ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.02.15 09:02

Ж.Гончигсүрэн: Эвтэй л байвал улс эх орон маань хөгжинө

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Энэхүү баярыг хэт их нүсэр тэмдэглэж байна гэж шүүмжлэх хүн байдаг. Цагаан сарыг яаж тэмдэглэх нь бурхны шашинд зохицох вэ?

-Энэ бол монголчуудын авч үлдсэн тун чухал соёлын нэг. Өвлийг өнтэй давсны, нас нэмсний баяр, удам судар төрөл төрөгсдөө сайн таньж мэдэх, бусдыгаа хайрлах, хүндлэх сэтгэлийн билгэдэл. Ахмадуудаа хүндэтгэж, ах дүү төрөл садантайгаа учран золгодог агуу их баяр. Үүнийг зөвхөн хэлбэр талаас нь харж тайлбарлаж болохгүй юм. Хамгийн гол нь үе, үеийн өвөг дээдэс хойч үедээ зан заншлаа уламжлуулан үлдээж байгаа, үлдээсээр ирсэнд энэ баярын гол утга учир оршиж байгаа юм. Мөн урин цагтай золгож хаврын урь орж байгаагийн илэрхийлэл. Сар шинийн баярт ихэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Монголчууд үеийн үед уламжлалт зан заншлаа дээдлэх, бурхан шашинаа хүндэтгэдэг, бие биеэ энэрэн асардаг их утга учрыг сар шинийн баяр илэрхийлсээр ирсэн. Мөн цагаан сараар зүг мөрөө гаргаж буй нь сэтгэлээ засч байгаа хэрэг. Сар шинээр, гэрийн эзэн баруун хойд зүгт сууна. Ах дүүсийн баяр учраас насны эрэмбээр хүндэтгэн суулгадаг ёстой. Монголчууд сар шинэдээ өртэй орохыг ч цээрлэдэг.

Мөн хүнд муу санасан байвал түүнийгээ цайруулдаг. Сар шинэ гарч хамаг муу санаа, сэтгэлийн хир буртаг ариллаа, түүнийгээ цайрууллаа гэж сэтгэлдээ бодох хэрэгтэй. Хамгийн гол нь биеэр хийж байгаа үйлдэл болон хэлж байгаа үг, сэтгэл санаагаа ариун цагаан байлгах учиртай юм. Ер нь хүн сайн сайхныг бодож, ярьж сэтгэж байвал айл хотол, ах дүүгийн амьдрал, ажил алба бүх үйл бүтдэг юм. Сүүлийн үед айл бүр ууц тавьдаг болжээ. Цагаан сараар заавал ууц тавих ёс байхгүй. Ер нь бие, хэл, сэтгэлээ сайхан байлгаж, цовоо сэргэлэн, баясгалантай цагаан сараа угтах хэрэгтэй. Энэ баяраар архи дарс уудаггүй, хов жив ярьдаггүй.

-Битүүлэх ёсыг хэрхэн үйлдэх вэ?

-Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байх учиртай. Тийм хоол иднэ, идэж болохгүй гэх зүйл бол байхгүй. Юу байна, түүгээрээ бусдыгаа чин сэтгэлээсээ дайлахад болно.

Сар шинийн баярын өдрүүдэд ч тэр, битүүний өдөр ч тэр элбэг дэлбэг байвал л сайхан шүү дээ. Энэ өдөр Лхам бурхан 3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай тул хийдүүд Лхам хурдаг. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурхны унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс цас тавьдаг уламжлалтай. -Сар шинийн баяраар бие, биедээ бэлэг өгөх нь зөв эсвэл буруу гэх ойлголт байх юм. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Бэлэг биш сэтгэлийн өглөг гэсэн үг. Байгаа зүйлээрээ л хүмүүсийг дайлахыг хэлээд байгаа юм. Ядуу хүн ч өглөг өгөх боломж дүүрэн. Орж ирсэн хүн бүрт сэтгэлээ зориулан сайн сайхан хандах нь ч өглөг. Байгаа орчноо, бусдыгаа тайван амгалан, итгэлтэй харцаар харах нь өглөг. Дулаан сайхан инээмсэглэх нь нүүрээ зориулах өглөг, болно бүтнэ гэж үнэн сэтгэлээсээ уужуу тайван хэлэх нь хүнд сэтгэлээ зориулах өглөг болдог. Зорьж ирсэн хүмүүсийг хүндэтгэж, гэр орноо тав тухтай байлгах нь ч өглөг. Хэнийг ч ялгаваралгүй тэгш хандах нь асран нигүүлсэх, баяр баясгалангийн өглөг юм.

