ч гэсэн цагаа тулбал өлсгөлөнд нэрвэгдэнэ. Гэхдээ том голын загас амьд үлдэх тухайгаа том голынхоо хэмжээнд сэтгэдэг юм. Тийм болохоор жижиг голын тавилан тэр бүр тохиох нь ховор л доо. Нэг хэсэг нь зориудаар сэтгэхүйн өлсгөлөнг бий болгож, нөгөө хэсэг нь өгөөш шиг хүлээж авдаггүй баймаар байгаа юм. Эцэст нь хэлэхэд бидний сэтгэхүй жижиг байгаад л асуудлын зангилаа оршиж байна. Түүнээс биш бидний гол чинь уг нь том юм шүү дээ.

Э.ЭНХБОЛД

Онцлох нийтлэлүүд