ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.03.16 02:03

Ж.Энх-Од: Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн хэмжээнд сайн ажиллаж байгаа

Гуравдугаар сарын нэгнээс Цагдаагийн ерөнхий газраас “Нэг хором” аяныг эхлүүлсэн. Тус аяны талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Энх-одтой ярилцлаа.

- Танай хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бусад гэмт хэрэгтэй харьцуулахад хэр үйлдэгддэг вэ?

-Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийн хувьд 2017 онд нийт 1278 гэмт хэрэг бүртгэгдсэн үүний 328 буюу 25 хувь, 2018 онд 1147 гэмт хэрэг бүртгэгдсний 337 буюу 29 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг дангаараа эзэлж байгаа юм. Эрүүгийн хуулинд нийт 209 гэмт хэргийг 20 бүлэгт хуваан зүйлчилсэн байдаг. Эдгээрээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1 бүлэг болж дотроо долоон зүйл ангид хуваагдсан байдаг. Эрүүгийн хуулийн 20 бүлэг гэмт хэргийн 30 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дангаараа эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт нийгэмд их байгааг харуулж байна. Нийгэмд үйлдэгдэж байгаа зодооны гэмт хэргүүдээс гадна хүний эрүүл мэндэд хүндэвтэр хүнд гэмтлүүдийг болгоомжгүйгээр учруулах үйлдлүүд энэ бүлгийн гэмт хэрэгт багтдаг.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс-н зураг.

-Тухайн төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь юу байна?

-Шалтгаан нөхцлийг тоочвол мэдээж олон байгаа учраас дараах 2 хүчин зүйлс голлож байна.Нэгдүгээрт: Манай улсад архины зүй зохисгүй хэрэглээ маш өндөр бна. Үүнийг дагаад өөрийгөө бүрэн хянах чадваргүй ууж согтуурсан хүмүүс өөрсдийн балмад бүдүүлэг догшин зан авираасаа болж хохирогч холбогдогч болж бна. Хоёрдугаарт: Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газрууд шөнийн 04:00 цаг хүртэл Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу ажиллаж байгаа байдал ...Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын алба төр засгийн бодлогын хүрээнд энэ захирамжыг эргэж харах хэрэгтэй юм шиг санагддаг.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс-н зураг.

-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан хэсэгт хэд хэддүгээр хороо ордог вэ?

-Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хороо нийт 10 хороог хариуцан ажилладаг. Энэ нь хүмүүсийн ярьж заншсанаар баянбүрдийн тойрог, 32-ын тойрог, 7 буудлын авто замын ертөнцийн зүгээр баруун талыг, хойшоогоо Ар гүнтийн даваа хүртэлх гэр хороолол зуслангийн бүсийг хариуцдаг болно.

-Энэ хооронд согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газар хэр их байдаг вэ?

-Хотын төвийн байшин хорооллуудыг бодвол гэр хорооллын бүс нутаг болохоор харьцангуй том цэнгээний газрууд байхгүй. Жижиг хэмжээний баар, кафе, караоке, гэх мэт газруудтай. Хүн байгаа газар жижиг том гэлтгүй хүмүүс үйлчлүүлдэг учраас түүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт ч ихтэй. Хотын төвд хэрэг их гарна, зах руу хэрэг бага гарна гэсэн ойлголт байхгүй шүү дээ.


-Гэр хорооллын бүс нутгийн онцлог тал байгаа байх?

-Ахуйн хүрээнд гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Хөдөө орон нутгаас хот руу шилжин ирж буй хүмүүс хотын захад гэр хороололд ихэвчлэн суурьшдаг. Шинээр суурьшсан хүмүүст ажил тэр бүр олдохгүй. Үүнийгээ дагаад архидан согтуурдаг. Ажилгүйдэл, ядуурал ихэснэ. Мөнгө төгрөгийн гачигдлаас болоод стресс бухимдал үүсч, архиар стресс бухимдлаа тайлах явдал газар авчээ. Үүнээс үүдсэн гэмт хэргийн гаралт их байна. Гэр бүлээрээ архины хамааралтай болсон айл өрх гэр хороололд их байна. Тэдгээр хүмүүс ахуйн хүрээнд архи ууж нэг нэгнийгээ гэмтээх, зодолдох явдал их байна. Энэ нь гудамжинд үйлдэгдэж байгаа хэргүүдээс илүү хор хөнөөлтэй байдаг. Яагаад гэхээр гэртээ байгаа хүмүүс гартаа таарсан хутга, заазуур, мэс, хайч гэх мэт иртэй зүйлээр бие биенээ гэмтээдэг.


-Тухайлбал энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авдаг вэ?