Их өглөг өгч, их зардал гаргаж байна гэх шүүмжлэл харагдах юм. Өглөг гэдэг зүйлийг бэлэг биш, сэтгэлийн өглөг гэж ойлгож, хармын сэтгэлгүйгээр өгөх ёстой. Юугаар ч өглөг өгч болно шүү дээ. Нэг ширхэг харандаа өгсөн ч ихэд баярлан хүлээн авах хэрэгтэй. Хэн хэнд нь буян хурна. Өөрт хэрэггүй бэлэг өгвөл хэрэгтэй нэгэнд нь өгчихөж болно. Бэлэг гэж нэрлээд буй өглөгт шингэж буй сэтгэл нь хамгийн чухал.

-Сүүлийн үед хүмүүсийн байдал тогтворгүй ч юм шиг. Олон асуудал үүссэн, зөрчил маргаан ихтэй байх боллоо. Энэ нь юунаас болоод байна вэ?

-Цаг хугацаа гэж нэг зүйл бий. Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн амьдралыг туулсаар байна. Жил сар улиран өнгөрөх тусам, гадаад дэлхий етөнц, хүний дотоод оюун санаа хүртэл цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Ингэж хувьсан өөрчлөгдөх нь дэлхийн хууль ч бид сэтгэлээ номхотгохгүйгээсээ болоод, хэл ам хэрүүл тэмцэл, атаа жөтөөг их гаргаж байна. Энэ нь бурхны шашинтай салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрийгөө танин мэдэх сэтгэл байгаа ч бусдыг асран энэрэх сэтгэл нь алга болсоор байна. Монголчууд шашин номоо устгасны үр дүн ийнхүү 80 жилийн дараа илэрч байгаа юм. Боловсрол олсон, ухаарсан, гэгээрсэн хүмүүсээ хэрэггүй мэт үзэж түүх, соёлоо устгасаны хор уршиг нь энэ. Ёс заншлаа мэдэхгүй, бурхан шашиндаа итгэхгүй болсоор байна.

-Хүн ард сэтгэлээ засах вэ. Энэрэнгүй нигүүлсэлд хэрхэн суралцах вэ?

-Бурхны сургааль гэдэг зүйлийг үзэх хэрэгтэй. Нүгэл гэж юу юм. Хойд, урд нас гэж байдаг уу, үгүй юу гэх зэргийг анхаарах ёстой байна. Хүний нас ганцхан энэ насаар дуусахгүй. Мөн хичнээн хөрөнгө хураасан ч энэ ертөнцөд ирсэн шигээ нүцгэн буцна. Тиймээс хэт их хөрөнгө хураах, түүнийгээ буруу аргаар олох хэрэг байна уу, үгүй юу гэдгээ бодох ёстой. Гэхдээ боломжтой сайн сайхан баян тарган яваа хүмүүсийг хараад би баярладаг. Тэд урд насандаа бүтээсэн сайхан үйлийнхээ ерөөлөөр, одоо элбэг дэлбэг, хангалуун амьдралтай байгаа юм гэж хардаг. Тиймээс тэднийг бид адлах ч бас хэрэггүй. Хичнээн их хөрөнгөтэй, хөрөнгөгүй байсан ч ядарсан олон амьтанд чин сэтгэлээрээ тусалчихаж байвал буян нь хурна.

