ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.01 04:09

Ж.Барамсай агсны гэргий Р.Оюун: Нохдоо Барамсай, Байды гэж нэрлэсний хариу захиаг эзэнд нь явуулсан

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)


Монголын хошин шог зохиолын нэрт төлөөлөгч зохиолч, сэтгүүлч Жаргалын Барамсай агсны гэргий Р.Оюунтай ярилцаж байна. “Гавьяа” найрууллаас болж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 20 сэтгүүлчийн нэг нь Ж.Барамсай юм.


-Барамсайнхаа тухай эргэж дурсмаар санагдлаа. Хоёул яриагаа нэлээд дээрээс, Архангай аймгийн арван жилийн сургууль хавиас эхэлвэл ямар байна?

Тэгье л дээ. Манайх чинь Архангай аймгийн Хангай сумын уугуул. Аав минь Архангайд багшилж байгаад хотод шилжсэн. Улсын багшийн дээд сургуульд насаараа багшилсан, монгол хэл судлалын профессор хүн байлаа. Намайг аравдугаар анги төгсөхөөр Багшийн дээдийн монгол хэл, уран зохиолын ангид хуваарилсан чинь Барамсайтай нэг ангид таарчихдаг байгаа. Намрын тариа хураалтад яваад л танилцчихсан. 1970 онд Багшийн дээдийн оюутан бид хоёр анхны гал голомтоо асааж байлаа даа.

-Өнөөх “Хонгорзул” хамтлагийнхны үе байнаа даа?

Тийм ээ. Уран зохиол хошин шог оролддог, хэсэг залуус тэнд суралцаж байсан. Талийгаач маань арван жилээсээ эхлээд шог хошин зохиол бичиж, ангидаа бол нэлээн бүтээлтэй хүнд тооцогдож байсан үе. Тэгээд хошин шог зохиолынхоо түүврийг “Хэцүү урилга” нэртэй хэвлэлд бэлтгээд, хэвлэж эхлэх гэж байтал нэг нь матаж “харш үзэл сурталтан байна” гэснээр хэвлэхийг хориглоод, дардасуудыг нь устгачихсан юм. Энэ тухайгаа зохиолч Д.Намдаг гуайд хэлсэн чинь ихэд харамсаад, анх тутам байгуулж байгаа “Хонгорзул” хамтлагтаа бүртгээд, зохиол бүтээлийг нь дэмжээд явсан.

-Энэ хамтлаг ямар бүрэлдэхүүнтэй байсан юм бол?

-Улсын багшийн дээд сургууль, Драмын театрыг түшиглэсэн, хошин шогийн авьяастай залуусаар бүрдэж байсан байх. Зохиолчдоос Ш.Гүрбазар, Б.Лхагвасүрэн, Ц. Доржготов, Ш.Цэнд–Аюуш жүжигчдээс Дорлигжав, Латиф, Жарантав, Цэвээнравдан, Мааяа... гэхчлэн хүмүүс байсан. Д.Намдаг гуай, Монгол Улсад хошин шогийн театр зайлшгүй хэрэгтэй гээд түүнийхээ үндэс суурийг тавьж байсан гэдэг юм. Талийгаач маань энэ бүрэлдэхүүнд багтаад их урамшиж бүтээл туурвилдаа ч махардаг байсан. Анхны охиноо ч “Хонгорзул” гэж нэрлэсэн. Миний охин одоо хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байна.

-Барамсай маань сургуулиа төгсгөөд хаана ажилласан бэ?

-Бид хоёрыг сургууль төгсмөгц Архангай аймгийн төвийн арван жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар хуваарилсан. Тэнд ч удсангүй дээ. Нөхөр маань ажиллахын зэрэгцээ зохиолоо их шаргуу бичиж байсан. Хошин шог зохиолоороо бол олон түмэнд танигдаж байсан л даа. Тэгээд Хэвлэл утга зохиол хянах газар (главлет)-т Намдаг багшийнхаа тус дэмжлэгтэйгээр ажиллах болсон. Ердөө жилийн дараа манайх хотын айл болсон доо.

