Цаг үе
2021.01.08 08:01

Ж.Золжаргал: Төмөр замтай бол Австралийн коксжих нүүрсэнд тавьсан Хятадын хориг бидэнд ашигтай тусах байсан

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Нүүрсний зах зээл өнгөрсөн жил ямар байв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн жилийн тухайд ур хөршид нүүрсний эрэлт сайн байлаа. Ковидоос болж үйлдвэрлэл багасч, эрэлт унах нь гэсэн яриа байсан л даа. Гэхдээ эрэлт унаагүй. Манай улсын нүүрсний экспорт чамгүй өндөр амжилт үзүүлж чадлаа.

-Өнгөрсөн оны эхээр ковид дөнгөж эхлэнгүүт нүүрсний экспортоо өөрсдөө зогсоогоогүй бол бүр ч ихийг экспортлох байсан байх…?

-Эхний улиралд нь бид өөрсдөө алдаа гаргачихсан нь үнэн л дээ. Экспортоо өөрсдөө зогсоож сэтгэл хөдлөлөөсөө болж орлогоо алдсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас ногоон гарцын журмыг хэрэгжүүлээд дажгүй ажиллачихлаа. Нүүрс бол мөнгө олох гол суваг гэдгийг засаг төр ч ойлгосон байх. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч бүх л чадлаараа ажилласан. Ийм хүнд хэцүү цагт 28 сая гаруй тонныг экспортолно гэдэг чамлах хэмжээ биш. Шинээр бүрдсэн засаг, Гадаад харилцаа болон Уул уурхайн яамны удирдлага идэвх санаачилгатай ажилласныг бас онцолмоор байна.

-Түрүү жил коксжих нүүрсний үнэ ханш ямархуу байв?

-Оны төгсгөл хавьцаа Хятадын зах зээлд сонирхолтой зүйлс өрнөсөн. Нүүрсний эрэлт бол өндөр хэвээрээ байсан. Гэтэл Австралийн нүүрсэнд хориг тавьсан, Оросоос нийлүүлж буй нүүрсний хэмжээ буурсан. Монголоос арваннэгдүгээр сард дажгүй хэмжээгээр аваад арванхоёрдугаар сард экспортын хэмжээ илт муудсан.

Эрэлт өндөр байхад импорт яагаад буурав гэдэг нь сонирхолтой байлаа. Урд хөршийн байгаль орчны байгууллагуудынх нь нэг төлөвлөгөө байдаг шиг байгаа юм. Энэ жил төчнөөн хэмжээний кокс үйлдвэрлэнэ гээд хэмжээг нь заачихдаг юм байна гэж ойлгосон. Ийм шалтгаанаар төлөвлөгөөгөө барихын тулд оны эцсээр коксын үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг тодорхой хэмжээнд дарах, үүний тулд нүүрсний импортын нийлүүлэлтийг хязгаарлах оролдлого хийсэн гэх мэдээ бас авсан л даа. Гэхдээ гадаадаас нийлүүлж буй эх үүсвэр илт багассан хэрнээ дотоодын хэрэглээ нь буураагүй. Оны төгсгөл рүү коксжих нүүрсний үнэ жилийн нийт дүнгээрээ өнгөрсөн жилийнхээс арван хувиар бага гарна гэсэн таамгууд явж байтал эсрэгээрээ үнэ арван хувиар өсчихсөн. Үнэ огцом өсөхөөс сэргийлж Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн зөвлөмжөөр “Шаньси коксжих нүүрсний корпораци” арванхоёрдугаар сарын дундуур үнээ тодорхой хэмжээнд бууруулсан мэдээ байна. Өөр хоёр ч том компани нийлж байгаад нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлсэн. Эндээс харахад эрэлт ихтэй, үнэ өндөр байх үед импортоо багасгаж дотоодын уурхайнуудаа дэмжиж байж бас болох юм. Эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт хангалтгүй болоод ирэхээр зарим томоохон газрууд цахилгааны хязгаарлалтууд хийсэн гэх мэдээлэл ч бий. Хойноосоо Шаньсигаас урагшаа явдаг төмөр замын нүүрсний тээвэр долоо, найман хувиар өссөн. Энэ сонирхолтой үзэгдэл л дээ. Нэг талаас эрэлт их үнэ нь өсөөд байдаг, гэсэн хэрнээ гадаадаас авдаг хэмжээгээ бууруулаад байдаг. Яагаад гэдэг асуулт гарч ирж байгаа.

