ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2019.02.18 01:02

Жороо морины түүхэн товчоо

Нийтлэлч: Өдрийн сонин


ЖОРОО МОРИНЫ ТҮҮХЭН ТОВЧООН


Ховд аймгийн Булган сумын хил залгаа Хар-Шаар буюу Карашар нутаг болох БНХАУ-ын Шинжан уйгарын өөртөө засах орны Хотаны хөндийгөөс МЭ VII-VIII зууны үеийн бүтээл болох монгол галбир бүхий жороолж буй цоохор морьтой, доод талд нь тэшиж буй тэмээтэй тахилгын ханын зураг олдсон. Уг бүтээлийг жороо морины дүрслэл бүхий эртний бүтээлүүдийн нэг гэж болох юм. Харин өнөө хэр нь Ховд аймгийн Булган сум болон Шинжан Уйгур нь жороо морьдоороо алдартай байсаар байна.

1271 онд Хятад газар эзэн суусан Монголын хаад Вьетнамын вант улсыг эзэлсний дараа тусгай элчийг Бирм-д /одоогийн Мьянмар/ илгээж, тус орныг их хааны эзэмшилд нэгдэхийг шаардсан гэдэг. Гэвч Бирмийн ван Паратахапате биелүүлэхээс татгалзахаар барахгүй Монголын Их хааны элчийг цаазалсан байна. Харин 1277 онд Юнаны /одоогийн Хятадын Юун Нань муж/ амбан 700 морьт цэргийн хамтаар Бирм-д халдан довтлов. Бирмүүд тэдний өөдөөс хэдэн арав дахин хүч давуу 40-50 мянган явган цэрэг, 10 мянган морьт цэрэг, 800 гаруй байлдааны заан хөлөглөв. Монголчуудын морьд нүсэр том заанд үл ойртож чадах аж. Иймд Монголчууд маш гавшгайлан зайлж холоос харвах бөгөөд дайсны сум үл хүрэх газар Монголчуудын сум тэдний хуяг дуулгыг нэвт харвах билээ. Холын энэ харваа нь зааныг онох нь ашигтай болж шархадсан заанууд хүний өөрийн гэлтгүй дайралдсан бүхнээ хаман дайрч байв.

Монголчуудын морьд хурд нь үл цуцах цэргийн байлдах чадвар маневр сайн, зугтаж явахдаа эргэн харвах нь маш оновчтой, алдаж харвах нь үгүй. Монголчууд дайсныхаа зааны ийм тусламжтайгаар хүч тэнцвэргүй дайнд ялж, Хуту жанжин шархадсан учраас гурав дахь өдрөө гэдрэгээ эргэжээ. Тэр жилээ Монголчууд Бирмд дахин 3840 цэрэгтэй очиж хэд хэдэн цайзыг эзлээд халуунд тэсэлгүй ахин Хятад уруу эргэж ирсэн байна.


Бирмчүүд ихэс дээдэс нь тухлан унадаг, явдал зөөлөн /заан жороо гишгэдэлтэй учир явдал зөөлөн байдаг/ бодь амьтан болох заанаа дайнд ашигласан хэдий ч ялагдал хүлээсэн. Харин нүүдэлчид Ихэс дээдэс жанжиддаа жороо явдалт морийг нь эмээллэж өгсөн нь учиртай юм. Чухам жороо морийг ямар онцгой тохиолдолд унаж байсан тухай түүхэн мэдээ сурвалж, сонирхолтой баримтаас цаашид өгүүлэх болно.


Жороо морины гүйдэл дээрээс сум тавьж байсан мэргэн харваачийн унааг өнөөгийн Монголчууд Үндэсний жороо морин спорт хэмээн дэлхийн “Оюуны өмч”-д бүртгүүллээ.

1. Хэнтий ханы Хөдөө арал дахь Их Монголын хааны ордыг чиглэн дөрвөн зүг, найман зовхисоос үхэр тэрэгтэй гэр орд, тэмээн хөсөг цувж талын язгууртнууд яарсан хэдий ч баяр ёслолын байдалтайгаар урьдаар товлосон горимын дагуу маш цэгцтэй хүрээлэн буух ажээ. Тэд зарлиг ёсоор Их Хуралдайд цуглаж буй нь энэ билээ.

Зарим эрдэмтэд Их Хуралдайг өнөөгийн парламентийн өвөг төрх гэж тодорхойлжээ. Хуралдайгаар шинэ хааныг өргөмжлөн залах, дайн тулалдааны асуудал зэрэг төр улсын хэмжээний томоохон хэргийг зөвлөддөг байжээ. Хэн ч атугай Хуралдайг алгасан хаан болох хууль зүйн болон зан суртахууны үндэслэл байхгүй байсанд Хуралдайн ач холбогдол орших аж.

