ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.11.27 08:11

Залуучууд шинэ нам байгуулах санаачилга гаргав

Улс төрийн шинэ нам байгуулах хүсэлтэй хэсэг залуу өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, эрх чөлөөгөө эдлэн Монголын залуучуудын нэгдсэн намыг үүсгэн байгуулахаар ийн санаачилжээ. Мэдээллийн эхэнд "Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь залуучууд байдаг. Гэтэл тэд улс төрийг ойлгохдоо сөрөг талаас нь хүлээж авдаг. Улс төрийн нам, улстөрчдөд үл итгэх байдал давамгайлах боллоо. Энэ нь шинэ залуу үеийнхний улс төрд хандах хандлага, ухамсар, төлөвшихөд таагүй нөхцөл байдал үүсгэж байна. Залуучууд бид ардчилал, эрх чөлөөний төлөө өчүүхэн төдийч оролцоогүй. Ухаан орсон цагаасаа чөлөөт зах зээлийн нийгэмд өсөн торнисон. Тиймээс залуус бид хүсэл зорилгоороо эвлэлдэн нэгдэж нам байгуулах нь Монголын ардчилалд оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгож болно" гэлээ.

Тэдний ярьж байгаагаар намын нэршлийг анхдугаар хурлаараа эцэслэн батлах юм байна. Ирэх 2015 оны хоёрдугаар сард хуралдуулахаар төлөвлөж буй анхдугаар хурлаараа намын нэр, бэлгэдэл, дүрэм, удирдах зөвлөл, хяналтын хороогоо байгуулах ажээ. Хэрэв дээд шүүх энэхүү отгон намыг бүртгэж, гэрчилгээ олговол үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод явагдана гэв. Ингээд 1992 оноос хойш Монголд бүрэлдэн тогтсон улс төрийн талаарх буруу хандлага ойлголтыг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй гэж тэд зорилгоо тодорхойлно лээ.

Монголын залуучуудын нэгдсэн нам гэхээр хэд орчим насныхныг эгнээндээ багтааж, сонгуульд хэрхэн оролцох тухайд тэд "Манай нам 18-аас дээш насны иргэдэд үргэлж нээлттэй байна. Нам байгуулагдаж, албан ёсны гэрчилгээгээ авлаа гэхэд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй. Зөвхөн орон нутгийн сонгуульд оролцоно. Учир нь өнгөрсөн хугацаанд иргэдэд тогтсон улс төрийн талаарх тааггүй хандлагыг өөрчилж, улс төрд итгэх итгэлийг сэргээхээр орон нутагт түлхүү ажиллана" гэлээ. Тодруулбал, залуучууд өөрсдийн төрж, өссөн сумандаа тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэдийг төлөөлж байж, дараа дараагийн төлөөллийг хэрэгжүүлж чадна гэж үзжээ. Энэ хугацаанд уг улс төрийн нам хэлбэржин төлөвшинө гэж бодож байгаа юм байна.

Энэ намын ард хэн нэгэн эрх мэдэлтэй нууц ноёнтон байхгүй гэдгийг тэд онцлов. Одоогоор нам байгуулах санаачилгад 100 орчим залуу нэгдээд байгаа ажээ.

М.МӨНХ

Онцлох нийтлэлүүд