ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.02.23 10:02

Завханы гавьяат Х.Оюунцэцэгийнд өнжлөө

Завханы гавьяат гэдгээрээ олонд танигдсан Х.Оюунцэцэгийнд өнжлөө. Сүүлийн гурван жил СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн сургуульд багшилж байгаад Улаанбаатарт шилжин иржээ. Гавьяат Нисэхэд гурван өрөө сууцанд дүүтэйгээ амьдардаг юм байна. Х.Оюунцэцэг гавьяатын хоёр хүү тусдаа гарчээ. Биднийг очиход бага хүү нь ирчихсэн ээждээ тусалж байв.

“Ирэхийг чинь мэдэж байсан ч сайн бэлдэж чадсангүй” гэж хэлээд инээд алданзолголоо. Биднийг цай цүй болж, хууч хөөрч байхад хуурай дүү нь гэх эмэгтэй орж ирэв. Завханд нэг байранд хөрш байжээ. Төд удалгүй хамт амьдардаг дүү нь ирлээ.

Мэдсосапрон буюу бүдүүвтэр хоолойтой Х.Оюунцэцэг дуучин сургуульд байхдаа альт хоолойтой байсан гэнэ. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул аж. 1979 онд Завхан аймгийн Соёлын ордонд дуучнаар орж байж. Хожим 1983 онд театр болжээ. Театртаа 35 жил ажилласан байна. Х.Оюунцэцэгийн удмынхан сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Түүний өвөө аав гурван өдөр шөнө буюу 72 цаг дуулахад нэг ч дуу давтахгүй, хоолой нь ер сэрвэлзэлгүй дуулдаг хүн байсан аж. Ээжийнх нь аав Галсан, аавынх нь аав Гаадан гэдэг хүн байж. Хоёр өвөө нь их сайхан дуулдаг найрын дуучид байжээ. Нагац, авга нар нь бүгд найрын дуучид байсан гэнэ.

Гавьяат “Би бага залуу байхдаа дуучин болно гэж огт бодож байгаагүй. Драмын жүжигчин болно гэж боддог байсан юм. Гэтэл намайг арав төгсдөг жил драмын ангийн хуваарь ирээгүй. Тэгээд л аймгийнхаа Соёлын ордонд дагалдан дуучнаар орсон. Намайг урлагт хөл тавихад нөлөөлсөн хүннагац ах Г.Дэмбэрэлсамбуу маань. 1978 онд кино драмын анги төгсөөд Завханд найруулагчаар ирсэн хүн. Театрын үндэслэгч, сайн найруулагчдын нэг дээ” гэж ярив.

Оюунцэцэг 1980 онд Улаанбаатарт ирж дуулаачийн ангид шалгалт өгч байжээ. Нэг жил ажиллаад ирсэн учраас хоолой нь задарчихсан, тэр жил шалгуулсан хүүхдүүдээс хамаагүй илүү байжээ. Түүнийг Болгарын урлагийн сургуульд явуулах тухай яриа шүүгч нарын дунд өрнөхөд биеэр намхан гэдэг шалтгаанаар бүтээгүй аж. Тэр үед Соёлын яамны Дамдин гэж хүн “Миний хүү урлагийн хүн байна даа хотын хүүхдүүд шиг хагас өсгийтэй юм өмсөөд ирэхгүй яасан юм. Уг нь их сайхан хоолойтой юм” гэж магтаж байсан гэдэг. Ингээд 1981-1984 онд УБИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгсчээ. Тэрээр СУИС-ийн гавьяат Дашиймаа багшийн шавь юм байна.

Гавьяатын аавыг Хоодон, ээжийг Дашмаа гэдэг аж. Хоёулаа Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул. Нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байжээ. Аав нь сумын орлогч дарга, бригадын даргаар ажиллаж байсан гэнэ. Түүний ээж үйлэнд уран, ширдэг оёод гэртээ битүү дэвсчихдэг байжээ. Оюунцэцэг зургаан хүүхдийн том нь. Тэрээр цай аягалангаа “Баярын үеэр хамгийн гоё дээл, хувцастай нь байлаа шүү дээ. Тэр үед дөрвийн гээд эрээн цэцэгтэй даавуу байсан юм. Тэр даавуугаар зураг харж байгаад л одооны орчин үеийн тайзан дээр өмсөж байгаа шиг даашинз хийж өгдөг байж билээ. Дээлийг хачин гоё урлана. Цагаан сарын өмнө сумын ихэнх хүмүүс дээл хийлгэх гээд оочерлочихно. Одоо ч тайзан дээр гараад дуулахад манай сумынхан аав, ээжийг минь санаад уйлдаг. Би айлын том нь учраас гэрийн бүх ажлаа хийдэг байлаа. Нэг дүүгээ үүрээд, хоёрыг нь хөтлөөд, заримыг нь дагуулаад цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг байсан юм. Нэлээд эршүүд өссөн шүү. Том шуудайтай мөс төвөггүй үүрээд явдаг байлаа. Өвгөнтэйгөө суусан хойноо 25 килограммын шуудайтай гурил мөрөн дээрээ тавиад очсон чинь, хүмүүс намайг муу хэлнэ ш дээ гэж дургүйцсэн. Тэрнээс хойш би тийм юм өргөөгүй” гэж дурсамж сөхөөд хөгжилтэйгөөр инээв. “Тува руу жилд нэг удаа заавал очиж тоглодог байсан. Тайзан дээр өсгийтэй гуталтай, тоглолтын хувцастай монгол, орос, тува гурван дуу дуулахаар үзэгчид сайхан хүлээж авна. Хүлээн авалтаар Тувагийн сайд манай Оюука гээд дагуулаад яваад байна. Хэдэн өдөр тоглолтоо хийчихээд дэлгүүр хэсэхээр би пүүз өмсөөд энгийн цамц өмсчихсөн явж байсан. Сайд нь ирээд миний хажууд зогсчихоод манай Оюука хаана байна гээд өндөр хүн хайгаад байж билээ. Би тэгээд зугтчихсан. Тэгсэн манай дарга ирээд чи урлагийн хүн байж аятайхан хувцаслахгүй яасан юм гээд шоолоод байж билээ. Би ер нь их хээгүй ээ” гэж байна.

