ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.26 10:08

Ж.Занаа: МАН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй бол зайлах хэрэгтэй

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаатай ярилцлаа. 

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног дуусчихлаа. Үүнийг сонирхож байгаа хүн ч бага байх шиг ээ. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Мэдээллийн, ялангуяа олон нийтийн сүлжээнд байгаа М.Энхсайханы өдрийн тэмдэглэлтэй танилцсан. Нэг ч бүтэлтэй ажил харагдахгүй байна лээ. “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн 76.2 хувийн саналаар баталсан эхний өдөр л 1790 төгрөг байсан  ам.долларын ханш 1800төг болж өссөн. “АН-ынхан УИХ-ын гишүүн С.Баярцогтоор дамжуулан МАН-тай Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах саналыг гаргав. АН дангаараа 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлж чадахгүй, тиймээс МАН-тай хамтрах хэрэгтэй гэсэн саналыг АН-ын гишүүд гаргаж эхлэв”, “Ерөнхий сайдын мэдээлэл технологийн орон тооны бус зөвлөх Р.Отгонтулга ямар ч тендергүйгээр нийтийн тээврийг ухаалаг системжүүлэх нэрийдлээр “Слайд” компанид 13.3 тэрбум төгрөг олгов”. “Засгийн газраас хоёр жил тутам шилдэг сумыг шалгаруулж шагналд нь 100 саяын урамшуулал олгодог бөгөөд энэ жил хангайн бүсээс Хөвсгөл аймгийн Тариалан сумыг шалгарсан талаар шалгаруулалтын комиссоос мэдэгджээ. Харин Засгийн газрын мэдээлснээр Архангай аймгийн Эрдэнэмандал сум гэж зарлав. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн эрхмүүд бол Архангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрдэнэмандал сумын унаган хүү гэгддэг Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд хатагтай Н.Удвал нар хамтран уг “хор”-ыг найруулжээ” гэх мэтчилэн үл бүтэх зүйлийн цуглуулга, Монголын улс төрийн амьдралын урьд өмнө болон хожид байгаагүй, байх ёсгүй үйлдлүүдийн жагсаалт байна билээ. Тэгэхээр цаг нөхцөөж, хоног төөрүүлэх гэсэн хэдэн хүн одоо Монгол Улсаар маань тоглохоо больцгоо гэж дахин шаардаж байна.

-Парламентад суудалгүй намуудын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох тухай мэдэгдлийг хийсэн. Эдийн засаг ийм савлагаатай байгаа үед төр засгийг ганхуулах нь тийм ч тохиромжтой зүйл биш юм биш үү?

-Савлагааг хэн хийсэн. Энэ Засгийн газар өөрөө хийсэн. Урд Засаг руугаа хуруугаа чичилж байгаа ч 2008-2012 онд МАН-тай хамтраад Засгийн газарт ажиллаж байсан, савлагаа хийж байсан, хийж байгаа нөхдүүд л энэ засагт байж байгаа шүү дээ. Тийм болохоор туйлын хариуцлагагүй, туйлын найдваргүй Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар шиг ажиллах өөр Засаг байхгүй дээ.

-Парламентад суудалгүй намуудаа дэмжиж ажиллана гэсэн Ардын намынхан тэр үгнээсээ буцаад байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Хүнийг хэлснээр биш, хийж байгаагаар нь дүгнэх нь хамгийн чухал юм шүү. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “УИХ-д суудалгүй намуудаас гаргаж байгаа зарчмын шаардлагуудыг дэмжиж ажиллана” гэж амлалт өгсөн хэдий ч хэлсэн амандаа хүрсэнгүй. Саяхан хоёр улсын тэргүүнүүдийн айлчлалын өмнө улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүдэд хандаж гаргасан уриалга нь “Ухаантай загасны” үлгэрт гардаг шиг араншин гаргасан. Уг нь УИХ-д байгаа сөрөг хүчин бол ард иргэд, улс орныхоо эрх ашгийг намынхаа эрх ашгаас дээгүүрт тавьж, төрийн ёсзүйгүй, хулгайч, хуурамч үйлдэл бүрийг шүүмжлэн, УИХ-д суудалгүй намуудын зарчмын шаардлагыг дэмжиж ажиллах улс төр, нийгмийн үүрэгтэй байх учиртай. 

-Улс төрийн намуудын тухай хууль хэзээ батлагдах сураг байна. Парламентад суудалгүй намуудаас санаа оноог нь сонсож байна уу. Хэр хууль гарах төлөвтэй байна вэ?

