ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2019.01.16 12:01

Жороо морины хурдыг тодорхойлохуй

Нийтлэлч: Өдрийн сонин

Эх рүүгээ тэших ботгыг эргүүлж буй жороо морьтон

Зураач Н.Жаргалан

Алдын алдын жороонд нь ээ хө

Арын модод налан босноо хө

Дэлээ асгаад бөмбөрөхөөр нь хө

Дэлхий газар дайвах шигээ хө

Ц.Чимэддорж

БОТГО ЭРГҮҮЛЭХ ЖОРОО МОРЬ

Сайн жороо морийг шалгах сонирхолтой энэ аргыг тал хээр, говь нутагт хэрэглэдэг байжээ. Говь нутгийнхан алсаас эхийнхээ араас тэших ботгоны хэр хурдан болохыг мэдэх байх.

Уяатай ботгыг суллаж тавиад хойноос нь морины жороо явдлаар хөөн эхдээ очихоос нь өмнө гүйцэж, тууж ирж чадвал гайхалтай сайн жороо байх болно.


АЛДЫН ЖОРОО

Өнөөг хүртэл баруун Монголчуудын дуу хуур, өвгөдийн ярианд 5, 8, 10 алдын жороо гэж яригдсаар ирсэн. Тухайн цаг үед Монголчууд хурдны нарийвчилсан хэмжүүргүй хэдий ч сайн жороо морины гарааны хурдыг хэдэн алд сурны үзүүрийг газар хүргэлгүй жороолж байгаагаар нь ангилан 5, 7, 8, 10 алдын жороо гэж алдаршуулдаг байжээ. Энэ нь өнөө хир монгол жороо морины хурдны дээд баримжаа болсон. Онцлог нь зөвхөн ойрхон зайд морины гарааны хурдыг хэмжих учир хэдийд ч шалгаруулах боломжтой, морь ганцаараа жороолох учир жороо явдлын алдаа нь шүүгчдийн нүдэнд ил, ахуй талын хэрэглээ болсон бугуйлыг ашиглах ухаан сэдсэн зэрэг болно.

Шалгаруулахдаа баруун ганзаганаасаа сур эсвэл бугуйлны нэг үзүүрийг уяж, нөгөө үзүүрээс нь эвхэж баруун гартаа бариад, морио ухасхийн жороолох агшинд эвхээтэй чигээр нь баруун мөрөө давуулан шидэж тухайн морь жороо явдалдаа хичнээн алд сурны үзүүрийг газраас хөндийрүүлж байгааг нь харгалзан төдөн алдын жороо морь гэж нэрлэдэг байна. Монголчуудын алд гэдэг нь уртын хэмжээ бөгөөд дунджаар 168-175 см-ийг хэлнэ.


ЖОРООГ ТОДОРХОЙЛОХ БУСАД АРГА ХЭЛБЭР

Ховд аймагт жороо моринд хивс тохож хоёр үзүүрээс нь хонх уяад жороолуулдаг. Эхлээд хонх жингэнэж байснаа эрчтэй жороолж байвал хэл нь гозойж дуугарахаа больдог аж.

Сайн жороог ингэж шалгаж болдог байна. Мөн эмээлийн хойд ганзага явдалд нь хойш годойж морины хондлой дээр зөрдөг тийм сайн жороо морьд энэ нутагт нилээд байжээ. Ер нь жороо морины хөл маш хурдан зөөж тавигддаг учраас дээд хурд нь хатирч адууныхаас илүү гэж ярьдаг.

Жороо морийг шалгаруулдаг эдгээр арга нь аргагүй л монгол ахуйгаас үүдэлтэй.

Монголчууд жороо морийг эрт үеэс баяр наадам, гоёлд унаж эдлэн улмаар сонгон уралдуулах хэмжээнд хөгжүүлж иржээ. Ийнхүү жороо адууг эдлэх явцдаа хурдлах шинж биеийн гадаад гальбир дотоод нууц шинжийг гярхай таньж нэрлэсэн байдаг.


ӨМӨЗО-ны Ордосын наадмын Монгол жороо морины уралдаанд түрүүлсэн Шинжаан гаралтай жороо хээр морь. 2013 он

ГАЛБИРШИЛ

Хүрэн хүрэнгийн жороо нь

Хүзүүгээ тавиад бөмбийнө...

“Хүрэнгийн жороо” уртын дуунаас

Морины шинжийн нэгэн сударт ороо, жороо, хурдан гурвыг эндүүрэв гэж тэмдэглэсэн нь бий. Энэ нь жороо морь гадаад шинжээрээ хурдан морьтой төстэйг анхааруулсан үг болов уу.

Цааш өгүүлэхдээ: “Жороо морь болбоос бөгтөр зоотой, дөрвөн хөл бахим бүдүүн, туурай талбиун байваас сайн буй” гэжээ. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул улсын начин /жороо морь сонирхогч/ Ч.Баасанхүү жороо морь бүдүүн шилбэтэй сагаг богино, хонин шар нүдтэй, дэл сүүл өтгөн байвал шинж эрхэм, бөгтөр зоотой махир борвитой бол дөрвөн мөчний тэнийлт сайн учир явдалд нөлөөлөх сайн талтай хэмээн өгүүлж билээ.

Хүлгийн шинжийн судрын “чихэр амт” хэмээх бүлэгт нууц шинж маш олон бөгөөд тэр бүгд шүдний янз бүрийн тэмдгээр илэрдэг гэсэн байна. Хурдан хурцад хамаарагдах 21 шинжийн нэгдүгээрт: Торгон зул дээд голын шүдэнд нь буйлнаас эхлэн шүдний доод ирмэг хүртэл шахуу, утас татсан мэт гурви байвал түүнийг ийнхүү нэрлэнэ. Энэ нь хурдан сайхан явдалтай жороо сайвар морины шинж юм гэсэн байна. Ер нь жороо морь шүд сайтай нь хожим илэрсэн жишээ олон бий. 1998 онд уяачдын баяраар уран жороогоор шалгарсан Ч.Баасанхүүгийн халиун морины шүдийг татахад хорь гаруй настай энэ адуу сайхан бүрэн байжээ. Мөн улсын наадамд 1948, 1950 оны жороо морины уралдаанд түрүүлсэн Архангай аймаг Хотонт сумын “жижиг” Дүгэржавын зээрд морийг мөн хорь гаруй наслаад үхэхэд нь түүний толгойг хадгалж шүдийг нь үзэхэд “дор зах” байсан тухай нутгийн уугуул Ж.Ичинхорлоо гуай ярьж байсан. Морь жороолох явцдаа морины бусад явдлыг бодвол арай илүү хүч зардгийг уяачид ярьдаг. Иймд жороо морийг манай өвөг дээдэс алс холын аянд унадаггүй, гол төлөв баяр наадамд харьцангуй ойр зайнд уралдуулан, ноёд хатад зүс ижилсүүлэн унах зэргээр гоёлд эдэлдэг байж болох бөгөөд ер нь жороо морины талаар дорвитой судалгаа үгүйлэгдэж байгаа юм.

Жороо морины тойргийн уралдааны замд Хүй долоон худаг. 2009 он


Л.Мягмарын жороо хар морины галбир. Зүүн гар талаас зохиогчийн аав Д.Долгоржав болон Л.Мягмар нар. Булган аймгийн Могод сум. 1961 он /Амжилт: 1961 онд сумандаа жороод түрүүлж, мөн аймагт айрагдсан/


Аймгийн Алдарт уяач Т.Доржпаламын “Жороо халиун” морины галбир

УДАМШИЛ

Хөөсөнхөн адуу минь

Гучин гурван шарга

Гурваас бусад нь цөмөөрөө

Усан тэлмэн жороо шүү

Монгол ардын уртын дуунаас...

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач “Авжаа” хэмээх Б.Цэвэгжав 1940-өөд оны сүүлч

Өвөрмөц уран хэмнэлээр гишгэх жороо морийг унаж эдлэхээс гадна эртнээс ардын уламжлалт селекцийн аргаар үржүүлж ирсэн нь тодорхой амжилтад хүрч байжээ. Нутгийн зүүн талд Өвөрлөгч газрын Үзэмчин жороо гэдэг бол баруун хязгаарт Торгууд, Баяд омгийн жороог үе дамжуулан удамшуулж чаджээ.