МУГЖ цолоо 1997 онд хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багштайгаа нэг зарлигаар Завхан аймгийн соёл урлагийн өдрүүдээр авч байж. Х.Оюунцэцэг гавьяат“Аав минь намайг гавьяат авахаас тав хоногийн өмнө бурхан болсон юм. Аавыгаа хөдөөлүүлээд шуудхотод ирж маргааш нь тоглолтод орж байлаа. Хүнд л байсан. Нэгэнт тайзан дээр гарсан хүн хоёр, гурван мянган хүний өмнө уйлж болохгүй шүү дээ. Урлаг ийм үед хатуу. Би тэр үед хоортой дуулдаг байсан юм. Дуулаад ороход хоорынхон маань бүгд уйлчихсан зогсож байсан. Чамайг өрөвдөөд уйллаа гэж хэлж байж билээ. Гавьяат авдаг жил аав, ээж хоёр маань их ойрхон өнгөрсөн” хэмээн ярив.

Тэрээр “Дуулахгүй яаж л явах юм бэ”, “Ойгон сайхан ээж”, “Аав ээждээ өргөх дуу” гээд олон сайхан дуутай аж. Урын сандаа ардын, сонгодог гээд 300 гаруй дуутай юм байна. Өдөр тутамдаа дуулдаг 70-80 дуу бий гэнэ. “Гавьяат гэдэг нэрийг өндөрт л өргөж явах хэрэгтэй. Тайзан дээр, микрофонгүй зааланд, найранд ч дуугаа хүмүүст сайхан хүргэх ёстой. Дуулаад дуусахад аргагүй гавьяат юм даа гэж үнэлэгдэхээр дуулдаг байх хэрэгтэй” гэж ярилаа.

Нөхөр Б.Зоригт нь Завханы Эрдэнэ сумын уугуул аж. “Нутагтаа бид хоёр Вандан, Дуламсүрэн хоёр шиг л байсан. Хамт бүх зүйлээ хийнэ. Ажилдаа ч тэр, гэртээ ч тэр салахгүй. Намайг Соёлын ордонд ажилд ороход манай хүн бүжигчин байсан юм. Бүх юманд нь ахаа гээд их гүйдэг байж билээ. Соёлын өдрүүд, уран бүтээл гээд байнга хамт хөдөө явдаг байлаа. Хөдөөгийн театрынхан төвийнхөөс нэг зүйлээрээ онцлог. Дуулна бүжиглэнэ, жүжиглэнэ гээд чаддаг бүх юмаа хийнэ. Дуурь, хөгжимт драм, жүжигт орно хөтлөгчөө хийнэ гээд бүгдийг л хийдэг байлаа. Хөгжимт драмд манай өвгөн бид хоёр л гол дүрийг авдаг байсан. Драмын 17 жүжгийн гол дүр бүтээсэн байдаг юм. Миний хань надтай хамт УБИС-ийн дуулаачийн анги төгссөн хүн” гэж ханиа дурслаа.

Том хүү Эрдэнэбаяр нь хөгжим бүжгийн их сургуулийн лимбийн ангийг төгсчээ. Одоо 19 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш аж. Харин бага хүү Бямбадорж нь дасгалжуулагч юм байна.