-Өнөөдрийг хүртэл төслийг хараагүй байгаа. Бид энэ хуулийг боловсруулах ажлын хэрэгт оруулах саналыг удаа дараа хүргүүлж байгаа боловч зохистой хариулт өгөөгүй байна. Улс төрийн намын тухай хууль бол бүх монголчуудад, тэр тусмаа Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудад хамаатай асуудал болохоос УИХ-д сууж байгаа намууд дангаараа мэддэг, хийдэг хууль биш. Иргэдийнхээ хүсэлтэд иймэрхүү хойрго, хайхрамжгүй хандаж байгаа Засгийг ардчилсан засаг гэж үзэхгүй байхад хүргэж байгаа. Иймэрхүү хөшүүн хандлага бол дарангуйлагч төрийн үйл ажиллагааны арга барил байсныг мэдэх юм байна. Тийм ч учраас энэ бүхнийг өөрчлөхийн төлөө 1990 онд өөрийн биеээр ардчилалын төлөө, шударга ёсны төлөө хөдөлгөөнд оролцож байснаа хэлэхэд илүүдэхгүй. 

-Он гараад л хүссэн хүсээгүй сонгуулийн уур амьсгал эхэлнэ. Батлагдахгүй удаж буй Сонгуулийн тухай хуулинд пропорциональ, мажоритар нь хэд хэд байвал бүх намуудад харилцан ашигтай байх бол?

-Сонгуулийн аливаа тогтолцоо эерэг болон сөрөг талуудтай. Гэхдээ Үндсэн хуулийн дагуу бол пропорцианаль системээр сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэмт үйлдэл. Манай улс төрчид болно, болохгүйг мэддэггүй, мэдсэн ч мушгиж хэрэглэдэг мунхаг хүмүүс. Үндсэн хуулийг зөрчих асуудал 1999 оноос эхлээд цадигаа алдаад явчихсан, сонгодог жишээ гэвэл Үндсэн хуульд оруулсан долоон луйвар. 

Одоогийн улстөрчдийн байж байгаагаар бол сонгуулийн ямар ч хууль гарсан иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуульд зааснаар баталгаатай болгоно гэдэг найдах, итгэх нь гэнэн хэрэг болно л доо. 

-АН, МАН хоёр хамтарсан засаг байгуулах гэж байгаа тухай яриа гарчээ. Үүнд та ямар бодолтой байгаа вэ?

-Арай ч үгүй байлгүй дээ. Хичнээн ядарсан ч ийм ёс бус үйлдэл хийж болохгүй шүү дээ.

-МАН уриалга гаргасан байна. Өмнө нь өөр зүйл ярьж байсан Ардын нам яагаад ийм зүйл ярих болсон юм бол. Ямар нэгэн тэдэнд ашигтай зүйлийн сураг гарсан юм болов уу гэсэн хардлага байна. Таныг “сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй бол парламентаас зайлцгаа” хэмээн ширүүхэн байгаа тухай ярьцгааж байна?

-Тэгж хэлсээн. Жинхэнэ улс төрийг шударга ёсонд нийцүүлж хийдэг. Харин хэн нэгэнтэй хуйвалдаж урваж, шарваж явдаг зан суртахуунтай улс төрч бол хэн ч биш, юу ч биш. Сөрөг хүчин бол монголчуудын эрх ашгийн төлөө зүрх зоригтой, тэдний нүд, чих нь болж ажиллах үүрэгтэй. Сөрөг хүчний үүргээ ингэж гүйцэтгэж чадахгүй бол зайлах хэрэгтэй. 

-Монголын улс төр өнөөдөр яг ямар замаар явж байна вэ. Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс Төрийн гурван өндөрлөгт хандан сүрхий мэдэгдэл гаргасан байгаа харагдсан?

-Үгээ олоогүй юм уу утга санааг нь  ойлгоогүй. Эвтэй бай гэж хэлээд байгаа бололтой. Эвтэй байна гэдэг бол хэн нэг хүн гуйгаад болчихдог асуудал биш. Эвтэй байхын тулд улстөрчдийн хувьд бол улс Монголоо хөгжүүлэх үнэт зүйлтэй, итгэл, үнэмшилтэй, түүнийхээ төлөө алд биеэ хайрлахгүй ажиллах хүсэлтэй байж биелдэг. Гэтэл энэ хэд эсвэл намынхаа эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүрт тавьдаг, эсдэл бүлэг, фракцийнхаа эрх ашгийг нам, улсын эрх ашгаас дээгүүрт үздэг, эсдэл хувийн эрх ашгаа бүхний дээрд тавьдаг бэрд маягийн сэтгэхүйгээр ажиллаад байгаа. Тиймээс АН ч тэр, МАН  ч тэр, ер нь бусад нам ч тэр атгасан гар шиг чанга, нягт, эвтэй байж чадахгүй байгаа юм. Энэ асуудалд УИХ-д суудалгүй намууд ч гэсэн онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Э.ЭНХБОЛД


Онцлох нийтлэлүүд