ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.08.02 08:08

Ж.Дэлгэрсайхан: Таван толгойн IPO-г яаравчлахгүй бол нүүрсний зах зээл дэх орон зайгаа алдаж мэдэхээр байна

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Өнөөгийн байдал гэж яривал нааштай гэж хэлнэ. Гэхдээ өсөлт нь өндөр ч эрсдэлтэй зүйлс бий. Эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайн салбарт тулгуурлаж байна. Нийт эдийн засгийн 50 шахам хувь нь уул уурхайн салбар, энэ салбарт хэрэгжиж буй төслүүдээс шалтгаалж байгаа.

-Ер нь энэ жил эдийн засгийн өсөлт хадгалагдах боломжтой юу?

-Өсөлт хадгалагдах боломжтой. Гэхдээ гол нөлөөлөх зүйл нь уул уурхай, төсвийн хөрөнгө оруулалт.

-Таны сая хэлсэн хоёр шалтгаан санаж төлөвлөсөн шиг байхгүй тохиолдолд өсөлт хадгалагдахгүй нь ээ?

-Тэгэх эрсдэл бий. Үүнээс гадна өөр нэг шалтгаан бийг онцлохгүй орхиж болохгүй. Саяхан Статистикийн хороо ядуурлын мэдээ гаргалаа. Эдийн засаг эргэж сэргэсэн хоёр жилийн хугацаанд ядуурал дорвитой буураагүй нь статистикаас харагдаж байна. Эдийн засгийн өсөлтийн хүртээмж муу, нийт массдаа нөлөөлөхгүй явна гэсэн үг. Үүнийг урт хугацааны эдийн засгийн бодлогоор зөв болгох ёстой.

-Эдийн засгийн өсөлтийг нийт иргэдэд хүртээмжтэй болгох ямар гарц шийдлүүд байна?

-Засгийн газрын зүгээс эдийн засгийн тулах цэг болж яваа уул уурхайн салбарт үүссэн асуудлуудыг зөв шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн эхлээд анхаарах асуудал бол Оюу толгойн гэрээ. Энэ төслийг цаашид хэрхэн зөв үргэлжлүүлэх вэ гэдгийг шийдвэрлэхээс гадна Таван толгойн асуудлыг харж үзэх хэрэгтэй. Таван толгойн асуудлыг өмнөх туршлагадаа тулгуурлаж шийдвэрлэх шаардлага байна. Таван толгой Оюу толгойн дараа хэрэгжих магадлалтай ганц том төсөл. Нэг том төсөлтэй байх, хоёр том төсөл зэрэг хэрэгжих огт өөр. Өөрөөр хэлбэл Оюу толгой, Таван толгой төсөл зэрэг хэрэгжвэл уул уурхайн ирээдүйн урт хугацааны бодлого илүү тогтвортой болно.

-Таван толгойн IPO-г хийх тал дээр салбарын яамнаас нэлээд өндөр оролцоо, идэвхтэй ажиллаж байгаа ч Засгийн газар зүгээс онцгойлж анхаарахгүй байх шиг анзаарагдах юм. IPO-гоос өөр гарц бий гэж хараад байгаа юм болов уу?

-Таван толгойн хувьд IPO гаргах хувилбарыг яамны зүгээс санал болгоод удаж байна. Таван толгойн асуудлыг шийдвэрлэх үндсэн гаргалгаа нь IPO. Энэ асуудал удаж буй шалтгаан нь тодорхой бус байна. Өнөөдрийн хувьд IPO хийх хамгийн таатай мөч. Нэгдүгээрт нүүрсний үнэ өндөр, “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаж байна. Арваад жилийн түүхэндээ сүүлийн хоёр жил л ашигтай ажиллаж байгаа. Хоёрдугаар шалтгаан нь нүүрсний зах зээлтэй холбоотой. Дэлхийн уул уурхайн салбарын хувьд нүүрс хэр удаан үнэ цэнэтэй, эрэлт өндөр бүтээгдэхүүн байх нь өнөө хэр тодорхой биш хэвээр байна. Манай улсын хувьд цаашид нүүрсний зах зээл дэх байр суурь өнөөгийн янзаараа үргэлжлэх эсэх нь ч тодорхой бус. Нүүрсний том төслөө цаг алдалгүй хэрэгжүүлэх энэ мэт шалтгаанууд байна. Таван толгойн IPO-н бэлтгэл ажил дажгүй хэмжээнд хийгдсэн. Улс төрийн түвшинд хурдтай ажиллах шаардлага бий. Хурдлахгүй бол Монгол Улс уул уурхайн нүүрсний зах зээл дээр байр сууриа алдах магадлалтай байна.

-IPO хийхэд улс төрийн шийдвэр гаргалтаас өөр ямар саад бэрхшээл бий бол, эдийн засаг талаасаа ч юм уу?

- IPO хийхэд эдийн засгийн хувьд төсөл нь бэлэн үү гэдэг асуудалтай байна. Хэрхэн яаж, хаана гаргах вэ гэдгээ зөв шийдэх хэрэгтэй. IPO хийхэд тулгамдах асуудал дээр давтаад онцлоход улс төрийн хүрээн дэх бодлогын байр суурь саад болж мэднэ.

-Таван толгойн IPO-г шууд олон улсын зах зээлд гаргах, эхлээд дотоодын хөрөнгийн зах зээлдээ гаргах гэсэн хувилбарууд дуулддаг. Таны хувьд аль нь илүү зөв шийдэл гэж бодож байна?

-Эхлээд Монголын зах зээлд гаргах нь зүйтэй, ард түмэн угаасаа эзэмших эрхтэй байгаа, тэгэхээр Ашигт малтмалын хуулиа бариад Монголын зах зээл дээр гаргаад үндсэн 1072 хувьцаагаа амь оруулчих хэрэгтэй гэсэн байр суурь бий. Үүний дараа гадаадын зах зээл дээр гаргавал зөв шийдэл болно гэж ирээд ярьж байна. Байж болох хувилбар гэдгийг үгүйсгэхгүй. Энэ хувилбар зөв байж болох ч цаг хугацааны хувьд асуудалтай. Юуны түрүүнд “Эрдэнэс Таван толгой”-г олон нийтийн компани болгож, томоохон хөрөнгө оруулалт татаж, нүүрс угааж баяжуулах дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Энэ талаас нь харвал аль болох цаг алдалгүйгээр олон улсын зах зээл дээр гаргах хувилбарыг сонгох шаардлагатай. Мэдээж ингэхийн тулд олон саад тулгарна. Гэхдээ хэрэгжүүлье гэсэн нэг санаагаар урагшилж, улс төр, эдийн засгийн хувьд нэгдмэл байр суурьтай байж чадвал бүтнэ.

-Таван толгойн ордыг бүхлээр нь биш хэсэгчилж IPO хийх хувилбар дуулдаж байгаа. Үүн дээр ямар байр суурьтай яваа вэ?

-Ордын хувьд хэсэгчилж гаргах нь зүйтэй. Таван толгойн бүлэг ордын сайн хэрэгжиж чадахуйц хэсгийг эхлээд онцлох нь зөв л дөө.

-Гадны аль биржид гаргавал бидний хувьд илүү таатай шийдэл болох вэ?

