ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.10.26 12:10

Жүжигчин, бүжигчин, реппер, загвар өмсөгчтэй сэтгүүлзүйн нэг ангийнхан

Одоогоос гурав, дөрөвхөн жилийн өмнө сэтгүүлч мэргэжлээр сургуулиа төгссөн хэдий ч сэтгүүлзүйн салбарт өөрсдийн өнгөө олохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж явна, тэд. Олны таашаалд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэж, "босго өндөр" сонин, сэтгүүлд мэргэжлээрээ ажиллаж, гадаад дотоодын алдартай их сургуульд элсэн суралцаж, зарим нь бүр телевиз радиогийн захирал хүртэл болжээ. Гэсэн хэдий ч нэг нь төрж ээж болоход, эсвэл нөгөө нь гутарч сэтгэлээр унахад үргэлж хамтдаа байдаг тэр л энгийн хэрнээ нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүйн ангийнхныг "Нэг ангийнхан" буландаа урилаа.

Тэдэнтэй болзсон газраа уулзах цагаасаа арван минут хоцроод очтол ангийн 20 гаруй хүүхдээс хүндэтгэх шалтгаантай цөөн хэдээс бусад нь цөм ирчихээд, хөгжилтэй дурсамжаа хөөрөлдөн инээлдэн сууж байлаа. Ийм олон хүнийг нэг дор болзсон цагаасаа өмнө цуглачихна хэмээн төсөөлөлгүй цугларах гэж дор хаяж нэг цаг болно доо хэмээн төсөөлсөн би багагүй сандарч "Та нар чинь яг цагтаа цугларчээ" гэвэл "Цагаа ягштал баримтална гэдгийг оюутан байхаасаа л сурлаа даа" гэцгээгээд уриалгахан ширээндээ урилаа.

Нэгдүгээр дамжаанд элсэхдээ тэд өглөөний найман цаг 40 минутанд эхлэх хичээлд ес гэж цуглардаг байж. Бүр хичээл тарахын алдад хаалганы завсраар "Орж болох уу, багш аа" гэж хэлээд багшийнхаа уурыг хүргэдэг байсан удаа бий. Хичээлээс гадуур уулзаж цугларахдаа цаг товлох нь бүү хэл үдээс хойш, өглөөгүүр, оройхон тийш гэх зэргээр цагаа товлодог байж. Тэгтэл англи хэлний хичээлдээ 20 минут хоцортол оруулсангүй гэнэ. Дараагийн удаад нь 10 минут хоцорч ирээд хичээлдээ суух гэтэл бас л оруулсангүй. Бүр ангийн дарга нь хоёрхон минут хоцорчихоод аахилж уухилсаар орох зөвшөөрөл хүсэхэд "Хаалгаа цаанаас нь хаа даа" гэжээ. Ийм маягаар эхний улирал өнгөрөхөд заасан хичээлээрээ шалгалт авч, дүн гаргах нь бүү хэл хичээлдээ суусан нь тун цөөн байж. Тэд "Н.Оюунцэцэг багшийнхаа ачаар л цаг баримталж сурсан даа. Эхэндээ ядаргаатай санагдаж, өөр багшаар хичээл заалгуулмаар байна гэж хүртэл ярилцдаг байсан. Ялангуяа эхний цаг дээр англи хэлний хичээл орох бол хоцрохгүйг л хичээнэ. Тэгсээр байгаад ганцхан англи хэлний хичээл ч гэлтгүй өдөр бүрийн эхний цагийн хичээлдээ хоцрохоо больсон" гэцгээв.

Тэд хамгийн сүүлийн уулзалтынхаа тухай ирээгүй нэгэндээ сонин болгохоос гадна саяхан нярайлсан нэгнийхээ тухай өөр хоорондоо ярилцаж сууснаа нэг нь "Гэртээ бас ангийнхантайгаа уулзахдаа л олон давхар "баг"-аа тайлж, жинхэнэ өөрийнхөөрөө байх юм даа" гэтэл бусад нь "Нээрээ л тийм шүү" хэмээн толгой дохицгоох. Угаас бүгдээр "хүн чанар"-тай, элэгсэг, найрсаг, нэгнээ гэсэн сэтгэлтэй болохоор ам муруйх нь бүү хэл хөгжилтэй түүхээ хүүрнэлдэж, инээлдэж хөхрөлдсөөр цагийг өнгөрөөдөг байжээ. Тэд оюутан байхын л сургуулийнхаа цайны газар, хичээлийн хоёрдугаар байрны номын сандаа тойрч суучихаад онигоо их ярьдаг байж. Одоо ч тэр л хэвээрээ.