-Миний хувьд Ж.Барамсай зохиолчтой энэ л үеэс танил болж, таалал төгстөл нь хамт ажиллаж байсан. Миний бичсэн “Гавьяа” найрууллын хэрэгт холбогдсон тухай нь тодруулах уу?

-Талийгаач маань главлетэд ажилд ороод, сонин хэвлэлд бичиж байгаа зүйлийг уншиж хянадаг байсан юм билээ. Хариуцсан сонин нь “Залуучуудын үнэн”, “Улаанбаатарын мэдээ”. 1978 оны үед байх аа, нэг өдөр ажлаасаа ирээд Г.Жамьян, М.Шийрэв хоёрын бичсэн “Гавьяа” найрууллыг уншаад хэвлүүлчихлээ. Их сонин сайхан материал байна гэж олзуурхан ярьж байсан. Тэгсэн чинь жилийн дараа “Өнөөх найрууллаасаа болж байцаагдаж байна. Нэг л юм болох нь шиг байна” гээд их уруу дорой явах болсон.

-Бидний хорин сэтгүүлчийг бүгдийг байцааж байсан үе л дээ. Юу ярьдаг байв?

-Ажилчдын автобусыг дайраад шатаачихсан машин нь Оросын цэргийн машин байж гэнэ. Баларсаан баларсан. Монгол-Оросын найрамдалд ан цав суулгасан. Эсэргүү найрууллыг хяналтгүй гаргасан гээд л загнаад байна. Лав л ажлаас хална гэнэ. Шоронд ч орж магадгүй юм шиг байна...гээд нэг л сэтгэлийн тамтай болчихсон. Байсхийгээд л байцаагдаад ирлээ л гэдэг байсан даа.

-Тэгээд биднийг бүгдийг шийтгэсэн шүү дээ. Намайг толгойлогч болгосон. Намын хянан шалгах хороо намаас хөөж, ажлаас халаад прокурорын мэдэлд шилжүүлсэн. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч Ж.Дашдондог, “Улаанбаатарын мэдээ”сонины эрхлэгч Г.Дугар, Хотын намын хорооны хэлтсийн эрхлэгч Д.Мандшир нарыг намаас хөөхийг сануулан донгодож ажлаас халан, нутаг зааж ажиллуулсан. Бусад 16 хүнд, Намын төв хорооны тогтоол ёсоор салбар салбараар нь арга хэмжээ авсан. Ж.Барамсайд ямар арга хэмжээ авлаа?

-Нөхрийг маань Монгол Зөвлөлтийн найрамдалд ан цав суулгасан, харш үзэлтэн гэж их байцаасаан. Тэгээд нэг л өдөр ажлаас нь халчихсан. Улаанбаатар хотын намын хорооны товчоогоор оруулаад, МАХН-аас хөөхийг сануулан донгодсон, Хэвлэл утга зохиол хянах газрын намын үүрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг батлаад, намын шийтгэлтэй ажилгүй хүн болгосон доо.

-Улаанбаатар хотын намын хорооны товчоо тогтоолдоо юу гэж заасныг санаж байна уу?

-Саналгүй яахав. Ж.Барамсай нь улс төрийн талаар манай нийгэмд харш үзэл санаа бүхий “Гавьяа” найрууллыг “Залуучуудын үнэн” сонины 1978 оны тав дугаар сарын 12-ны өдрийн 54 дэх дугаарт нийтлүүлэхээр зөвшөөрөл олгон, улс төрийн сонор сэрэмж, ажлын хариуцлага алдаж, намын сахилга бат зөрчсөн... гэж байгаа юм. Тэгээд Б.Алтангэрэл, Д.Бямбаа, Ц.Доржготов, Р.Жамц, Ж.Жуваа, С.Мөнхжаргал, С.Пүрэв, Ө.Хоролдаваа нарын есөн хүн гарын үсэг зурсан тогтоол бий. Ажилгүй болсон хүн ч яахав дээ, Шаргаморьтод зуслангийн амбаар барингаа зохиолоо л бичиж байсан. Нэг юм биччихээд аваад явна, хэвлэлүүд “эсэргүүний бүтээл битгий хэвлэ” гэсэн гээд их л уруу дорой явдаг байсан даа.