-Манай ард олны амьдрал хүнд хэцүү, төр тогтворгүй байгааг монголчуудын хийж буй нүгэл ихдээд байна гэж ойлгож болох уу?

-Нүгэл ихдээд гэж шууд ойлгож болохгүй. Боловсролоо дээшлүүлэх, юмны үнэн зөв учир зүйг ойлгож чадахгүй байна гэсэн үг. Үйл биеэр, сэтгэлээр, хэлээр үйлдэгддэг. Үйлийг үйлийн эзэн эдэлнэ үү гэхээс өөр хүн эдэлдэггүй юм. Айл гэрийн хүмүүс эвтэй л байвал буян хишиг тогтоно шүү дээ. Улс, байгууллага ч ялгаагүй. Эвтэй л байвал улс эх орон маань хөгжинө. Хэрүүл тэмцэлтэй байвал хийсэн буян нь арилаад, юу ч тогтдоггүй юм. Энэ бол бурхны сургааль. Аливаа сав хир буртагтай, цоорхой, уруугаа харсан бол юу ч тогтохгүйтэй адил. Үүнийг ойлгож буян хураах арга бол сэтгэлийн их амар амгаланг олох. Тиймээс хүн ард сэтгэлээ хиргүй тунгалаг байлгах л ёстой байгаа юм.

-Монголчууд алт их ухдаг, үүнээс болоод байгалийн хатуу ширүүн үзэгдэл их ажиглагдах болсон гэдэг. Алтыг ухах нь зөв үү, буруу юу, бурхны шашинд юу гэж тайлбарладаг вэ?

-Газар дэлхийг оршин тогтнуулдаг байгаль дэлхийн гагнаасууд гэж бий. Дэлхийг нэг сав гэж үзвэл савыг бүтэн байлгаж буй гагнаас алт юм. Тиймээс байгаль дэлхийгээ ухаад баяжихгүй, жаргахгүй. Сүйтгэсний хор хөнөөл нь тэрнээс илүү их сүйрэл болж ирнэ. Одоо ч усгүй, ургамалгүй болж байна. Мөн ухсан алтаа юунд, ямар зүйлд яаж зарцуулж байна гэдгээс бас шалтгаална. Ганцхан хувиа бодож баяжихыг улайрч буй бол их нүгэл болно.

-Энэ насанд хийсэн нүгэл хэзээ эргэж ирдэг вэ?

-Хэзээ ч ирж болно. Шамшигдана гэх ойлголт байхгүй. Энэ насанд эсвэл дараагийн төрөлд ирнэ.

-Тэгэхээр орох оронгүй, идэх хоолгүй тун хүнд хэцүү амьдарч буй хүмүүсийг урьд насныхаа үйлийг эдэлж байна гэж ойлгох уу?

-Хүн өөрөө бас хичээх хэрэгтэй. Урьд насны үйл байсан ч тэд нүглээ нимгэлж болно. Ядуу хоосон хүн ч маань уншиж болно, хүнд тусалж, хүний ажлыг хийгээд, шалыг нь угаагаад өгчихвөл аяга цай өгнө биз дээ. Байгаа хувцсаа оёод, нөхөөд өмсчих хэрэгтэй. Ядаж л мал маллаж, ногоо тарьж, хашаа цэвэрлэж чадахгүй хүн лав байхгүй. Хийе гэвэл хүн юуг ч хийгээд амьдарч болно. Өөрөөс нь их зүйл шалтгаална. Хэн нэгэн намайг асрах ёстой гээд буруу хараад хэвтээд байж болохгүй.

-Хүн хувь төөргөөр амьдардаг гэдэг шүү дээ?