Ангийнхнаас нь Сувдаа хэмээх паянгийн эзэн байдаг аж. Нэгдүгээр дамжааны эхний улиралд бараг хоёр сар шахуу өөр ангийнхантай хичээллэчихсэн байж. Ангиа ололгүй будилж явсан түүхээ өнөөг хүртэл ангийнхандаа хууч болгон ярьдаг гэсэн шүү. Бас англи хэлний хичээл дээр өөрийнхөө тухай танилцуулахдаа "Ай эм фром центр аймак" буюу "Би центр аймгаас ирсэн" гэчихэж. Угтаа бол Төв аймгаас ирсэн гэж хэлж байгаа аж. Үүнээс хойш "Центр" хочтой болжээ.

Ангийн төгс гэгээрсэн хүнээр Г.Уужимбаярыгаа тодруулчихжээ. Учир нь ангийнхан нь хичээлийн хоёрдугаар байрны номын сандаа суучихаад, онигоо ярьж суухад Уужмаа ганцаараа нэгдүгээр байрны номын санд хичээлээ хийдэг байв. Тийм болохоор бичгээр авах шалгалтад Уужмаа олон ч хүний "аминд" оржээ. Тэрээр сэтгүүлч мэргэжлийг сонгохоосоо өмнө сэтгэл судлаачийн ангид нэг жил сурчээ. Түүнийг "SBN" телевизийн гадаад мэдээний редактор, хөтлөгч хийдэг гэдгийг хүмүүс андахгүй мэдэх биз ээ. Сүүлийн үед тэрээр фитнессээр эрчимтэй хичээллэж байгаа болохоор "Манай хүн сэтгэл судлаач биш булчин судлаач болсон" гэцгээн хөгжилдөцгөөв.

Эдний анги Тухлан, Чухлан гэсэн хоёр охинтой. Угтаа бол нэр нь Ж.Хулан, Д.Хулан. Ж.Хулан нь ангийн дарга бөгөөд аливаа асуудлыг нухацтай, чухалчилж авч үздэг болохоор нь Чухлан, харин Д.Хулан айвуу тайван, аливаад яарч сандардаггүй болохоор нь Духлан гэж дууддаг болчихжээ. Сүүлдээ тэр хоёр нь "Хөөе, Хулаан" гэхээр эргэж харахаа больчихсон байсан удаатай гэнэ. Ангийнхныгаа хөгжөөж, ам хуурай байдаггүй нь Э.Зоригт, Я.Учрал хоёр аж. Бусдаасаа овор багатай, сургуулиа төгсөөд дөрвөн жил болж байгаа хэдий ч нэгдүгээр дамжаанд орсон үеийнхээ төрхөөр байгаа нь үүнтэй холбоотой гэж ангийнхан нь "оношилсон" юм байх. Э.Зоригт "Ангийнхаа охидоос хамгийн түрүүнд Б.Үүрийнтуяад "зарагдаж" анхлан танилцаж билээ. Шилжиж ирсэн эхний өдөр хамгийн арын ширээнд сууж байсан над руу зааснаа "Хөөе, чи хэн билээ" гэснээ нэрээ ч хэлэх завдал өгөлгүй "Ханын сонингоо тогтоох гэсэн юм, скочинд яваад ир" гэж билээ. Мөнгөгүй болохоор хөвгүүд дээрээ очоод "Та нарт 500 мөнгө байна уу" гэсэн чинь "Чи мөнгөөр яах гээв" гэж байна. Нэрийг нь ч мэдэхгүй болохоороо "Мэдэхгүй ээ нэг ууртай л охин байна" гээд тэд нараасаа мөнгө зээлээд скоч авчирч билээ. Скоч авчирч өгөөд л өөрөө ч мэдэлгүй байж байгаад фото сэтгүүл зүйн хичээлийнхээ бие даалтыг хийчихэж билээ. Ангийн охид нэрийг минь хамгийн томоор дээр нь биччихсэн дээ" хэмээн хуучлав. Эхэндээ ирц бүртгэх бүрт Б.Сансармааг багш нь "Чи 1981 онд төрсөн үү" гэж асууна. Яагаад гэсэн чинь Гүррагчаа 1981 онд сансарт нисч, тухайн үед төрсөн бараг бүх хүүхдэд "Сансар"-тай нэр өгч байжээ. Ингэж асуусан багшийнхаа хариуд Б.Сансармаа "Үгүй ээ, 1989" гэвэл тийм байх учиргүйдээ гэсэн нүдээр хардаг байсан тухай тэд дурсан инээлдэцгээнэ. Ганган чамин хэрнээ, тод өнгийн хувцас өмсдөг түүнийг нэг удаа "Сансрын нисгэгчийн хувцастай ирчихэж" гэж хүртэл багш нь толгой сэгсэрч байсан удаатай гэнэ лээ.