-2018 оны хоёрдугаар сарын 1-нээс Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх албанд эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийг дагнан хариуцуулж, мөрдөн шалгах ажиллагааг даалгасан. Тиймээс Хэрэг бүртгэх албаны нэгж тасгууд энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх болсон. Үүгээр 2018 онд Хэрэг бүртгэх алба хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урдчилан сэргийлэх хэлэлцүүлэгийг 21 аймаг, есөн дүүрэг, бүх сум, хороодод хийсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс хамтраад 2018 оны 10 дугаар сард энэ сэдвээр хэлэлцүүлэг хийж, зөвлөмж гаргасан. Тус зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудад хуваарилан өгч, ажиллуулаад 2019 оны нэгдүгээр улирлаас дүгнэх ажил эхэлнэ. Тодруулбал үүнд ямар ажлууд орж байгаа вэ гэвэл хороо бүр иргэний танхимтай байдаг. Тус танхимаар дамжуулан хамтарсан багийн гишүүд болон нийт эргүүл, урамшуулалт эргүүлүүдийн хүчийг ашиглан гэр бүлээрээ архины хамааралтай болчихсон, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, гэмт хэрэгт холбогдох магадлалтай айл өрх, иргэдийн судалгааг гаргаж, тэдгээр зорилтот бүлэг рүү чиглэсэн сургалт хийж мэдээлэл өгч ажиллаж байна. Мөн цагдаагийн ерөнхий газрын урдчилан сэргийлэх хэлтсийн пейж хуудсаар бичлэг, шторк, стикер зэрэг танин мэдэхүй, сургалт сурталчилгааны ажлууд байнга хийгдэж байна. Цаашдаа энэхүү соён гэгээрүүлэх ажлуудыг байнга хийж хэвших, олон арга хэмжээ зохиогдоод явж байгаа.


-“Нэг хором” аян гуравдугаар сарын нэгнээс эхэлсэн. Аяны хүрээнд хийгдэж буй ажлуудаас дурдвал?

-Цагдаагийн ерөнхий газрын урдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн хэрэг бүртгэх албатай хамтран гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд нэг сарын хугацаанд аян өрнүүлж байгаа. Яагаад гуравдугаар сарыг сонгосон гэвэл эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр гээд баяр олонтой архидан согтууралт их гарч магадгүй гэдэг үүднээс сонгосон байх. Манай хэлтсийн хувьд энэ аяны хүрээнд ЕБС-ууд, их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж байгууллагуудаар яриа таниулга, нөлөөллийн сургалт мэдээллүүдийг хийгээд явж байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр баар, караоке, цэнгээний газруудад “Найрсаг харилцаа” гэсэн аяныг уялдуулан зохиож байгаа. Энэхүү аж ахуйн нэгжүүдээр хэрэгжүүлээд санамж бичиг өгч, тараах материал сургал сурталчилгааны олон ажил хийж байна.


-Олныг хамарсан аян өрнүүлээд хэр үр дүнд хүрэх үү? Гэмт хэргийн гаралт хэр буурдаг вэ?

-Цахим ертөнцөөр дамжуулж хүмүүсийн ухамсарт нөлөөлөх байдлаар нөлөөллийн арга хэмжээнүүдийг урдчилан сэргийлэх чиглэлээр явуулснаар тодорхой хэмжээнд гэмт хэргийн гаралт буурдаг. Хүн хэлэхээс нааш цаас чичхээс нааш гэдэг үг байдаг даа. Нөлөөллийн видео бичлэг, наалт стикер зурагнуудыг үзснээр хүн өөртөө нэг зүйлийг тусгаж, бодож авдаг л юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, аж ахуйн нэгжүүдэд нийгмийн идэвхтэй газруудад арга хэмжээ авбал энэ төрлийн гэмт хэрэг харьцангуй буурдаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Тэгээд нэг хүн үзнэ нөгөөдөхдөө хэлнэ. “Нэг хором” уураа тэвчвэл үүсэх эрсдлийг нөгөө хүндээ ухааруулах боломж өндөртэй. Түрхэн зуурын уур бухимдлаас болж хохирсон болон хохироосон хүний амьдрал тэр чигээрээ сүйрдэг. Тиймээс түрхэн зуурын тэр уур бухимдлаа “Нэг хором” л тэвчих энэхүү аяныг эхлүүлээд байна.

-Цаашид урдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөсөн ажлууд юу байна?

-Энэ ондоо урд оныхоо хэлэлцүүлэгийн үр дүнг үзнэ. Тооцоо судалгаагаа гаргана. Гуравдугаар сард “Нэг хором” аяныхаа хүрээнд гарсан үр дүнг ярилцана. Богино хэмжээний шторк хийж өөрсдийн пейж хуудас, сошиалаар дамжуулан сурталчилан таниулах ажил хийнэ. Цаашид яавал хүмүүс эв эетэй байх, нэг нэгнээ ойлгож хүндлэх вэ гэдэг чиглэлээр ажиллахыг зорьж байна. -Архидан согтуурахтай яаж тэмцвэл зохих үр дүнд хүрэх бол? -Мэдээж ажлын байр хэрэгтэй байна. Ажилгүй орлогогүй иргэд архиар стрессээ тайлж, энэ бүх хэргийн ихэнх нь гардаг. Төр засгийн бодлого хэрэгтэй. Тэгэж байж архидан согтуурал багасаж, гэмт хэргийн гаралт буурна. Цагдаагийн байгууллага бол гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн хэмжээнд сайн ажиллаж байгаа гэж боддог.

Онцлох нийтлэлүүд