-Хаана, хэзээ, ямар газар төрөх вэ гэдэг нь урьд урьдын үйлтэй холбоотой. Баян газарт, усгүй, хоолгүй газарт ч төрөх хүн байна. Хүний амьдралын төөрөг зөвхөн эцэг эхээс шалтгаалахгүй, урьд насны үйлийн үр тасардаггүй юм. Гэхдээ тэр үйлийг яаж эдэлж, яаж нимгэлж, хэрхэн амьдрах нь өөрөөс нь шалтгаална. Сэтгэл санаагаа сайхан болгоод, бусдад ерөөл тавиад хэн, хэндээ хүндэтгэлтэй хандаад ирвэл хамаг үйлс бүтээд сайхан болно. Хамаг зүйл өөрөөс нь шалтгаалж байна гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Хүн бүр аливаа юмны учир шалтгааныг олж судалж мэдэж байх хэрэгтэй байна. Уг нь хүний төрлийг олно гэдэг чинь хамгийн ховор сайхан тохиол. Бусад хүний гэмтэй биш, эрдэмтэй сайн, сайхан талыг нь харах хэрэгтэй. Хүнийг муулаад, муухайгаар хараад байвал өөрөө өөртөө л тэр хүний муу муухай бүхнийг татаж байгаа юм.

-Хүний хувь заяа бас төрсөн жил, сар, өдрөөрөө тодорхойлогддог гэл үү?

-Миний багш ихэр төрсөн хоёр хүүхэд цагийнхаа зөрүүнээс болоод, өөр өөр хувь заяатай байдаг гэж хэлсэн. Хүн бүрийн зурхай ижил жортой биш. Өдөр бүр сайн цагтай, 27 од гэж бий. Аль барилдлагад, мэнгэнд суудалд төрсөн гэх мэт олон зүйлээс их юм шалтгаална. Түүнээс биш шоо хаяад мэргэ хийгээд хэлдэг зүйл бол зурхай биш юм.

-Өөр өөр айлын хүүхдүүд ч яг нэг цаг минутад төрсөн бол ижил хувь заяатай гэсэн үг үү?

-Ойролцоо байна. Гэхдээ газар нутгийнхаа хуваариас бас шалтгаална. Яг нэг цаг минут секундэд Улаанбаатарт, Ховдод төрсөн хоёр хүүхдийнх ижил заяатай байхгүй. Тухайн газрын байрлал, уртраг, өргөргийн, өндөр намын үзүүлэлтүүд хүртэл хамаарна. Аль газрыг олж төрнө гэдэг нь мөн өөрийн урьд насны үйлтэй ч холбоотой.

-Ярианыхаа төгсгөлд ирэх нохой жилийн өнгө ямар байх талаар сонирхоё?

-“Тийн унжлагат” хэмээх нохой жил залуус болон дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, өвгөд, өндөр суудалтанд тааруу жил гарах ерөнхий дүр зураг буусан. Их хүмүүн амгалан сайн, санаснаа бүтээх жил гарна. Иргэдийн байдал амар амгалан байх ч эзэд түшмэл, улс гэрийн байдал тайван бус бага зэргийн хямралтай гэжээ. Мөн жилдээ өвс ногоо сайтай, үр тариа дэлгэрэх боловч, зундаа хур багатай, мөндөр, цахилгаан ихтэй байх нь. Жилийн эхэн ба адаг сард салхитай, газар тариалангийн ажил дэлгэрч, үр жимс ургац арвинтай мал өсч, зуд турхангүй байна гэсэн ерөнхий дүр зураг буусан байна. Гэхдээ хулгай дээрэм олшрон, олсон эд малыг ноёд авч, эд тариа үнэгүйднэ хэмээн бичигдсэн байгаа. Хоёрдугаар сарын 16-нд буюу шаргачин туулай өдөр шинийн нэгэн тохиож байна. Буян үйлдвэл цаглашгүй буян нэмж, үйл бүтэх сайн өдөр тохиож байгаа. Нохой жилд үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байна. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал, уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.


Онцлох нийтлэлүүд