Эдний ангийнхан жигдхэн сурлага сайтай оюутнууд байж. Чөлөөт цагаараа номын сандаа инээлдэж хөхрөлддөг ч гэсэн шалгалт шүүлэгтээ бэлтгэх, бие даалтаа хийх болохоор цагийн зүүний чимээ л сонсогдохоор чив чимээгүй орчинд, дор бүрнээ хичээлээ давтдаг байснаа тэд дурсав. Ямар сайндаа л төгсөлтийн шалгалтдаа бэлтгэхээр Найрамдал зуслан явахав дээ.

Ангийн дарга Ж.Хулан нь төгссөнийхөө дараахан төрөлх сургуульдаа хоёр жил шахам багшилж байгаад Англи руу магистрын зэрэг хамгаалахаар яваад, одоо тэндээ сурч байгаа гэнэ. Тэрээр сурлага сайтайн дээр хичээлээс гадуурх ажилд тун идэвхтэй нэгэн. Урлагийн үзлэгээр бол үсээ сүлжээд тайзан дээр гарахдаа Эминемийн дууг үглэн дуулж, бараг л Эминемийг ажилгүй болгох дөхдөг гэсэн шүү.

Одоо эдний ангийнхнаас гадаадад мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалж байгаа нэгэн байхад хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Америкийн Лос-Анжелос хотод жүжигчний мэргэжлээр суралцаж яваа нэгэн ч бий. Идэвх зүтгэлтэй, сайн оюутнууд байсан учраас зөвхөн тэдний ангийнхан номын санчийн арын өрөөнд орж номоо сонгох "дархан эрх"-тэй байжээ. Бусад нь номынхоо нэрийг номын санчдаа хэлээд л шилэн цонхны наана цаанаас номоо өгч авалцдаг гэдгийг оюутан байсан бүхэн мэдэх биз ээ.

Өнөөдөр тус ангийнхнаас төрсөн дөрвөн сэтгүүлч Монголын эдийн засгийн тэргүүлэгч "Mongolian economic" сэтгүүлд ажиллахаас гадна "Стар" телевизийн ахлах редактор, продюсер, SBN телевизийн гадаад мэдээний редактор, Ховд аймаг телевизийн захирал хүртэл хийж байна.

Ангийнхан дундаас нь Э.Оюунцэцэг, н.Дамцагдорж нар гэр бүл болж, нэг хос төрсөнд тэд их л бэлгэшээж явдгаа нуугаагүй юм. Тэд өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд эх орондоо ирэхдээ заавал ангийнхантайгаа уулздаг гэнэ лээ. Бас ангийнхаа фейсбүүк группээр байнгын холбоотой байдаг гэсэн. Түүнчлэн ангийн дарга нь групп дээрээ хүүхэд нэг бүрийн төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай аж. Тэгэхдээ зүгээр ч нэг мэндчилгээ дэвшүүлэхгүй уран үгтэй хэрнээ ёжтой шүлэг явуулдаг гэж байгаа.

Тэдний зураг интернет ертөнцөөр дамжин аль хэдийнэ олны танил болжээ. Гүүглээс "Оюутан" гээд хайхад сургуулийнхаа үүдэнд гурван жилийн өмнө татуулсан эдний ангийнхны гэрэл зураг гарч ирдэг байна. Тэд "Ангиараа цугласных, тэр зургаа шинэчлээд авахуулчихъя. Сайтууд тэр зургаа шинэчилнэ биз" хэмээн бие биенээ бас л хөгжөөж байна.

Ийнхүү хөгжилтэй хөөртэй, дуу хууртай оюутан ахуй насаа дурссан тэд биднийг гарах үед төрөлх сургуулийнхаа 35 жилийн ойд ямар бэлэг барих тухайгаа ярилцан үлдсэн билээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд