ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.07.01 08:07

Ж.Дэлгэрсайхан: Гол төслүүддээ шүүхийн маргаантай яваа нь хөрөнгө оруулагчдын хандлагад сөргөөр нөлөөлж байна


Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Шинээр бүрдэх Засгийн газрыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

-Эрх баригч намын хувьд хамгийн эхний сорилт нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцсэн Засгийн газар бүрдүүлэх асуудал. Хэлбэрийн хувьд Үндсэн хуулийг дагахаас гадна өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд улс орныг удирдах, томоохон сорилтыг давах чадвартай мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх нь чухал. Эрх баригч хүчин дахин үнэмлэхүй олонхи болсон энэ боломжоо засаглал, институцийн чадамжийг сайжруулахад чиглүүлж чадвал улс оронд тустай зүйл болно. Мөн тухайн намын хувьд ч сайн зүйл байх нь гарцаагүй. Нийгэм шударга, сайн засаглалыг хүлээж байгаа.

Шинэ Засгийн газрын хувьд эдийн засгийн томоохон сорилтууд хүлээж байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа нь асуудлыг бүр эргэлзээтэй болгож байна.ОУВС-гийн зүгээс саяхан дэлхийн эдийн засгийг 4.9 хувиар унана гэж таамаглалаа шинэчиллээ.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын таамаглалаа нэлээд буулгасан байна шүү?

-Харин тэглээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байсан төсөөллөөс 1.9 хувиар доошилсон таамаглал болж байна. Тэгэхээр шинэ Засгийн газрын хамгийн том сорилт нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах асуудал байх нь тодорхой юм. Одоогийн Засгийн газрын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааг доройтуулахгүй байх чиглэлд бололцооны хэрээр ажиллаж байна. Гэхдээ энэ байдлаар удаан явах эдийн засаг, санхүүгийн чадавхи бидэнд байхгүй. Тиймээс одоо аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг тэлэх чиглэлд тооцоо судалгаатай, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Үүний дараагаар төсөв, валютын ханш, өрийн гэх мэт асуудлуудыг шийдэх шаардлага бий.

-Төсвийн алдагдал эхний таван сарын байдлаар 1.6 их наядаар хэмжигдэж байна. Энэ мөнгө тойргууд руу байшин барилгын суурь болоод дууссан байх. Төсвийн энэ мэт том алдагдлыг багасгахын тулд яах ёстой вэ?

-Төсвийн энэ алдагдал нь 2017-2020 оны хувьд хамгийн муу үзүүлэлт. Төсвийн алдагдал нэмэгдэхэд зардлын өсөлт (29.3 хувь), орлогын бууралт (15.4 хувь) аль нь нөлөөлсөн. Үүнд зөвхөн зардлаас гадна өөр шалтгаан ч бий. Цар тахлын нөлөөллөөр орлого буурсан нь бас нөлөөлсөн. Зардлын хувьд таны хэлсэн нь бодит байдалтай нийцэж байгаа. Энэ хугацаанд зардлын өсөлтөд урсгал зардал 27.3 хувь, хөрөнгийн зардал 57.6 хувиар өссөн нь алдагдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Төсвийн хувьд бид алдагдлыг бууруулах, төсвийн зардлыг оновчтой чиглэлд өөрчлөх гэсэн сонголттой тулгарч байгаа. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэл барих нь хэдийгээр өнөөдөр ирэх төсвийн дарамтыг бууруулах боловч эдийн засгийн хүндрэлийн үед хэр оновчтой вэ гэдэг асуудалтай тулгарна. Үүний оронд төсвийн тодотголын хүрээнд төсвийн нэн тулгамдсанаас бусад хөрөнгө оруулалтын зардлыг танах, түүний оронд шаардлагатай чиглэлд эдийн засгийг дэмжих боломжит хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хувилбар байж болох юм. Шийдвэрийг Засгийн газар гаргах боловч миний хувьд энэ онцгой нөхцөл байдалд төрийн зүгээс эдийн засгийг дэмжих боломжит бүх аргыг хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна.

-Төсвийг дор хаяж хэдээр танах ёстой гэж та харж байна вэ?

-2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 12.9 их наяд, зардлыг 13.9 их наяд, алдагдлыг 2.1 их наяд байхаар баталсан. Нийт зардалд хөрөнгө оруулалтын зардал 3.6 их наяд төгрөг байгаа. Оны эхний таван сарын байдлаар хөрөнгийн зардалд 826 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан. Иймээс бид одоо хэрэгжүүлээгүй байгаа хөрөнгө оруулалтын зардал тал дээр боломжоороо ажиллах шаардлагатай болов уу. Энэ нь төсвийн алдагдал бууруулах, эсвэл эдийн засгийг дэмжих чиглэлд тодорхой эх үүсвэрийг чөлөөлөх боломжийг олгох болно.

-Төсвийн тодотгол хийнэ гээд харахаар төсөвт найдалтгүй гэж харах хүн цөөнгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эсвэл зээл гэсэн хоёр гарц л бидэнд үлдээд байна уу?

-Төсөвт найдалтгүй гэж шууд хэлэх нь бас өрөөсгөл. Шинэ УИХ-ын хийх эхний ажлуудын нэг нь төсвийн тодотгол байх шаардлагатай. Үүн дээр Шинэ засаг эдийн засагт хамгийн эерэг нөлөөлөх байдлаар бэлтгэх ёстой. Төсвийн тодотгол хэдийгээр эдийн засгийг бүрэн аварчихгүй ч тодорхой хэмжээнд дэмжлэг болох нь гарцаагүй. Өөр гарцын хувьд олон улсын зах зээлээс арилжааны санхүүжилт авах, ОУВС-гийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах, хөнгөлөлттэй зээл тусламж авах гарцууд төсвийг санхүүжүүлэх, эдийн засгийг дэмжих хүрээнд байх боломжтой. Арилжааны зээл авах боломж хязгаарлагдмал, зардал өндөр зэрэг сул тал бидэнд байна. Иймд бусад арга замыг эрэлхийлэх нь санхүүгийн эх үүсвэр нэмэгдүүлэх сонголт байх болов уу.

-Хамгийн бодитой үр дүнтэй арга нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх болов уу. Хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд яах ёстой гэж та харж байна?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь бидний урт хугацааны асуудалд хамаарна. Учир нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гарах боломж бага. Дэлхийн эдийн засгийн байдал өөрөө хүнд, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой бус зэрэг сөрөг нөлөө их байна.

-Тэгвэл урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар гарц байна?

-Урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бидний хийх гол зүйл нь бодлого, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой, тодорхой байдал. Юуны түрүүнд бид хөрөнгө оруулалтыг татах гол салбар болох уул уурхайн салбарын бодлого, хэрэгжилт, тухайн салбарт байгаа эргэлзээтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Бодлого тогтворгүй, шийдвэр гаргалт тодорхойгүй, гол төслүүд дээрээ шүүхийн томоохон маргаантай байгаа энэ байдал нь бидэнд хандах хөрөнгө оруулагчдын хандлагад сөргөөр нөлөөлж байна. Үүний дараагаар тухайн салбарын дэд бүтэц, татвар, орлогын оновчтой хуваарилалт зэрэг олон асуудлыг зөв шийдвэрлэх нь салбарын нэр хүндэд эерэгээр нөлөөлж эдийн засгийн үр ашиг нь нэмэгдэх боломжтой юм. Бусад салбарын хувьд томоохон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх нь дараагийн асуудал.

-Өр, зээл, бондын төлбөрийн хувьд ирэх жилээс их хэмжээний төлөлт эхэлнэ. Эдийн засагтаа хал багатайгаар шийдэх ямар гарц байна вэ?

-Өрийг эдийн засагт хал балгүйгээр шийднэ гэсэн ойлголт байдаггүй. Тухайн өр эдийн засагт ямар өгөөжийг бий болгосон, төлөлт нь ямар санхүүгийн нөхцөл байдлыг бий болгох вэ гэдэг л чухал. Харин таны асуусан эдийн засагт хал багатайгаар гэдэг дээр гаргалгаа хайж болох юм. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад бид 2017 онд хийсэн үйлдлээ дахин давтах магадлал өндөр байна. Хөтөлбөрт дахин хамрагдах, түүгээр дамжуулан харьцангуй урт хугацаатай зардал багатайгаар өрийг өрөөр солих нь бидний гарц байх. Харин үүнийг цаашид дахин давтахгүйн тулд хэрхэх вэ гэдэг нь бидний ярианы гол сэдэв байгаа шинэ УИХ, Засгийн газрын бодлогоос шууд шалтгаална.