Нийт орон даяар жороо адууны нарийвчилсан тоо бүртгэл, судалгаа хараахан үгүйн учир аймаг, сумдад жороо морины уралдааныг тогтмол зохион байгуулж буй байдал, жороо адуу удамшаад байгаа нутгуудаар хийсэн аялал судалгаа, жороо морины шинэ спортыг дэмжигч уяачид, амьд түүх болох өвгөдийнхөө хууч яриа, зарим ном хэвлэлээс эшлэн бичсэн болно. Ховд, Увсын уяачидтай энэ сэдвээр ярилцаж байхнээ найр хурим, наадам, ялангуяа олон ястаны урлаг, ёс заншилд жороо морийг уламжлуулан тусгасан нь ахуй орчинд нөлөөлсөн байх юм. Мөн шинжлэх ухаанаар батлагдаагүй ч малч ухаан, туршлагадаа тулгуурлан Ховд, Увсын уяачдын онцлог нь хол ойрын сумдын алдартай жороо морьдын удам гарлыг сураглан мэддэг, аль нутгаас хэний ямар омог хэвшлийн адуунаас авч өөрийн азарга, гүүтэй нийлүүлж сайн жороо гаргах, жороо адуутай айлын боломжийн үрээ, байдсыг зүсээр нь мэдэж, бүр үнэ ханшийг нь хүртэл багцаалан хэлж байсан. Уламжлалт ийм мэдлэг, санаа тавьж байснаараа дээрхи омгийн жороод эрт үеэс өнөө хэр нь байгаа юм. Мөн Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Завханы зарим сумдын адуунд жороо угшил тасрахгүй л байгаа юм. Адууны эзэд уяачдаас сонсож байхад ахмад үеэсээ адуунд нь жороо гүү эсвэл азарган үрээ байсан тухай ярих нь нийтлэг байлаа. Адууны жороо явдал хэрхэн удамших талаар уяач адуучид ярихдаа “Жороо азарга жороо гүүнээс заавал жороо төрдөггүй, жороо гүү болон сайвар арилжаа азарганаас буюу жороо сайвар явдалтай гүү явдалгүй төлөрхөг азарганаас сайн жороо төрөх магадлал илүү гэлцэх нь бий. Жороо азарганаас нэг л бүтэлтэй төл гардаггүй гэх бөгөөд харин жороо азарганы охин төлөөс жороо төрөх нь элбэг. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач

“Авжаа” хэмээх Б.Цэвэгжав 1940-өөд оны сүүлч Өвөрмонголын зүүн, баруун үзэмчин хошуу бол эртнээс жороо адуу өсгөн үржүүлж ирсэн нутаг юм. Тэр дундаа өвөр Хянганы нуруунаас эх авсан нарийн голын тэгш уужим хөндий хөвдөрхөг зөөлөн нугаар идээшиж өссөн адуу төрөлхийн жороо явдалтай байдаг.

Ховд аймаг Мянгад нутгийн Баян Чогцолын угсааны өргөн хэмээх Содовын жороо хар гүү, суман хатираатай хул азарганаас хурдан жороо гурван хул төрж, хурдан хул нь Ховд хотын 200 жилийн ойгоор хязааланд түрүүлж мөн цуурхай эмтэй хурдан хул нь сумандаа түрүүлж айрагдсан байна. Түүний удам сахалт хээр морь жороогоор алдаршиж байжээ.