-Эцсийн хариу нь тэгээд юу бол?

-Яг таг шалтгаан хэлж мэдэхгүй байна. Цар тахал, байгаль орчны хязгаарлалтаас гадна дотоодын уурхайнуудынхаа олборлолтыг нэмж дотоод зах зээлээ дэмжсэн бодлого байж магадгүй юм.

-Коксжих нүүрсний эрэлт энэ жил яахаар байна?

-Өнөө жилийн таамгийг янз бүрээр л хэлж байна. Ерөнхий хандлага дажгүй байгаа. Ковидын вакцин гарчихсан учраас урд хөршийн эдийн засаг сэргэх нь тодорхой, Нэг, хоёрдугаар улирлын алин болохыг мэдэхгүй. Товчхондоо коксжих нүүрсний зах зээл нэлээд өндөр эрэлттэй байх зураг харагдаж байна.

-Манайх багахан хэмжээний эрчим хүчний нүүрс урд хөрш рүү экспортолдог. Эрчим хүчний нүүрсний экспорт өнгөрсөн жил ямархуу байв?

-Хятадад эрчим хүчний нүүрсний эрэлт өссөн учраас манайхаас экспортолдог нүүрсний хэмжээ ч тодорхой хэмжээгээр өссөн. Замын-Үүдээс Эрээн рүү гардаг эрчим хүчний нүүрсний хэмжээ вагон байхгүй гэдэг шалтгаанаас болоод нэмэгдэж чаддаггүй зовлон бий. Тэгэхээр вагоныг нэмэгдүүлэх талд анхаармаар байгаа юм. Учир нь энэ бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэрэг төдийхөн биш. Монгол Улсын олох валютын асуудал учраас Засгийн газар онцгойлж анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, засаг бодлогоор вагоны тоог нэмэх шаардлагатай. Эрчим хүчний нүүрсний эрэлт урд хөршид өндөр байгаа ийм үед аль болох ахиу хэмжээгээр экспортлоход анхаарах учиртай.

-Коксжих нүүрсний эрэлт өндөрсөөд үнэ нэмэгдэх хэрээр бидний хүртэх үр ашиг нэмэгдэж чадаж байна уу?

-Чадахгүй байгаа. Хятадууд Австралиас коксжих нүүрс авахаа больчихоор Монголд яаж нөлөөлөх вэ гэж маш их асуудаг. Гэтэл бодит байдал дээр сүрхий нөлөө байдаггүй. Австралиас авахаа больчихсон юм чинь Монголоос авсан нь нэмэгдсэн байх гээд харахаар эсрэгээрээ багасчихсан байх жишээний. Гол шалтгаан нь тээврийн дэд бүтэц. Тодруулж хэлбэл, өнөө л төмөр зам. Таван толгойгоос урагшаа төмөр замын ажил эхэлсэн нь олзуурхууштай. Энэ жилдээ багтаагаад бариад дуусгачихвал тун сайн.

-Нүүрсний зах зээлийн тухайд урд хөрштэйгөө урт хугацаанд тогтвортой үнээр тогтмол нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй гэсэн санааг салбарынхан хэлсээр ирсэн ч өнөөг хүртэл ажил шийдэл болоогүй яваа. Энэ тал дээр засгаас хэр анхаарч байгаа бол?

-Өнгөрсөн жил Хятадын Гадаад хэргийн сайдыг ирэхэд салбарын сайдын зүгээс аман хэлбэрээр яриа хүсэлт тавьсан юм билээ. Хоёр тал жил, улирлынхаа нүүрсний квотоо тохирчихъё гэсэн агуулгатай санал. Манай талаас тавьсан энэ саналыг тэр том гүрэн хурдан хугацаанд шийдчихгүй байх л даа. Хэрвээ энэ санал шийдлээ олбол маш сайн. Тэгвэл нүүрсэн дээр тодорхой, тогтвортой үнээр урт хугацааны гэрээ хийх боломж нээгдэнэ.

-Өнөө жил 42 сая тонн нүүрс экспортолно гээд төлөвлөчихсөн. Энэ хэмжээндээ хүрэх боломж бий юү?

-Эхлээд нэг зүйлийг онцолмоор байна. Гашуунсухайтын боомтоос гадна Нарийн сухайтаас Шивээхүрэнгээр гардаг нүүрсний ач холбогдол өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард их тод харагдлаа. Гашуунсухайтын машины тоо 100 хүрчихээд байхад Шивээхүрэнгийн хувьд 400, 500 гарсан. Давхар гарах ямар чухал вэ гэдгийг харуулсан харьцуулалт л даа. 42 сая тонн гэдэг бол техникийн хувьд боломжтой тоо. Өнгөрсөн онд компаниудаас мэдээ аваад тооцож үзэхэд 50 сая тонн хүртэлх хэмжээний нүүрсийг дэд бүтэц сул ч гэлээ боомтуудаа ашиглаад гаргах боломжтой юм билээ. Гэхдээ тийм хэмжээний нүүрсийг тээвэрлэхэд шороо тоос, байгаль орчин гээд өчнөөн асуудал байгаа. Мэдээж цар тахал хамгийн том асуудал. Мөн хилээр нэвтрэх асуудал бий. Энэ жил яг хичнээн тонн нүүрс экспортлохыг урьдчилж хэлэх боломж өнөөхөндөө алга, Ямартаа ч энэ жилээс дээр байх нь тодорхой.

-Цар тахлын тархалт дэлхий даяар хэцүүхэн байгаа учраас коксжих нүүрс 40 сая бүү хэл, өнгөрсөн жилийнхээ хэмжээнд хүрвэл их юм гэсэн таамаглалыг зарим эдийн засагч хэлж байгаа…?

-Бас байх л санаа. 42 саяын тухайд техникийн хувьд боломжтой, гэхдээ өчнөөн асуудал бий тухай сая хоёулаа ярьсан.

-Австралид тавьсан хориг удаан хугацаанд үргэлжиллээ ч урд хөршид коксжих нүүрсний хомсдол үүсэн үнэ нь айхавтар хэмжээгээр өсөх шалтгаан байхгүй гэсэн тайлбар бас бий…?

-Хятадын тухайд дэлхийн тэрбум тонн нүүрсний хэрэглээний талыг нь ашиглаад, талыг нь олборлочихдог том гүрэн л дээ. Коксжих нүүрсний хомсдол үүснэ гэсэн ойлголт угаасаа байхгүй. Австралийн нүүрс далайгаар орж ирдэг. Тэр орон зайг нь ОХУ, Индонез нөхчихнө. Гэхдээ арван хувийн үнийн өсөлт гэдэг бол Монголын хувьд том нөлөө. Үнэ ингэж өссөн үед ахиу боломж хүртэхийн тулд бүх чадлаараа хөдлөх хэрэгтэй. Боломжийг ахиу ашиглахын тулд урд хөрштэйгөө илүү ойлголцох, хил боомтоо сайн ажиллуулах хэрэгтэй.

-Цар тахлын үед уул уурхайн төслийн талбай дээр ковидын халдвар илэрлээ гэхэд үйл ажиллагааг нь зогсоох эрсдэл бий. Эдийн засгийн голлох салбар гэдэг утгаар арай өөр арга шийдлээр хандах ёстой байх, тийм үү?

-Уул уурхайн компаниуд маш өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа. Онолын хувьд цар тахлын тархалт үргэлжилбэл хэзээ нэгэн цагт төслийн талбайд илрэхийг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд зохион байгуулалт, тусгаарлалтаа сайтар хийгээд экспортын гол орлогыг олж ирж байгаа уул уурхайн салбарынхаа үйл ажиллагааг зогсоож болохгүй. Нэг хүнээс халдвар илэрлээ гээд зогсоочихвол улсаараа хэцүүднэ. Дотоодын үйлчилгээний салбар нь тэр чигтээ зогссон, дан ганц экспортын орлогоороо амьдарч байгаа улс уул уурхайн салбараа зогсоож огт болохгүй.

Онцлох нийтлэлүүд