-Хар, саарал жагсаалтаас гарахын тулд Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэвэл та юуг онцлох вэ?

-Бид саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан гэж ойлгож байгаа. Энэ онд бид өмнө гаргасан нөхцөлийн дагуу хийсэн ажлаа хоёр удаа тайлагнаж тодорхой амжилтад хүрсэн. Харин ФАТФ-ын зүгээс бидний гаргасан тайлан, түүнд өгсөн үнэлэлтийг харгалзан шийдвэрээ гаргах байх. Бидний хувьд хууль эрх зүй, тогтолцооны хувьд гаргасан энэ хүчин чармайлтаа цаашид амжилттай үргэлжлүүлэх шаардлагатай. Нэг зүйлийг онцолж хэлэхэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудлаас сэргийлэх гэдэг нь үндэсний хэмжээний бүх талын оролцоотой хийгддэг ажил. Одоо бидний тухайд энэ чиглэлд авах арга хэмжээ, хариуцлага тооцох механизмыг сайн ажиллуулах нь чухал байна.

-Коронавирусийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллөөр яриагаа үргэлжлүүлье...?

-Энэ нь өмнө тохиолдож байсан эдийн засгийн хямралуудаас өвөрмөц. Эрүүл мэндийн шалтгаантайгаар дэлхий нийтээр онцгой нөхцөл байдал үүсч хөдөлгөөн, харилцааг хязгаарлаж байгаа тул эдийн засагт нөлөөлөх байдал нь богино хугацаанд хүчтэй байна. Вирусээс шалтгаантай эдийн засгийн уналт, бизнес, иргэдийн орлогын доройтол хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотой гарч буй хүндрэлийг бүлэглэн харах нь зүйтэй байх. Эрүүл мэнд, эдийн засаг, онцгой нөхцөл байдалтай холбоотой нийгмийн гэх бүх чиглэлд тодорхой хүндрэл өөрчлөлтийг бий болгож байна. Үүний дараа эдийн засаг, нийгмийн харилцаа ч өмнөх байдлаас өөрөөр үргэлжлэх магадлалтай.

-Вирусийн хөл хориог хэсэгчлээд ч болтугай тавихгүй бол аж ахуйн нэгжүүд хэцүүдлээ гэсэн тайлбарт та ямар хариу өгөх вэ. Дэлхийн улс орнууд ер нь ямархуу бодлого, чиг барьж байна?

-Эдийн засгаа харвал бид онцгой дэглэмийг хэсэгчлэн сулруулах нь зүйтэй харагдаж магадгүй. Гэвч энэ удаад эдийн засгийн талаас нь асуудлыг хэт чухалчлах нь эрсдэлтэй. Иймд бид дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дотоодын эрүүл мэндийн салбарын эрдэмтэд, эмч нарын үгийг анхааралтай сонсох нь чухал. Харин энэ тал дээр Эрүүл мэндийн яам бидэнд тулгарч болзошгүй эрсдэл, хөл хориог сунгах шалтгааны талаар нарийвчилсан судалгаа танилцуулах нь нийгмийн бухимдлыг бууруулах нөлөөтэй.

Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд нь эрүүл мэндийн салбарынханы судалгаа зөвлөгөөнд үндэслэсэн гэж найдаж байна. Дэлхийн томоохон улс орнуудын биднээс ялгарах нэг гол тал нь энэ нөхцөл байдлын эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөллийг маш сайн судалж түүнд нийцсэн хариу арга хэмжээ авч байгаа байдал юм.

Зарим улс орнууд хорио цээрийн дэглэмийг сулруулах оролдлогуудыг хийж эдийн засгаа дэмжихийг хичээж байгаа боловч энэ нь одоогоор тийм ч үр дүнтэй бус байна. Учир нь цар тахлын тархалт буурахгүй, зарим газар дахин дэгдэлт эхэлчихлээ.


Онцлох нийтлэлүүд