ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.23 08:06

Жил жилийн төгсөгчдийн сэтгэл мэдэг

МУИС-ийн 69 дэх төгсөгч оюутнууд нийллэг, цайллаганыхаа мөнгөнөөс 50 мянган төгрөг илүүчилж Хавдар судлалын үндэсний төвд зүрхний оношилгооны аппарат авч өглөө. Хэзээнээсээ хэт үрэлгэн хэмээн шүүмжлүүлж бараг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглох асуудал босч байхад МУИС-ийг төгсөгчид ийм алхам хийсэн нь бусдын санаа бодлыг ихэд зөөлрүүлэв. Нэг төгсөгчийн 50 мянган төгрөг бага санагдах ч нийтээрээ хөдөлж, нэгдвэл ямар хэмжээний ажил хэрэг болж байгааг монголчууд харсан байх. Нэг жарны тэртээ солонгосчууд гудамжиндаа гарч улс орныхоо эдийн засгийг аврахын төлөө өөрт байгаа бүх алт, мөнгийг Засгийн газартаа хандивлаж байсан түүхтэй дүйхүйц ажил байлаа.

Тэгэхээр төгсөгчид жил бүр ийм ухаалаг ажилд нэгдвэл ямар үр дүн гарах бол. Манай улсын их, дээд сургуулиудыг жилд 30 гаруй мянган оюутан төгсдөг юм байна. Нэг оюутнаас 50 мянган төгрөг татан төвлөрүүлбэл дунджаар 1.5 тэрбум төгрөг болох нь. Энэ мөнгөөр юу хийж болох вэ. 120 хүүхдийн цэцэрлэг, сургууль, сум дундын эмнэлэг гээд хүссэнээ худалдан авч, бүтээн байгуулах боломжтой. Боловсрол, эрүүл мэндийн болоод бусад олон зүйл дутагдалтай байхад “Тэдэн оны төгсөгчдийн нэрэмжит” хэмээгдэн сүндэрлэж, олон арван хүнд тус нэмэр болж байвал хэний ч сэтгэлд бахадлын гал дүрэлзэх буй за. Хамгийн гол нь ирээдүйн эзэд өнөөгийн залуусын Монголоо гэх сэтгэл мэдэх биз ээ.

Л.МӨНХТӨР


Онцлох нийтлэлүүд