Ийм Монгол маягийн парламентийн түшмэдийн унаа болох жороо морьдын тоо тэр цагт 1000 хүрч байсныг Чанчунбумба зүгээр нэг тэмдэглэсэнгүй. Эрхэмсэг энэ хүлгийг гол төлөв Хуралдайд оролцох эрхтэй хаад, түшмэд, жанжид унаж байсанд утга нь оршино /академич Ч.Далай хувийн тэмдэглэлээс/.

2. Монголчууд морины хурд, нумын тэлэлтээр бүгдийг шийдэж байсангүй. Тайван замаар дагуулан авах нь Монголчуудад чухал зорилт байлаа. Жанжин байх, цэрэг байхаасаа юугаараа хэцүү билээ. Цэрэг бол дайснаа алж чадна, олзолж ч болно. Харин жанжин бол ямагт өршөөгч байх ёстой. Чингисийн жанжид үүнийг л баримтлах билээ. 1215 онд Алтан улсын умард нийслэлийг эзлэхийн төлөө тулалдаанд Хятадын цэрэг ялагдаж, хот руугаа зугтан ороод, таг түгжин суухад Мухулай жанжин хотыг удаан хугацаагаар бүслэн хааж, ятган ухуулж зөөлнөөр буулган авах арга хэрэглэжээ.

Хот хүнсгүй болж цэргийн жанжнууд нь хоорондоо уймж, бие биенээ алж, цэргүүд нь байлдах сэтгэлгүй болж сүүлдээ эсэргүүцэлгүйгээр хотоо найр тавин өгч Монголд дагаар оржээ. Мухулайгийн ятган буулгах энэхүү дагууллаас гадна Чингис хааны үед Зэв, Сүбэдэй нар дундаж Азийг зэвсэг хөдөлгөхгүйгээр, Хувилай хааны үед Баян, Ачу, Алчихай нар Дорнод Хятадад хүн ам, хот балгадыг нь үй түмээр нь дагаар оруулж явсан нь дэлхийн түүхэнд ижилгүй үзэгдэл хэмээгджээ. Үүнээс үзэхэд дагаар орох нөхцөл бүрдэхэд тэд догшин омоглон морьдоороо тэр чигээр нь гишгэлэн ороогүй нь илхэн. Тэд бас хөл алдан үймээн самуун бүр үзэхгүй харин ямар ч цагт хэзээ ч болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалах түрүүч цэргээ оньслон байршуулж хаад жанжид нь сүлд тугаа мандуулан хур дэлтэй жороо морио унаж, жагсан орсон тухай “тэд нэн сүртэй бөгөөд урт дэлтэй морьд нь хүртэл жигд алхдаг” зэргээр түүхэнд тэмдэглэгджээ. Хятадын ханз бичигт “жороо морь”-ийг “зоү ма” буюу алхдаг морь гэж бичдэг бөгөөд энэ нь орчуулбал хүний “явах” хөдөлгөөнийг илэрхийлнэ.

3. Хувилай хаан тэргүүтэй Монгол ноёд жанжид нар далайн зам дамжлага цэргийн хувьд өнөөгийн үзэсгэлэнт Чэ-жү арлыг юуны өмнө сонгон авч Япон руу довтлох газрын түшиц газар болгон ашиглаж байлаа. Чэ-жү арал нэгэнт Монгол цэргийн түшиц болсон онцгой район байсан болохоор тэнд цэргийнхэн, тэдний гэр бүл, хамаатан садан гэх мэт цөөнгүй Монголчууд суурьшин амьдарч байжээ. Корёгийн түүхэнд тэмдэглэснээр Самбёлчо хэмээх салан тусгаарлагчдыг 1373 онд бут цохиход оролцсон Монгол цэргүүдээс 500-г нь Чэ-жү аралд Корёгийн вангийн хүсэлтээр үлдээсэн байна.

