ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.08.27 10:08

Ж.Бямбадорж: Бүс нутгийн байгууллагуудын чуулганыг удирдсанаар зөвхөн өөрийнхөө биш өрөөлийн төлөө ажиллах боломж бүрдлээ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган маргааш (өнөөдөр) Улаанбаатарт эхлэх гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье.

-Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган нь ашгийн бус байгууллага. Бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой энэ байгууллага энэ жил 20 нас хүрлээ. Үүнтэй давхцаад XX бага хурлаа Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ хурлын хүрээнд нэлээд арга хэмжээ зохион байгуулагдана.

-Энэ байгууллагад манайх хэзээ нэгдсэн бэ. Хурлаараа бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх үү?

-Бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд АНДЧ-д гишүүнээр элсэх нь нээлттэй бөгөөд одоогоор 15 бүрэн эрхт гишүүн, долоон харилцагч гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бүрэн эрхэт гишүүнээр Парисын Зарчимд нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллагыг элсүүлдэг. Бүрэн эрхт гишүүн нь байгууллагыг төлөөлж, АНДЧ-ы шийдвэр гаргах байгууллага болох Чуулганы зөвлөлд санал өгөх эрхтэй зөвлөлийн төлөөлөгчтэй. Манай улсын хувьд бүрэн эрхт гишүүн нь. Энэ удаагийн хуралд бүрэн эрхт, харилцагч гишүүдээс гадна сонирхогч орнууд оролцоно. Эхний хоёр өдөр дотоод асуудлаа хэлэлцэнэ. Гэхдээ эхний өдрийн үдээс хойш хүний эрхийн хамгаалагчдын асуудлыг хэлэлцэнэ. Харин энэ сарын 28-нд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт, эрүү шүүлтийг зогсоох талаар хүний эрхийн байгууллагуудын хийж байгаа ажил, тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар ярилцах юм.

-Манай улсаас ямар сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх вэ. Манай улсад хуралдаж байгаа гэдэг утгаараа энд хүний эрхийн төлөв байдал ямар байгааг хэлэлцэж, шийдвэр гаргах болов уу?

-Манайхаас комиссын гишүүн П.Оюунчимэг “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, нэмэлт протоколыг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын ололт, амжилт, сургамж” сэдвээр илтгэл тавина. Эрүүдэн шүүх асуудлаар хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, УИХ-д хүргүүлсэн зөвлөмж гээд бүх асуудлыг илтгэлдээ тусгасан байгаа.

Гэхдээ хуралдаанаар аль нэг улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэхгүй. Туршлага солилцож, гол нь бүс нутагтаа хүний эрхийн дэвшилттэй тал юу байна вэ, болохгүй нь хаана байгааг хэлэлцэж хамтарч шийдвэрлэх гарц хайх чиглэлээр ажилладаг. 2013 онд Катарт болсон хурлаар дараагийн хуралдааныг Монголд хийх эрхийг авсан. Өнгөрсөн хугацаанд Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы орлогч даргаар ажиллаж, хуралдааны бэлтгэлийг хийлээ. Хуралдаанд хэн илтгэл тавих, ямар дараалалтай байхыг даргалж байгаа Катар шийднэ. Харин Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нөгөөдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд энэ байгууллагыг даргална.

-Энэ байгууллагын гишүүн байх, үйл ажиллагааг нь удирдахын ач холбогдол юу вэ?

-Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцан дээр гаргах, Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг сурталчлах гээд ач холбогдол их.

Үүнээс гадна байгууллагыг удирдаж байгаа гэдэг утгаараа гишүүн орнуудад тулгарч байгаа асуудал, зорилтыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлнэ. Нэгэнт байгууллага удирдаж байгаагийн хувьд зөвхөн өөрийнхөө биш өрөөлийн төлөө ажиллах боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын төдийгүй, Хүний эрхийн үндэсний комиссын нэр хүнд өснө.

-Энэ хуралдааны өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард НҮБ манай улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн. Хүний эрхийн байгууллагуудаас хүргүүлсэн илтгэлд Монголд эрүү шүүлт буураагүй, харин ч өссөн талаар тусгасан. НҮБ-аас манай улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт ямар байгаа бол?

