ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.03.26 09:03

Ж.Батзандан: Бидний үндсэн бодлого бол банк санхүүгийн монополь тогтолцоог задалж, иргэдээ зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлнө


УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Улс төрийн 11 нам, төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн иргэд хамтран “Шинэ эвсэл” байгуулж мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Яагаад эвсэл байгуулах шаардлагатай гэж үзсэн бэ?

-Улс төрийн намууд үзэл санаа, үнэт зүйл, зарчим бодлогоо нэгтгэж эвсэл байгуулан хүчээ нэгтгэж улс төрийн сонгуульд орох хууль эрх зүйн боломж байгаа. Энэ хүрээнд Монголын 10 гаруй улс төрийн нам, 100 гаруй төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодтой хамтарч Шинэ нам шинэ эвслээ байгуулж, шинэ эргэлтийн 21 бодлогоо албан ёсоор зарлалаа.

-Шинэ Эвслийн мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Мөрийн хөтөлбөр гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, шударга ёс хариуцлагын хувьсгалыг Монголдоо хийнэ гэж томьёолж байгаа. Өнгөрсөн 30 жил авлига, оффшор, дээрэм тонуул, мөлжлөг боолчлолын 30 жил байсан гэж үзэж байгаа. Иймээс хууль хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаж өгсөн. Авлига албан тушаалтны гэмт хэргүүдийг өршөөсөн бүх хуулийг бид хүчингүй болгоно.

Авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүмүүс тэдний хамаарал бүхий этгээдүүдийг Монголын төрд дахин ажиллахыг хуулиар хориглох болно. Хоёрдугаарт, улс төрийн шинэчлэл хийх нь эвслийн гол зорилго юм. Худал амлалт өгдөг, амлалтаа биелүүлдэггүй намуудад хариуцлага тооцно гэж мөрийн хөтөлбөртөө маш тодорхой оруулсан.

Гуравдугаарт, орон нутгийн сонгуулиудад улс төрийн намын оролцоог мөрийн хөтөлбөртөө орууллаа. Иргэдийн хурлыг намын хурал биш, иргэдийн хурал болгох нь зүйтэй гэж бид үзэж байна. Намчирхал талцлыг зогсоож байж Монгол хөгжинө. Тиймээс иргэдийн хурлын сонгуульд улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж Иргэдийн хурлын сонгуульд иргэд өөрсдөө оролцож иргэдийн хурлаа иргэд нь удирддаг байх нь зүйтэй гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно гэж тодорхой тусгасан. Бидний реформ шинэчлэлийн үндсэн бодлого бол банк санхүүгийн монополь тогтолцоог задалж ард иргэдээ санхүү зээлийн хүүгийн мөлжлөг, татварын боолчлолоос чөлөөлнө гэж зааж өгсөн. Өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг гурван сая ард түмнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх, өргүй Монгол хөтөлбөрийг шинэ эвслээс зарлаж байна. Монголд 30 гэр бүл болон гадаадын хэдэн компаниуд эзэн болж суусан. Энэ бодлогыг бид өөрчилнө. Стратегийн ордуудыг иргэддээ өмчлүүлж Монголд баялгийн хувьсгал, баялгийн шударга хуваарилалтыг хийнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Эцэст нь дотоодын зах зээлээ хамгаалах экспортыг дэмжсэн хөгжлийн хүрд аж үйлдвэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Шинэ нам мөрийн хөтөлбөртөө тусгалаа.

Өнөөдөр Монголын 350 гаруй мянган залуучууд гадаад улс орнуудад хар ажил хийж байна. Энэ залуучуудаа Монголд нь ирж ажиллах боломжоор хангахын тулд аж үйлдвэрийн хувьсгал хийж 200 мянган ажлын байрыг ойрын хугацаанд Монгол Улсад бий болгох ёстой гэж үзэж байна. "Ажлын байр - Хөгжлийн хүрд" хөтөлбөрөө Шинэ эвслээс зарлаж байна. Шинэ эвслийн 21 бодлого Монголыг аврах 21 бодлого гэж харж байгаа. 21 дүгээр зууны Монголыг тодорхойлох хөгжлийн шинэ замыг бий болгох 21 сайн бодлого юм.

-Коронавирусээс шалтгаалж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Коронавирус дэлхий даяар дэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд эдийн засгаа хамгаалах аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогуудыг гаргаж байна. Шинэ эвсэл, Шинэ намаас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, эдийн засгаа хямралаас аврах, дэлхийн эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг даван туулах хөтөлбөр бодлогыг яаралтай гаргахыг Засгийн газраас шаардаж байгаа. Ирэх сарын 5-нд УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Энэ чуулганаар шинэ эвсэл, шинэ намаас аж ахуйн нэгжүүдийн зээл татварын дарамтаас чөлөөлөх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх, түрээслэгчид болон зээлдэгчдэд учирч буй хүндрэлийг даван туулах бодлогуудыг УИХ-аар шийдвэрлүүлэх болно.

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох уу?

-УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байгаа. УИХ-ын шийдвэрлэх асуудал. Гэхдээ энэ талаар хэлэлцэх ёстой.


Онцлох нийтлэлүүд