-Хонгконгийн хөрөнгийн бирж гэсэн ойлголт хандлага олон нийтийн дунд болон тодорхой хэсэгт бий. Уул уурхайн яамны мэдээллээс анзаарахад Нью-Йоркийн, Торонтогийн, Лондонгийн хөрөнгийн бирж гэж сонсогдож байсан. Уг нь манай улсын хувьд нөхцөл шаардлага багатай, шалгуур нь харьцангуй өндөр биш хөрөнгийн бирж нь зүгээр юм. Хонгконгийн хөрөнгийн биржийг сонгоход нэг асуудал бий. Компанийн засаглал, нягтлан бодох бүртгэл тохирохгүй гэх мэт шалтгаануудаар Монголд бүртгэлтэй компанийг хүлээж авахгүй байх талтай. Гэхдээ энэ асуудалд бид улс төржилтийг биш үндэсний язгуур эрх ашгаа бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр ашиг талаас нь асуудалд хандах шаардлага бий. Ингэж чадвал бид Таван толгойн IPO-г амжилттай хийнэ. Таван толгойн IPO-г амжилттай хийж чадвал олон улсын нүүрсний зах зээл дээр байр сууриа бэхжүүлж чадна. Үүнээс гадна Таван толгойн бүлэг ордыг урт хугацаанд ашиглах боломж ч бүрдэнэ. Таван толгойд нэг асуудал маш тод анзаарагддаг. Өнөөгийн ажиллаж буй хэлбэрээрээ цаашилбал энэ том орд цаашид тогтвортойгоор он удаан жил ажиллана гэдэг эргэлзээтэй санагддаг. Миний хувьд уул уурхайн нарийн мэргэжилтэй хүн биш. Гэхдээ сүүлийн үед цацагдаж буй мэдээллээс анзаарахад ордын нүүрсийг сорчлон олборлож буй нь тод харагддаг. Өрмийг нь хамах маягаар, өнгөн хэсэгт байгаа сайн чанарын коксжих нүүрсийг нь сорчилж олборлоод байвал эцэстээ чанар муутай нүүрс нь үлдэж таарна. Тэр үед Таван толгой ордын үнэ цэнэ бууна гэдэг нь хэнд ч тодорхой асуудал. Дахин хэлэхэд одоо бол гурав, дөрөвдүгээр давхаргын хамгийн сайн чанарын коксжих нүүрсийг олборлож түүхийгээр нь экспортолж байна. Ингэж олборлож байгаагаа ашигтай ажиллалаа, их мөнгө оллоо гэж бахархан мэдээлэх нь хэр зөв юм бол. Бодох л асуудал.

-Олон улсын зах зээлд IPO хийж том ордоо хөдөлгөхийн давуу тал их л дээ. Наанадаж л улс төрийн нөлөө, оролцоо, үргүй зарцуулалт багасах байх, тийм үү?

-IPO-хийх олон зам байна. Бонд гаргах, нэг хөрөнгө оруулагчтай тулж гэрээ байгуулах гэх мэт олон арга бий. Таны асуусан үнэн л дээ. IPO хийхийн давуу тал олон. Хамгийн том олзуурхал гэвэл бүх л үйл ажиллагаандаа олон улсын стандарт барина. Таван толгойн бүлэг ордыг хэсэгчилж IPO хийнэ гэж байгаа нь нэг талаас улс төрийн эрсдэлээ тооцсон хэрэг л дээ. Бүхэлд нь гээд зүтгэхээр улс төрийн нөлөөлөл нэмэгдэж, улс төрийн хязгаарлалтанд орох магадлалтай. Өмнөх туршлагаа харах хэрэгтэй. Наад захын жишээ нь Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой асуудал байна. Өмнөх Засгийн газрын үед Таван толгойг хөдөлгөхөөр ярьж байсан гэрээг зогсоосон нь зөвхөн улс төртэй холбоотой. Улс төрийн нөлөөлөл нь их байсан. Тухайн гэрээг эдийн засгийн талаас харвал олон давуу тал байсан шүү. Гол худалдан авагч талынхаа үндсэн төлөөллийг оруулчихсан, нүүрсний зах зээл дээр нэлээд туршлагатай “Сүмитома” багтчихсан, Монголын төлөөлөл гэхэд л энэ зах зээл дээр олон жил амжилттай тоглосон “Энержи ресурс”. Эдийн засгийн өнцгөөс харвал сайн хослол. Гэхдээ төмөр замыг хэн барих, хэн эзэмших, урт хугацаанд аль тал нь ашиглах гэх мэт үндэсний эрх ашигт нөлөөлөх асуудал дээр болгоомжтой хандсан байж магадгүй. Эцэст нь хэлэхэд нэг зүйл тодорхой байсан. Таван толгойн гэрээг зогсоосон шалтгаан нь 100 хувь улс төр. Өнөөдөр ч тухайн үеийн гэрээ тойрсон улстөржилт дуусаагүй яваа. Хэрэгжээгүй, байгуулагдаагүй гэрээгээр нэгнийгээ буруутгаад л явж байх жишээтэй. Тийм учраас Д.Сумъяабазар сайд Таван толгойн тодорхой хэсгийг авч, олон нийтийн компани байгуулж, иргэдийнхээ 1072 хувьцааг амилуулж, Монгол Улсын эдийн засагт үр ашиг бүхий олон улсын засаглалтай хөрөнгийн бирж дээр IPO гаргана гэсэн шийдэлд хүрсэн байх.

Э.НАРАНЗАЯА

Онцлох нийтлэлүүд