“Хөдөөний уран бүтээлчид хүнд танигдах нь ховор байх. Батсүх гавьяат маань 1993 онд гавьяат аваад ерэн оны сүүлчээр хотод орж ирснээсээ хойш л олонд танигдсан. Гавьяат Батсүхийн дуулсан олон дууг бид бас дуулдаг. Гавьяат маань дуугаа хүмүүст сайхан хүргэх юм даа. Дууны шүлэг үгэн дээр их сайхан ажилладаг мундаг хүн. Хүнд хүргэнэ гэдэг их ажил шүү. Одооны залуус ам барих гээд байдаг болж. Би тэгж үзээгүй учраас мэдэхгүй. Сэтгэлээсээ дуулах өөр. Дуучин сайхан сэтгэлтэй байх ёстой гэж шавь нартаа захидаг юм” гэж байна. Батсүх гавьяат 1983 оноос Завханы театрт ажиллаж эхэлжээ. 1998 он хүртэл хамт ажилласан гэнэ.

Х.Оюунцэцэг дуучин “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад олон удаа тоглож байжээ. Тэрээр зургийн цомгоо сонирхуулангаа “Театрт ажиллаж байгаа хүн нэг жилд театраас тавьж байгаа дөрөв, таван концертонд тоглоно. Аймгийн бүх арга хэмжээнд оролцоно. Хөдөө явж театрын орлого төлөвлөгөөг хийнэ. 1979 оноос эхлээд “Таван эрдэнэ”, “Хаврын шөнийн бодол” зэрэг тэр үед гарч байсан дууг их дуулдаг байлаа. Наяад оны сүүлээр өөрийн гэсэн олон сайхан дуутай болсон. МУГЖ Цэвээнравдан, Жамьян гэж хоёр сайхан хөгжмийн зохиолч тэнд байсан юм. Ерээд оны сүүлээр Бавуудорж найрагч, Лутбаяр найрагч, СТА Батсайхан нартай ажиллаж байсан. Тэр үед баригад явах замдаа л дуугаа хийчихдэг байлаа. Авьяас тэтгэвэрт гарахгүй гэдэг. Одоохондоо дуулж чадаж байгаа дээрээ таетртаа очиж ажиллана гэж боддог. Миний хувьд одоо л жинхэнэ дуулж болмоор санагдаж байгаа. Дуулаач гэдэг чинь их амьсгаа шаарддаг. Чадаж байгаа дээрээ дуулж л байсан дээр” гэж хууч хөөрөв.

МУГЖ Х.Оюунцэцэг “Тэс мөрөн ээж” тоглолтоо 2003 онд хийжээ. Бие даасан долоо найман тоглолт хийсэн аж. Гавьяат маань энэ жил гуравдугаар сарын 15-нд буюу шинийн 25-ны өдөр “UB palace”-д тоглолтоо хийх гэж байгаа аж.

“Тэс мөрөн” дуу яаж төрсөн түүхийг сонирхуулж байна. 20 жилийн өмнө Тэс сумын сүлд дуу хийх үүрэг авсан гэнэ. Хөдөөгүүр урлагийн тоглолт хийж явах замдаа Батсайхан гавьяат үгийг нь бичжээ. Батсүх аяыг нь ч хийсэн аж.“Тэс мөрөн ээж одоогоос 20 жилийн өмнө гарч байсан дуу. Дөнгөж сураад дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байлаа. Дуулж байхад шууд сураад лтэр дор нь дагаж дуулж байсан. Тэс сумын сүлд дуу болсон доо. Нэг удаа Тэс сумын хөгшин тайзан дээр “Тэс мөрөн ээж” дууг дуулж дууссаны дараа надтай уулзаад Батсүх, Жавхлан хоёрыг дуулахад арай л сэтгэлд хүрэхгүй байсан юм. Чиний дуу ёстой нэг сэтгэлд хүрлээ” гэж хэлж байсан шүү” хэмээн ярив.

Түүний тоглолтоор Завхан, Увс аймгуудын нутгийн зөвлөл ирдэг гэнэ. ”Нямдорж гишүүн нутгийн зөвлөлийн дарга байсан үе. Гишүүнд танай нутгийн охин юм чинь үг хэл гэж л дээ. Гэтэл тэр үедгавьяатаа сайн авч яваа учраас танайхаар овоглохыг зөвшөөрнө гэж байсан. Нэг сонин тохиолдол ярья. Увс аймгийнхаа төв дээр Далантай, Батсайхан, Батсүх бид хэд явж байлаа. Нутагтаа байна шүү гэж хэлээд их додигор явж байтал нэг хүн Завханы гавьяат Оюунцэцэг явж байна гэдэг юм. Нөгөөдүүл чинь нирхийтэл инээхгүй хаачихав. Тэгсэн өнөө хүн тэднийг харсанаа өө Завханыхан бүгд явж байна гэж хэлдэг байгаа. Гэтэл тэд танай нутгийнхан хүртэл Завханы гавьяат байна гэж их шоолж билээ” гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв.

Дуучин хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Тэгж байж л хүнд хүрсэн дуу гарна шүү дээ. Би энийг шавь нартаа байнга захидаг хэмээв. Бидэнд өөрийн гаргасан “Дуулахгүй яаж л явах юм бэ” цомгийн дурсгаад ажлын амжилт хүсэн үдэн гаргалаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Онцлох нийтлэлүүд