-Үнэхээр дуулгавартай баймаар байна. НҮБ-аас 2011 онд манай Засгийн газарт өгсөн зөвлөмждөө эрүү шүүлтийн эсрэг авч буй арга хэмжээгээ улам бүр бэхжүүл гэсэн шүү дээ. Гэтэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгачихсан. Өнгөрсөн тавдугаар сард болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулган (UPR)-ы зөвлөмжид эрүү шүүлттэй холбоотой асуудал маш их орсон. Мэдээж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаа дахин байгуул гэхгүй шүү дээ. Өмнө нь үр дүнтэй ажиллаж байсан механизмыг бүрдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар ажиллах ёстой гэдэг асуудлыг тавьсан. UPR-ийн зөвлөмжийг эцэслэн батлах хурал ирэх сард Женев хотноо болно. Хүний эрхийн үндэсний комисс тэр хуралд оролцоно. Засгийн газрын төлөөлөгч оролцож илтгэлээ хамгаална. Тэндээс гарсан зөвлөмжийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой болно.

-Сэжигтэн, яллагдагчийг удаан хугацаанд хорьдог, хорих газар сэлгүүлэн эрүүдэн шүүдэг гэх гомдол танай байгууллагад цөөнгүй ирдэг бололтой. Тухайлбал,ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн гэх зэрэг цөөнгүй хүн гомдол гаргасныг олон нийт мэдэж байгаа.

-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд байгаа болон ял эдэлж байгаа хүмүүсээс ирдэг гомдол эрс нэмэгдсэн. Сүүлийн дөрвөн жилийн байдлыг өмнөх үетэй харьцуулахад гомдол тав дахин нэмэгдсэн. Зуны улиралд төрийн байгууллагуудын ажил багасдаг биз дээ. Гэтэл манайд хандах иргэдийн тоо улам бүр өсч байна. Эрүүдэн шүүсэн, мөрдөн байцаалтын шатанд үндэслэлгүйгээр хорьсон гэх гомдол маш их ирж байгаа. Гэхдээ манайд хандсан бүх хүний гомдол үндэслэлтэй гэж хэлж болохгүй. Анхаарал татсан асуудал ч бий. Эрүүдэн шүүсэн, өмгөөлөгчгүй уулзсан, бичиг үсэг мэдэхгүйгээр нь далимдуулж гарын үсэг зуруулсан, айлгасан, сүрдүүлсэн, дарамталсан, гэмтэл учруулсан гэх гомдол олон ирж байгаа. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байхад асуудлыг шийдэхэд амар байсан. Гомдлыг шалгаад тийшээ шилжүүлдэг байж. Одоо цагдаа өөрөө шалгадаг болсон учраас иргэд итгэхгүй юм. “Хамт сууж байгаа цагдаагаар нөгөөхийг нь шалгуулахдаа би итгэхгүй байна” гэж харддаг. Хардлага төрүүлэхээс гадна магадгүй гэдэг байдлыг ч бий болгочихдог. Тиймээс үүнийг цэгцлээч гэдэг асуудал тавьсаар байгаа шүү дээ. Хэрэв хуулийнхныг шалгадаг тусдаа байгууллагатай бол дураараа аашилдаг явдал багасна. Үнэнийг хэлэхэд эрүүдэн шүүх чинь цөөн тооны бүтэлгүй нөхдүүдийн л үйл ажиллагаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчидтай холбоотой гараад байгаа цөөн тооны үзэгдэл байна. Ганц нэг нь тодорхой болоод ажлаасаа ч халагдсан.

-Цөөн тооны нөхдүүдээс шалтгаалаад эрүүдэн шүүдэг, бусдын эрх зөрчдөг гэдэг муухай нэр зүүж байна гэж үү?

-Хэдхэн эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчийн муйхар үйлдлийг эс тооцвол Монгол Улсад эрүүдэн шүүх асуудал эрс багассан. Энэ нь бидний нэг ололт, бусдад үзүүлэх баримт. Хамгийн наад зах нь цагдан хорих байрны нөхцөл сайжирсан. 461 дүгээр хорих анги гэхэд Европын стандартад хүрсэн.