Тэд Япон руу хийсэн довтолгоонд оролцсон бөгөөд довтолгооноос буцаж ирсэн цэргүүдийн 1400-г Чэ-жүд үлдээж ер нь нийт 2000-аад цэрэг үлдсэн гэсэн тоо байдаг байна. Үүнээс гадна Юан гүрэн мөхөх үед Мин улс Юаны хаад ноёдын удмын 80 гаруй өрхийг 1374 онд уг аралд цөлжээ. Нэг өрхийг бараа бологсодтой нь 4-5 хүн гэж тооцоход 320-500 орчим хүн болохоос гадна Юаны үед ордон сүм бариулах, агт хариулах хүмүүсийг аваачиж байсныг нэмж болно. Чэ-жү аралд цэргийн агтны зориулалтаар монгол адуу хариулах, өсгөн үржүүлэх ажил эрхэлж байсан монголтой шууд холбоотой, эдүгээ зөвхөн Чэ-жү аралд байгаа жижиг биетэй адуу бол тэр үеийн монгол адууны удам мөн болохыг судлаачид нэгэнтээ нотолсон байна. Гэтэл Солонгосын бусад нутагт тийм адуу байдаггүй байна. Анх 1276 онд 260 адуу аваачсанаас хойш хэдэн жил болоод дахин адуу, мөн хонь, үхэр, ямаа аваачиж мал аж ахуй эрхэлжээ. Нэгэнт Монголчууд удаан хугацаагаар суурьшиж байсан болохоор хэлний хамаарлын асуудал бас холбогдох нь тодорхой.

XIII-XIY үед Монгол хэлнээс Солонгос хэлэнд орсон үгсийн нилээд нь Чэж ү арлынхны хэлэнд байна. Ялангуяа адууны өнгө зүс, адууг уналга тээвэрт хэрэглэхтэй холбогдсон эд хэрэглэлийн холбогдолтой үгс цөөнгүй байгааг эрдэмтэд тайлбарлажээ. Чэ-жү аралд Монголоос очсон адуу сүргээрээ жороо биш юмаа гэхэд эдгээр адууны дээд сор нь жороо морь байсан нь лавтай. Чэжү арлынхан одоо болтол цөөн тооны адуу маллаж байх бөгөөд жороо морийг мартаагүйгээр барахгүй, тэдгээр адуугаа “Jora mari” гэж эртний Монгол аялгаар нь тун эвлэгхэн нэрлэж заншжээ.


XIII зуунд Че-Жү аралд аваачсан Монгол адууны удам “Жора мари”

4. “Богдын жороо” гэдэг хүн Богд Живзундамба хутагтын дэргэд гүйх албанд зүтгэж байжээ. Богдын жороо нь их Богд эзнийг хаана залран явна, тэр газрын замд эзэн хааны заларч яваа жууз тэрэгний өмнө шогшин жороолж гүйж явна.

Үнэн чанартаа Богдыг нэг талаар зугаацуулж яваа боловч нөгөө талаар хүн ардыг цугларуулан сонирхуулж улмаар Богд эзний зүгт сүсэглэн бишрүүлж байх гэсэн бодлого байсан гэдэг.

Богдын жороо, гүйх болгондоо хөнгөн маягийн шаахай, богино ханцуйтай цамц өмссөн байх нь шашины баяр ёслолын үед хааяа үзэгддэг байжээ. Ихэнхдээ хөл нүцгэн дээлийнхээ хормойг шууж гүйн явдаг байсан гэж ярилцдаг. Тэр үед Богд эзнийг ордноос залран явах замд Хүрээний ардууд Богдын жороог үзэх гэж олноор цуглардаг байжээ.

Богдын жороог нэг биш удаа үзэж сонирхсон настангуудын ярилцахыг сонсвол: Автономит үед билээ. Их эзэн Богд Хайстын ордноос /одоогийн голын музей/ Шар орд /одоогийн 6 дугаар артель буюу пионерийн орд/ хүртэл өдөртөө тогтмол хоёр удаа заларч очиход гүйдэг байсан юм гэдэг. Тэр үед Хайстын ордноос эзэн Богдын залрах үед гурван удаа бууны дуу гарч шар дарцаг барьсан жороо морьтой лам хүн морио жороолуулсаар гарч ирэхэд түүний хойноос үсэнд нь буурал сууж, нүдэнд нь гархи цагригласан цэгцгэр туранхай биетэй, оготор богино дээлтэй, дээлийн хормойноос жижиг хонхнууд, хадаг самбай унжиж хийссэн, өвгөн “Богдын жороо” гэдэг хурдан гүйгч, адуу мэт янцгаан, бусгасаар булгиулж тэвхцэн хөдөлгөөн хийж, жууз тэрэгний өмнө жирэлзүүлсээр гарч ирдэгсэн гэж настангууд өрөвдөн хайрлаж ярьдаг билээ. Энэ хүн 50 гаруй настай амьдралын ихэнх насыг ингэж өнгөрөөсөн Засагт хаан аймгийн /одоогийн Завхан аймгийн/ суурин жасааны Лосол гэдэг хүн юм байна. Лосол Засагт хаан аймагт, явган гүйгч, аймгийн зарлагын албанаа зүтгэж байгаад Богдын тааллаар Хүрээнд ирж Богдын албанд зүтгэсээр “Богдын жороо” гэдэг энэхүү нэр алдрыг олсон хүн байжээ.