-Ингээд яалаа? Эргэж ажилд нь авсан уу?

-Нэлээд хэл үг болж, ам өчгийг нь авсны дараа Хэвлэл утга зохиол хянах газартаа цалинг нь бууруулаад туслах төлөөлөгчөөр авч ажиллуулсан. Их ч удаагүй Радиогийн соёл урлагийн редакцид Х.Наранжаргал маань авч ажиллуулсан. Энд хоёр гурван жил ажиллаад л “Тоншуул”-ын хүн болсон доо.

-“Тоншуул” сэтгүүлд шог хошин зохиол бүтээлээ ёстой урсгасан даа. Төр, нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлийг их ч шүүмжилсэн. Өнөөх алдарт “Шоронгоос өшөө авагч байдаг юм биш биз” өгүүллээсээ эхлээд хурц дайчин сэдвүүдийг Барамсай л дэвшүүлж тавьж байсан шиг санагдах юм?

-Тэгсээн. Их ч бичсэн, их ч эсэргүүцэлтэй тулгарч байсан байх. Ер нь байнгын дарамтад байсан даа. Манайх тэр үед 3 дугаар хороололд байсан. Гэрийн утас байнга чагнана. Орой үдшээр хэдэн цонхыг маань ээлжээр хагална. Утсаар “Цагаан морин жилд, цагаан даавуунд ороогоод, цагаан даваанд аваачиж хаяна шүү” гэж заналхийлнэ.Троллейбусаар явж байхад нь хоёр залуу хоолойг нь боож золтой л алчихаагүй. Өрөөнд нь орж ирээд гарынх нь хуруунуудыг хутгаар цавчсан тохиолдол ч бий. Ядаад, цагдаад гуйж байж хамгаалалтад орсон л доо.

-Өнөөх нохойгоо нэрлэдэг чинь мөн л энэ үед бил үү?

-Тийм л дээ. Талийгаач маань шоглож бичээд, шог зураач Байды зургийг нь зурдаг байсан.Шүүмжлэгдсэн хүмүүс их хорсож, дургүйцэж байсан юм билээ. Увс аймгийн нэг айл хоёр нохойгоо нэгийг Барамсай, нөгөөг нь Байды гэж нэрлэсэн байсан л даа. Талийгаач маань тэр айлынханд хариу захиа бичиж явуулсан. “Нохойгоо шог зохиолч, шог зураач болгож сургаарай. Манай сэтгүүлд бүтээлээс нь ирүүлээрэй. Уран бүтээлийн их амжилт хүсье” гэсэн л дээ.

-Барамсайд маань шүүмжлүүлсэн цөөн хэдэн хүн ингэж гутааж доромжилж байсан боловч Монголын ард түмэн хайрлаж хүндэлж байсан. Тэгээд ч Монголын анхны парламентад сонгогдоо биз дээ?

-Миний нөхөр Монголын ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмжсэн хүний нэг. Тэгээд ч 1990 онд Эрдэнэтийн ард түмэн итгэл найдвар хүлээлгэн Ардын их хуралд Ц.Элбэгдорж,Ж.Барамсай хоёрыг сонгосон. Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан гавьяатай гэж бодож явдаг юм даа. Төр түшилцэж явсан хүмүүсээ ч, тэгээд л мартах юм шив дээ.

-1980-аад оны сүүлч 1990-ээд оны эх бол Ж.Барамсайн уран бүтээлийн оргил үе байсан. Энэ тухай жаахан тайлбарлах уу?