-Хүний эрх зөрчдөг, эрүүдэн шүүдэг цөөн тооны нөхдүүд байдаг гэлээ. 2014 оны хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг уншиж байхад эрүүдэн шүүсэн тухай олон баримт байна лээ. Харин бусдыг эрүүдэн шүүсэн гэдэг үндэслэлээр ганц, хоёрхон хүнд хариуцлага тооцсон байсан. Хариуцлага нь ихэнхдээ сахилгын шийтгэл төдий байна лээ. Танай байгууллага шалгалт хийгээд хүний эрхийн зөрчил байгааг тогтоодог ч хуулийн байгууллага буруутай этгээдэд хариуцлага тооцдоггүй юм болов уу?

-Одоо ч нөхцөл байдал ийм байна. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шиг чиг үүрэгтэй байгууллага байгуулсан цагт л нөхцөл байдал өөрчлөгдөнө. Хууль хяналтынхныг шалгадаг байгууллагатай байхад харин ч хамжааргатай болж байсан шүү.

-ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн бие тааруу, эмчлүүлж байгаа. Тэр хүн танай байгууллагад хандсан байх аа?

-Г.Дэнзэнгээс ирсэн гомдлын дагуу бид очиж уулзсан. Манайхныг очиход өлсгөлөн зарлачихсан байсан. Эмч нартай нь уулзсан. Ер нь бид очиж уулздаг, холбогдох байгууллагад асуудал тавьдаг. Г.Дэнзэнгийн тухайд улайм цайм эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн зөрчил илрээгүй.

-Зунжин хорихдоо хоёрхон удаа байцаах нь эрүү шүүлтийн хэлбэр биш гэж үү?

-Цагдан хорьчихоод нэг байцаалаа, хоёр асуулаа гэдэг асуудал ярьдаг. Байцаалтаар асуудлыг тодруулдаггүй. Хуулийн байгууллагын арга тактикийн л асуудал. Нэг хэсэг цагдан хорьчихоод байцаадаггүй, бүр таг болчихдог байсан. Одоо тэр байдал арилсан. Хуулийн хугацаанд цагдан хорьж байгааг буруу гэх үндэслэл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуулийн дагуух процесс. Түүнээс зодсон, дарамталсан гэх зэрэг зөрчил илрээгүй.

-БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисстой өнөөдөр (өчигдөр) санамж бичиг байгууллаа. Хоёр улсын хүний эрхийн байгууллагууд хамтарч ажиллахаар болов уу?

-Хоёр улсын хүний эрхийн байгууллагын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Манай байгууллага БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын хөдөлмөрлөх болон бусад эрхийн талаар 2007 онд тандалт, судалгаа хийж байсан.

Монгол Улсын 30 шахам мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Олон мянган иргэд эмчлүүлэхээр тийшээ явж байгаа. Манай Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалахаар тэнд ажиллах боломж байхгүй. Элчин сайдын яам байгаа нь хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол хүлээж аваад тэр дагуу ажиллаад байх боломж байдаггүй. Үүнээс гадна БНСУ-ын маш олон иргэн Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхэлж байгаа. Тэдний эрх ч зөрчигдөх явдал гардаг. Тиймээс хоёр улсын Хүний эрхийн үндэсний комисс нутаг дэвсгэр дээрээ тухайн улсын иргэний эрх, эрх чөлөөг өөрийн улсын иргэний адил хамгаалж үйл ажиллагаа явуулъя гэдэг дээр тохирлоо.

-Тэгвэл БНСУ-д гэрээгээр болон хараар ажиллаж байгаа хүмүүс эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн байгууллагад нь хандах эрхтэй болсон гэсэн үг үү?

-Хүний эрхийн үндэсний комисс нь гомдлыг өөрийн улсын иргэний адил хүлээн авч, шийдвэрлэх боломжтой боллоо. Хоёр улсын Хүний эрхийн үндэсний байгууллагууд иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түлхүү хамтрахаас гадна бүс нутагтаа үйл ажиллагаагаа уялдуулъя гэж тохирсон. Мөн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хороонд бие, биенийхээ үйл ажиллагааг дэмжихээр санамж бичигт тусгасан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын ажилтнуудыг мэргэшүүлэх, туршлага судлах тал дээр хамтарч ажиллахаар боллоо.


Онцлох нийтлэлүүд