5. Монгол улсын гавъяат зүтгэлтэн Жамцын Бадраа агсны Монгол улсын алдарт гавъяат дуучин Ж.Дорждагватай хийсэн монголын уртын дууны түүх судалгаа, ярианы соронзон бичлэгийг хөгжмийн зохиолч төрийн соёрхолт Жанцанноров эмхэтгэн “Их дуучны яриа” ном болгон нийтийн хүртээл болгожээ. Энэ номонд 18-р зууны сүүл үеийн монгол наадмын өнгө болон сайхан жороо морины тухай харилцан ярианаас товчлол хийвээс: Бандихүү гэдэг хүний өгүүлснээр долоон хошуу наадамд яваад ирсэн хүнээс юу үзвээ гэж асуухад бөх, хурдан мориноос гадна наадам дээр гурван сонин үзлээ.

Нэг гоё хүн, нэг жороо морь, нэг сүрхий дууч үзлээ гэж. Говь мэргэн ноёны алтан хээр морины жороолох нь нэг сонин, энэ нь долоон хошуу наадам дээр их л сайн жороо морь байсан юм шиг байна. Хоёр дахь нь товжийн Гочоо гэж нэг их гоёдог хүн аж. Баян хүн болохоор морь эргэх бүрд л нэг дээл өмсөөд гайхуулсан байлгүй.

Гуравдахь нь Чогдонгийн дуулах нь нэг сонин гэнэ. Олноо алдаршсан нэр нь Чогдон хундагалагч гэх бөгөөд халх даяар алдартай хүн ирж дуулжээ. Энэ гурвуулаа одоогийн Дорноговь аймгийнх байдаг нь гайхалтай. Ялангуяа Чогдон хундагалагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрсөн хүн ажээ. Харин алтан хээр морины тухай бол гайхалтай жороо, бодвол тэр өвөрлөгчөөс авсан морь байсан биз. Энэ өвөр монголын жороо морь гэдэг чинь жигтэйхэн юм байдгийм шдээ. Манай энд бол тийм жороо морь байдаггүй юм. Ганзага өвдөг дээгүүр тохдог жороонууд чинь өвөр монголоос л ирдэг. Эсвэл мэргэн гүний адуунаас тийм жороо гарсан юм уу, магадгүй өвөр монгол ойрхон болохоор тэндээс авсан байж болох тухай өгүүлжээ.

6. Партизан Б.Аюушжавын дуртгалд “Санж гүн, Хатанбаатарын цэрэгт хошуунаас 100 морь, аминаас 20 морь тусалсан, Улаангомын хүрээг хамгаалуулахаар Хатанбаатар 50 цэрэг дагуулан очиход лам нар бүрээ үлээж, сан тавьж угтав. Хурлын сангаас, жороо цэнхэр бор морь, хүрэн ат хоёроор Хатанбаатарт бэлэг барьсныг би хөтөлж ирсэн юм гэжээ.

Хатанбаатар Магсаржав олон удаагийн дайн тулалдаан бүхий дайчин амьдралдаа шар хээр, хээр халзан, толин сартай ухаа цавьдар, орос үүдрийн зээрд томск, өндөр улаан, жороо цэнхэр бор, цайвар хүрэн, цагаан бор, цагаан, хар зүсний олон сайхан морьдыг эдэлж явсан гэдэг.

7. Жанжин Сүхбаатарт ард иргэдээс өгсөн морьдын тухай түүний хөтөч нарын дурссанаар 5 морийг илүү хайрлаж, чухал ажил албанд сэлгэн унадаг байсныг тодруулбал:

1. Харуулын занги Дамдинсүрэнгийн ухаа хонгор

2. Ш. Өвгөнхүүгийн цайвар амтай халтар

3. Данзан ламын улаан буурал

4. Сургуультай шарга морь

5. Баяр гүнээс авсан дэлтэй “жороо хүрэн морь” аж

Харуул занги Дамдинсүрэн гэдэг нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, доогийн Булган аймгийн хүн. Богд хаант улсын үед Эрдэнэ вангийн хошууны Хяраан харуулын занги байжээ.

