ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.05.18 12:05

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцхийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудал: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Ж.Ганбаатар нарын таван гишүүн 2018 оны тавдугаар сарын дөрөвний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан асуухдаа: Нийтийн хоолны салбар энэ хуулийн хүрээнд хамрагдах уу, энэ талаар огт ярихгүй, дурьдахгүй байна. Хоол үйлдвэрлэгч, борлуулагч нар жижиг дунд бизнес эрхлэгч мөн үү? Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнест нийтийн хоолны салбар хамаарах уу? Нийтийн хоолны салбар төрийн бодлогын хаана нь явна. Өнөөдрийг хүртэл их тодорхойгүй байгаа. Би олж харахгүй байна уу, эсвэл ийм тодорхой бус юмуу. Яамны нэрэнд, Их хурлын байнгын бүтцэд, байнгын хорооны нэрэнд хүртэл “Хүнс” гэдэг үг яваад байдаг. Тиймээс энэ хүнс үйлдвэрлэдэг салбар үүнд хамаарч байна уу, үгүй юу. Нийтийн хоолны салбар их онцлог салбар юм шиг санагддаг. Хамгийн түрүүнд хувьчлагдсан, төрөөс дэмжлэг аваагүй бор зүрхээрээ яваа. Ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог. Уян хатан үйл ажиллагаатай. Эх орны түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүн хийдэг. Мал аж ахуйн гаралтай, газар тариалангийн бүтээгдэхүүн гэх мэт. Үйлдвэрлэл борлуулалт хоёр нь хамт явдаг. Хүмүүс шууд хэрэглэдэг. Хэрэглээнд шууд хүрдэг. Энэ байдлаараа хүнсний аюулгүй байдлын гол зангилаа салбар байх. Нийтийн хоолны салбарыг авч үзэхгүйгээр эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангана гэдэг байх асуудал уу? Би хувьдаа үүнийг төсөөлөхгүй байна. Хэрвээ энэ салбарт эрсдэл гарвал маш ноцтой үр дагаварт хүргэж болно. Иймээс энэ салбарыг онцгой анхаарах салбар мөн болов уу гэж бодоод байгаа юм. Нийтийн хоолны салбар том, дунд, жижиг бүр өрхийн аж ахуйг ч бүрдүүлдэг салбар байх. Тэгэхээр эдгээр үйлдвэрлэгчдэд төрийн анхаарал дэмжлэг хэрэгтэй л дээ. Техник технологио шинэчлэх, эргэлтийн хөрөнгөө бүрдүүлэхээс эхлээд татварын, тайлан гаргах асуудал гээд жижиг дунд бизнестэй адилтгаж авч үзэхээс өөр аргагүй салбар. Хэлэлцүүлгийн явцад нийтийн хоолны салбарыг энэ хүрээнд хамруулах боломж бий юу? гэж асуусан юм.

Энэ асуултад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хариулахдаа “Нийтийн хоолны салбар бүрэн хамаарна. Гэхдээ 2.5 тэрбум төгрөгний орлого олсны маргааш нь хамаарахаа болино гэдгийг анхаараарай. Хэрэв 2.5 тэрбумаас дээш орлого олдог сүлжээтэй бол энэ хуулинд хамаарахгүй. Хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд гэсэн ангилал байгаа. Үүнээс бусад үйлдвэрлэл үйлчилгээ, өрхийн аж ахуй, хоршоо гээд бүгд хамаарна. Аюулгүй байдлын тал дээр хариулахад энэ хууль нь төрийн дэмжлэг талаасаа учир аюулгүй байдлыг холбогдох хуульд нь оруулахад анхааран ажиллая” хэмээн хариулав.

Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг хариулав. “Санал нэг байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол Улсын гурван сая иргэнийг хамгийн их ажилтай, орлоготой байлгаж байгаа. Энэ салбарт нийт ажиллах хүчний 53.8 хувь нь ажилладаг. Яамны бодлого зорилгоо тодорхойлохдоо энэ талаар нэлээд сайн оруулсан. Бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, хот суурин газраа түшиглэж, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээж хөгжүүлсэн гурван сая иргэндээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангана гэсэн зорилготой. Манай салбарт ард иргэдээ экологийн цэвэр хүнсээр хангах үүрэг нь байдаг. Тиймээс бид хүнсний үйлдвэрлэгч орон болох зорилгыг нэмж тавьсан. Импортоор маш их хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна. Үүнийг л больё гээд байгаа. Дотооддоо үйлдвэрлэдэг болъё. Тиймээс энэ хуулийн шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулъя. Үүнийг дагаад нийтийн хоол, үйлчилгээний салбар сэргэнэ гэж харж байна” хэмээн хариулав.

Хуулийн төслийн санал хураалтад нийт гишүүдийн ирц 76-57 буюу 75 хувьтай байлаа. Үүнээс зөвшөөрсөн 57-51 буюу 89.5 хувь, татгалзсан 57-6 буюу 10.5 хувь байв.Ингээд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл”-үүд батлагдлаа.

С.ОТГОНБАЯР

Онцлох нийтлэлүүд