ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.02.15 12:02

Завханд долоон настай хүүхэд тусгаарлагдаад байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 оюутны давтан шинжилгээ сөрөг гарсан тул оюутнуудыг өнөөдөр эмнэлгээс гаргаж байна. Оюутнууд нэгдүгээр сарын 23-наас Уханьд тусгаарлагдсан. Ингээд хоёрдугаар сарын 1-нээс ХӨСҮТ-д тусгаарлагдаж нийт 21 хоног тусгаарлагдсан байна. Энэ хугацаанд эмч нарын хяналтад байхад ямар нэгэн зовуурь илрээгүй. ХӨСҮТ-д энэ сарын 13-нд найман хүн, Архангайд тусгаарлагдсан нэг зэрэг нийт есөн хүний шинжилгээ сөрөг буюу коронавирусгүй гэж гарсан. Хоёрдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурав, Завхан нэг, Дорнодод нэг, Налайхад нэг зэрэг нийт зургаан хүн хяналтад байна” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Завхан аймагт тусгаарласан сэжигтэй тохиолдлын сорьц өчигдөр орой ирсэн. Одоо шинжилгээ хийж байна. Завханд тусгаарласан тохиолдол нь долоон настай хүүхэд. Хүүгийн ээж, аавыг ч тусгаарласан. Эрээн хотод амьдардаг, аав нь Хятад, ээж нь монгол, хүүхэд нь долоон настай ийм гэр бүл. Энэ гэр бүл Улаанбаатарт ирэхдээ очсон айлын хүмүүсийг ч ажиглалтад оруулсан. Шинжилгээний хариу гартал ажиглалтад байлгана” гэлээ.

Түүнчлэн мэргэжилтнүүд нэг метрийн зайнаас нэгэнтэйгээ харьцахыг зөвлөж байсан бол одоо хоёр метрийн зайнаас харьцахыг зөвлөж байна. Шинэ коронавирус нь 40-өөс дээш хэмийн халуунд тэсвэргүй аж. Тиймээс байнга ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх, амны хаалтаа тогтмол хэрэглэх хэрэгтэйг зөвлөлөө.

Онцлох нийтлэлүүд