Жороо адууг удамшуулах талаар бусдаас илүү хөдөлмөр зарж, бас ч үгүй тодорхой үр дүнд хүрсэн түүхэн баримтууд байдаг. Тухайлбал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин 4-р багийн “Авжаа” хэмээх Б.Цэвэгжав гуай түүний үеийн нөхөр Улсын сайн малчин “Баян” хэмээх Жамган нар жороо адууг илүүтэй сонирхон хаана сайн жороо байна түүнийг сонирхон шинжиж байдгаас гадна санаа таарвал наймаалцан авч унадаг байж. Мөн хурдан морио уралдуулаад айраг түрүү авч, ер нь адууг маш сайхан унаж эдэлдэг хүмүүс байсан гэнэ. “Авжаа” Б.Цэвэгжав гуай моринд жороо явдал оруулдагаараа алдартай бол “баян” Жамган нь газар газраас жороо угшилтай адуу цуглуулан үржүүлж байжээ. Түүний 20 орчим азарга адуунаас 10-аад азарга адуу нь жороо угшлынх байсан үе ч байж, цаашдын сайжруулах арга ухаан нь жороо үүлдэр гаргахыг зорьсон боловч харамсалтай нь хэрэгжиж чадаагүй хэдий ч Говь-алтай аймгийн Чандмань, Тайшир, Жаргалан, Бигэр зэрэг сумд, Завхан аймгийн Шилүүстэй, Баянхонгор аймгийн Баянбулаг зэрэг сумдыг жороо адуутай болоход бодитой нөлөөлсөн гэнэ.

Манай ард түмэн жороо морийг арчлан сургах, унаж эдлэх, наадам цэнгээнд сонгон уралдуулах талаар амьдралын асар өргөн мэдлэгтэй хэдий ч монгол жороо морины жороолох чадвар, түүний биологи физиологийн онцлог, “мэдрэлийн” хэв шинж удамших чанар зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан нь нэн хомс юм.

Унаган жороо төрнө гэдэг унах хүний хувь мэднэ (ардын зүйр үг)

Ховд аймгийн Булган сумын жороо адууны угшлын талаар Ч.Булган гуай яриа:

1956 онд Б.Ирүү Сэрээтэрийн Төмөрийн борогч гүүнээс гарсан хар бор үрээг худалдан аваад азарга тавьсан юм. Тэр бор азарганаас Баастын бор, Цагаачийн бор, Ширнээн бор, Бандийн бор зэрэг найман бор азарга зөвхөн Баянгол багт тавигдаж нэг багийн бүү хэл нэг сумын адуу үүсээд явж байгаа юм. Баянгол багийн ихэнх адуу нь жороо.

Жороо адууны ихэнх нь бор байдаг нь ийм учиртай юм аа.


Д.Ирүүгийн бор азарганы төл, А.Ширнээн бор азарганы унага Ж.Жумаханы жороо бор

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Л.Амгалангийн 7 жороо хар морины эцэг хар азарга, эх хар гүү

ЖОРОО АДУУНЫ ГЕНИЙН СУДАЛГАА НЭН ЧУХАЛ

Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн гишүүн / Академич/, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/ ScD/, профессор, Монголын үндэсний жороо морин спортын холбооны тэргүүлэгч гишүүн Яндагийн Ганболд


Монгол зан заншил, урлаг, соёлын уламжлагдан ирсэн, мал сүргээ адгуулан маллаж уналга, эдэлгээнд сургаж, тэр ч бүү хэл баяр цэнгэлийн үед “гангараа” болгон хэрэглэж, малч ухаан, малчин хүний эрдэм соёлыг гайхуулж байдаг нэгэн өвөрмөц үйлдэл нь Монголчуудын хөлөг мориндоо жороо явдал сургах, нэгэнт сурсан жороо явдлыг уран гоё болгож, урлаг мэт хөгжүүлж ирсэн нь сайхан зан заншил, ур чадвар юм. Жороо адууг газар нутгийн онцлогтой холбоотойгоор төрж, удам дамждаг хэмээн нутгийн нэрээр нь тэр нутгийн жороо морь гэж нэрлэж ирсэн түүхтэй билээ. Манай ард тумний дунд нилээд түгээмэл болсон ойлголт нь жороо адууны гарал Ховог сайрын нутгаас гаралтай гэж үздэг боловч, үүнийг шинжлэх ухааны болон уг гарвлын үүднээс баталсан нотолгоо өнөөдөр хүртэл байхгүй ба газар, газрын жороо олон үеэр дамжиж ирсэн нь нэг нутаг уснаас биш, нилээд олон газраас, өөрөөр хэлвэл нийтлэг байдлаар жороо морины явдал үүсч, хөгжсөн байж болох талтай юм.

Биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл гарал үүслийн хувьд хаа нэгтэй газар жороо адууны анхлан бий болсон гарал үүслийг батлах баримт нотолгоо байх ёстой бөгөөд энэ нь орчин үеийн ойлголтоор тухайн сүрэг, омог, магадгүй үүлдрийн генийн илрэц болох нь нэн сонирхол татаж байгаа юм.

Өнөөгийн байдлаар манай орны хувьд адуу мал яагаад жороо явдал сурдаг, эсвэл жороо төрдөг, тэр чадвар нь удамшдаг эсэх, удамшдаг бол жороо удмын сүрэг бий болгох боломжтой эсэх зэргийг судлан тогтоох нь нэн чухал байна. Энд би ардын сонгон шалгаруулалт, шилэн өсгөлт, өөрөөр хэлвэл малч ухаанаар бий болгодог жороо сургах арга туршлагыг огт үгүйсгэхгүй байна. Дэлхийн шинжлэх ухааны ололтоос авч үзвэл Америк болон Европын орны судлаачид адууны алхаа, гишгээг тодорхойлогч DMRT3 нэртэй генийг жороо моринд илрүүлсэн байна. Гэхдээ эдгээр орны жороо гээд байгаа морьдууд нь хатирч гэдгээрээ илүү алдартайг уншигч та мэдэх байх аа. Ийм адууг өсгөн, үржүүлж, уралдаан, тэмцээнд оруулж байдаг Исланд улсад гэхэд л дээрхи ген илэрдэг болох нь мэдээлэгдсэн байна.Иймээс адуунд жороо явдал бий болоход энэ ген нөлөөлдөг эсэхийг нотлон судлах ажлыг өргөн цар хүрээтэй эхлүүлэхээр бидний хэдэн судлаачид Монголын үндэсний жороо морин спортын холбооны дэмжлэгтэйгээр зорин ажиллаж байна.

Хэрвээ бид энэхүү генийг монгол жороо моринд илрүүлж чадах аваас нэг талаас /том утгаараа/ жороо морь дэлхийд өөр хаана байгааг ижилдүүлэн судлах, эсвэл зөвхөн Монголоос гаралтай гэдгийг нотлон дэлхий дахинаа зарлах, нөгөө талаас монгол жороо морины явдал удамшдаг эсэхийг тогтоох, моринд жороо явдал сургадаг арга, туршлага, ур чадвар бүхий цогц мэдлэгийг инноваци болгох, цаашилвал нутаг, нутгийн жороо адууны генийн сан бүрдүүлж, хамгаалах, улмаар уран жороо явдалтай сүрэг үржүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх боловсрол, нийгэм, соёл, зан заншил, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.

ҮНЭ ХАНШ

Нанжин гэгч газар найгалзсаар

Наян таван лан хүртэл өгсөн үгүй л морь

Долоон нуурын хотонд сайвраар нь очлоо

Далан таван лан хүртэл нь өгсөн үгүй л морь...

\”Ээрэлт хөх морь” уртын дуунаас\


Наймаа ярих уу, наадам хөөрөлдөх үү.

Унаган жороо, усан тэлмэн жороо морийг гол төлөв ихэс дээдэс болон ард олон найр наадам, гоёлд онцлон унах уламжлалаас үүдэн жороо морь харьцангуй өндөр үнэ ханштай байсаар иржээ. Ялангуяа жороо морьдоороо алдартай Ховд, Увс, Өмнөговийн Цогт Цэций сум (Шанхын хурд гэж алдаршсан нутаг) зэрэг баруун болон өмнөд бүсийн нутагт сайн жороо морины үнэ цэнэ их. Наяад оны үед хуучны ханшаар 15000 төгрөг хүрч байсан бол

Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагт сайн жороо морь азарга адуунаас наашгүй үнэд хүрдэг болов. Дөчөөд оны эхээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын баян Раднаа зүүн сумдаас алдартай жороо хонгор морийг нэг түмэн төгрөгний ханшаар авснаас олонд “түмтийн хонгор” гэж алдаршсан гэдэг. Тэр үед идэшний үхэр 40 төгрөг байсан ажгуу. Мөн тавиад оны сүүлчээр Архангай аймгийн Хотонт сумын Тогоохүү сартай хар морио ид алдаршиж байх үед нь Төв аймгийн Дэлгэрхааны Баярбат гэгчид 30 хургатай хонь, 20 хомтой тэмээгээр худалдаж байсныг нутаг усныхан нь ярьдаг юм.