-1986 онд өнөөх хориотой байсан “Хэцүү урилга” номоо хэвлүүлээд бүтээлүүд нь ар араасаа цуварсан. “Санал гомдлын дэвтэр”, “Тоглоом шоглоом”, “Хар гар” гэхчлэн номууд нь хэвлэгдсэн. Нэг зүйлийг сонирхуулахад “Хэцүү урилга” номынхоо шагналын мөнгийг аваад ДСНК–д явж байтал нь нутгийн нэг хүн таарсан байгаа юм. Хоёул тэнд хооллож жаахан балгасан юм билээ. Гэртээ ирээд үзсэн чинь номынх нь мөнгө алга болсон байж билээ. Манай хүн чинь цагаахан, их итгэмтгий, хэнтэй л бол хэнтэй ууж иднэ, наргиж дарвина. Түүнийг нь ашигладаг хүмүүс байсан л даа.

-Ж.Барамсай маань сүүлд “Улаанбаатар” сонинд надтай хамт ажиллаж байсан. Бид хоёрын хувьд “хам хэрэгтэн” гээд их ч дотно байсан даа. Нэг л өглөө муу мэдээ ирсэн. Таалал төгсчихлөө гэж. Энэ тухай тодруулах уу?

-Зүв зүгээр л байсан. 1997 оны тавдугаар сарын 14-нд нэг үл таних хүнтэй гэртээ ирсэн байгаа юм. Хоёул архи үнэртүүлчихсэн. Тэгэхдээ ч согтоогүй. Манай охин Хонгорзул гэртээ ганцаараа байж. Аав нь нөгөө хүнтэй ажлынхаа өрөөнд хэсэг ярилцаж сууснаа нөгөө хүн нь яваад өгч. Тэгэхэд талийгаач маань охиндоо “Миний эртний танил, нийгмийн аюулаас хамгаалахын ажилтан” гэж ярьж байсан гэдэг. Нэлээд удсаны дараа нөгөө хүн, тэр үед гарч байсан хамгийн жижиг шилтэй архи барьсаар орж ирээд аавынх нь өрөөнд арваад минут болсноо гараад явчихсан байна. Яг явахдаа Хонгорзулын алгыг үзээд “Их зовлон үзэх юм байна. Гарз ихтэй байна” гэчихээд гарсан гэдэг. Охин бага байсан, юу мэдэхэв дээ. Гайхаад л хоцорсон гэсэн. Үүнээс хойш нэг цаг хэртэй болоод л талийгаачийн бие нь муудан огиулж бөөлжиж, хамаг бие нь өвдөж байгаа бололтой дагжиж чичрээд хачин болчихсон юм билээ. Би ирээд санд мэнд цэргийн төв эмнэлэгт аваачсан чинь нүднийх нь хар алга болчихоод, бөөрний дутагдалд орсон байна гээд тариа хийсэн. Өвчин ер намдаагүй, үгээ солиод, мэдрэл нь тавгүй байсан. Латиф, Цэвээнравдан хоёрыг л дуудаад байсан. Тэгээд л шөнө 01 цагийн үед амьсгал хураасан даа.

-Тэр хамтдаа архи уусан хүнийг нь олсон уу. Ер нь цагдаа хуулийнханд мэдэгдэж шалгуулсан уу?

-Тухайн үед тийм ухаан байсангүй. Тэгээд ч нөгөө хүний сураг гаралгүй өнгөрсөн дөө. Талийгаач маань тэр хүний авчирсан архинаас нэг хундага л уусан байсан. Хордлого тайлах эмчилгээний эмч л “Их л сонин тохиолдол боллоо. Зүрх нь зогсчихоод байхад тархи нь ажиллаад, юм яриад байлаа” гэж байсан сан.

-Хайран хүн өнгөрөөд 21 жил боллоо. Та нар минь талийгаачийн улс төрийн хилс хэргийг цагаатгуулах, нэр төрийг нь сэргээлгэх талаар юу хийв дээ?

Юу ч хийж чадсангүй. Би чинь учраа олохгүй байсаар л таарлаа. Харин хүмүүс хэлээд, бид ч “ухаан ороод” одоо л цагаатгуулах, нэр төрийг нь сэргээлгэх талаар бичиг баримт бүрдүүлэн хөөцөлдөж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд эхэлж хандах юм билээ гэснээр бид хоёрын яриа өндөрлөв.

Онцлох нийтлэлүүд