1921 онд Сүхбаатар зүүн харуулуудаас ардын журамт цэрэг элсүүлэхэд идэвхитэй оролцож явсан. С.Дамдинсүрэнгийн дурдатгалд өгүүлснээс:Пунцагийн дурдсан 7 хүний нэг нь болох Сүхбаатар гэгч хүн, үл таних нэгэн буриадын хамт тахиа жилийн (1921 он) хаврын эхэн сарын аравдаар миний гэрт гэнэт ирж надтай мэндэлсний дараа улс төр, олон түмний төлөөнөөс амь биеийг хайргүй хүнд чухал хэргээр яваа зэргийг дурдан хэлж Дамдинсүрэн миний биеийг чавганц Бадрахын хамт дагуулан мордон Хяраан харуулаас Уялга хүртлэх дөрвөн харуулаас тус бүр эр цэрэг 20-г уналгын хамт татан элсүүлж тухайлсан хэрэг явдлаа анх үүсгэх зэргээс эхлээд мөн Сүхбаатар өчүүхэн надаас дайн байлдааны цагт чухал хэрэг болоход унах гэж ухаа хонгор зүсмийн тарган сайн морь нэг, бас Холбоот улсын эрх барьсан их Ленинд улс, төрийн өмнөөс бэлэг болгон өгөх гэж сайн жороо явдалтай хул зүсмийн морь нэгийг авсан билээ гэжээ.

8. Хурдан морьдыг уралдааны замд бүтэн /алаг биш/ зүсмийн удган хатиртай эсвэл жороо морь унасан жанжин малгай, үндэсний хувцастай хүн төрийн далбаа бүхий туг барин асрыг гурав тойрч гаргаж өгдөг нь уламжлал юм.

9. Халхын Зая Бандида хутагтын YI дүр Жамбацэрэн жороо сайвар моринд дуртай хүн ажээ. Тэрээр 20-иод оны дундуур Цэцэрлэгмандал уулын аймгийн Эрдэнэбулган хошууны засаг дарга Жамьянсүрэнгийнд намар цагаар зочлохдоо гэрийн эзний хэдэн сайхан морийг унаж үзээд арилжаа, сайвар гурван хулыг нь ихэд таалж аль нэгий нь наймаалахыг хүсчээ. Хошуу дарга залуу сайвар морио өргөн барихад Хутагт гүнээ талархаад өөрийн унаж явсан хатиртай галбир сайт хурдан бор морийг хариу барьжээ.

Хожим тэр бор мориор чоно хөөхөд гүйцэж байсан гэдэг. Зуугийн сор залах шашин номын их мөргөлийн баяр жил бүрийн зуны сүүл сарын хорин есөнд болдог байж. Зая гэгээн 1927 оны Эрдэнэзуугийн сорд оролцож, мөргөл үйлдээд гэргий улаан Долгорсүрэнгийн хамт ижил жороо хээр морь унан солонгорох үйтэн хуар дээлтэй явжээ. Энэ нь түүний сүүлчийн уулзалт байсан агаад, Зая гэгээн 1930 онд хилсээр цаазлагдсан байдаг.


10. Өвөрхангай аймгийн Баруун БаянУлаан сумын ах дүү Г.Сайннямбуу, Г.Жанчивсэнгээ нар 1943 онд фронтод хоёр удаа морь өгчээ. Зун нь 42 морь өгсний дотор зүс нийлсэн 12 цоохор морь бэлэглэж, өвөл нь 40 морь өгөхдөө сумын наадамд түрүүлж байсан жороо зээрд морио оруулсан байна.

11. Жараад оны үед, одоогийн Улсын циркийн хойд замаар сайвар хээр морийг тэргэнд хөллөсөн явахыг хараад, хотод нүүж ирээд удаагүй байгаа Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул “Хөлийхний” Д.Лхамзав гуай явж очин:

-Ийм сайхан амьтныг тэргэнд эдэлдэг яасан Монголоо алдсан хүн бэ? Гэх зэргээр морины эзэнтэй маргалдан муудалцсаны эцэст эвлэрч Лхамзав гуай сайвар хээр морийг 300 төгрөгөөр худалдан авч, нутгийн хүнээр Онгон сум руугаа явуулж байжээ. Энэ нь зөвхөн морины наймаа хэдий ч малаа танин эдэлж чаддаг малчин Монгол хүний сэтгэл шингэсэн нэгэн түүх юм.

12. Ардын Хувьсгалын 77 жилийн ойн Баяр наадмаар “Төв цэнгэлдэх” нээлтийн ёслолд Монгол жороо морь нийгэмлэгийн санаачилгаар арав гаруй жороо морьтонг тойрог замаар явуулахад наадамчин олон ихэд баясан талархаж байлаа.