Моринд жороо оруулах арга эрдэм өвлөгдөж ирсэн нь жороо морины үнэ ханш өндөр байсантай холбоотой гэж хэлж болно. Бага залуу моринд жороо оруулаад толгой салган зарах өндөр ханшаар арилжин наймаалцдаг байсан нь тухайн үеийн маш сонирхолтой бөгөөд ашигтай бизнес, амьдралаас үүдсэн ухаан ажээ. Түнчлэн далаад оны сүүлч үед Улсын аварга малчин “хар хонины” Цэвээндорж / Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул/ гуай бяд муутай шинжийн залуу хээр моринд жороо явдал оруулан, тэрбээр тэгш газар жороогоор их явуулж сурган Тожилын Пүрэвт арван адуугаар өгсөн ажээ. Ормол жороо хээрийг Тожилын Пүрэв нь Цэнхэрмандалын “Алтан” хэмээх Мажигт зарж байсан бол Ховд аймаг Мянгад сумын “баглаат” хэмээх Шагдаржавын арван хоёр настай жороо хээр морийг Г.Баттулга 6000 төгрөгөөр худалдаж авснаас хойш 1981 онд Мянгад суманд жороо түрүүлж, 1982,1983 онд Увсын Өлгий болон Ховдын Мянгад суманд айрагдаж хожим Баян-Өлгий аймгийн Толбо суманд түрүүлээд “зодог” тайлжээ.

1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн жороо морины түрүү, Ч.Лхагвагаас 10.000 төгрөгөөр авсан жороо бор морь, Б.Эрдэнэбаатар нар. Зүүнхараа 1982 он


1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн жороо морины түрүү, Ч.Лхагвагаас 10.000 төгрөгөөр авсан жороо бор морь, Б.Эрдэнэбаатар нар. Зүүнхараа 1982 он 1980-аад оны эхээр Булганы жороодыг дарж гарч ирсэн морь бол яах аргагүй Мөнхдалайн хээр. Хээр морийг Мөст сумын Хавтгай шалсаар байж 18.000 төгрөгөөр авч байжээ. Жороо хээр морийг гадагш худалдсанд харамссан хэсэг залуучууд Мөнхдалай чи энэ наадамд хэдэн халтар цаасаараа уралд, бид нар унаган жороо морио уралдуулъя гэж үг хаяж байсан гэдэг. Хээр морь их бага 20 гаруй наадмаас айраг түрүү авч Мөст сумын 60 жилийн ойгоор 20 настайдаа түрүүлж дархлуулжээ.

Саран хээрлэх Булганы салхины хурдтай хүлгүүд. Ховд хот. 2006 он А.Жаргалсайхан

Эртнээс аймаг хошууны наадамд унадаг гоёлын морь нь олон морьдтой зэрэгцэн явахад толгой хаялан унахад хөнгөн байх ёстой. Цэмцгэр цэвэрхэн гальбиртай яргай босоо биетэй, гэдэс татанга бөөрөнхий харагдах, дэл сүүл шингэвтэр алхаа гишгээ сайтай буюу жороо сайвар морь маш сайн, үнэ ханш ч өндөр байжээ. Одоогоор хамгийн үнэтэй загвар хийцтэй машинтай зүйрлэж болно. Жороо сайвар биш ч гүн хар алхаатай, сайн хатиртай морь унаж сайхан мориор нутаг хошууныхаа нэрийг алдаршуулдаг байжээ.

Монгол морь монгол хазаарын амгайн чимээ тэр чигээрээ хөгжмийн аялгуу хэмнэл гэж болно. Дорнын их найрагч Б.Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” гэж шүлэг бий.