ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.04.17 04:04

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталжээ

Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд Засгийн газрын хуралдаанаас даалгажээ. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна. Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашгаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжихэд түлхэц үзүүлнэ гэж тооцоолж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17,3 хувийг 21 хувь, экспортод эзлэх хувийг 5,3 хувьд хүргэж, шинээр 30 мянган ажлын байр бий болно гэж үзжээ. 2017 оны байдлаар бүртгэлтэй 155 мянга гаруй аж ахуйн нэгжийн 78 мянга гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынх бөгөөд 900 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ.

Онцлох нийтлэлүүд