ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.12.06 11:12

Ж.Дэлгэрсайхан: Хоригийг УИХ хүлээж авбал зөвхөн төсвийн зарлагын хүрээнд үйлчилнэ

Related imageЕрөнхийлөгч 2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өчигдөр хориг тавьсан билээ. Энэ талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.


-Хориг тавьснаар ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Монгол Улсын батлагдсан төсөвт хориг тавьснаар төсвийг УИХ-аар дахин хэлэлцэх нөхцөл байдал үүснэ. Ингэснээр зардлын талтай холбоотой тавьсан хоригийг хүлээн зөвшөөрч төсвийг өөрчлөх, эсвэл хууль эрх зүй, эдийн засгийн үндэслэл бүхий тайлбар хийж хоригоос татгалзах гэсэн хувилбарын аль нэгээр шийдвэрлэх шаардлагатай болно. Үүнээс гадна гадаад, дотоод орчинд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх, батлагдсан төсөв тодорхойгүй хугацаагаар эрх зүйн хүчин чадлын хувьд сулрах нь гол үр дагавар байх болно. Эдийн засгийн үр дагаврын хувьд хүчтэй нөлөөлөл нь бага байх болов уу гэж харж байна. Гэхдээ асуудал хэрхэн шийдэгдэхээс энэ нь ихээхэн хамааралтай бөгөөд Засгийн газрын зүгээс төсвийг хэрхэн хамгаалах болон УИХ дээр асуудал хэрхэн өрнөхөөс шалтгаалах боломжтой юм.
-Хориг тавьснаар эерэг ба сөрөг ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Энэ нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд нийцтэй бус хориг гэж харж байна. Монгол Улсын хувд төсвийн шинэчлэлийн асуудлыг хийх шаардлага байгаа боловч төсвийн хувьд хориг тавих байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэхгүй байна. Төсвийн хориг нь зөвхөн тухайн төсвийн зарлагын хүрээнд үйлчилж байгаа тул төсвийн шинэчлэлийн хэмжээнд нөлөөлөх боломж багатай юм.
Эерэг тал нь төсвийг хязгаарлагдмал хугацаанд баталснаас болсон зарим нэг үр ашиггүй хөрөнгө оруулалт зардлыг эргэн харах, төсвийн талаар бодитой дүгнэлт хийж дахин нягтлах боломж бий болох талтай. Сөрөг тал нь гадаад дотоод орчинд таагүй хүлээлт үүсгэх, Монгол Улсын засгийн газрын нэр хүнд, тогтвортой байдалд таагүй нөлөө үзүүлж болзошгүй юм. Мөн улс төрийн орчинд тогтворгүй байдал бий болж УИХ болон Засгийн газрын түвшинд ажил цалгардах байдал бий болно Эдийн засгийн үр дагавар нь асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс хамааран тодорхойлогдоно.

Б.ОДМАА


Онцлох нийтлэлүүд