Нийгэм
2014.06.01 04:06

“Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд өчигдөр/05.31/ тодорлоо.

Эхний шалгаруулалт аймаг тус бүрт болж, тэндээс шалгарсан хүүхэд залуус улсын уралдаанд оролцсон нь энэ арга хэмжээний цар хүрээг өсгөлөө гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд орон нутагт энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулсан аймгийн удирдлагуудад баяр хүргэлээ.

“Залуу зохион бүтээгч 2014” уралдааны шилдгүүдэд Ерөнхий сайд шагнал гардуулахдаа “Монгол хүүхэд, залуучуудын сэтгэн бодох, зохион бүтээх чадвар жилээс жилд өсч байгааг харуулсан уралдаан боллоо. Шинийг бүтээгч залуучууд та бүхэн монгол эх орондоо илүү ихийг хийж бүтээгээрэй” гэж хэллээ.

Уралдааны тэргүүн байрт Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ шалгарч, ШУТИС, МУИС, ХААИС-ийн аль нэгийг сонгож, тэтгэлэгтэй суралцах эрх болон 10 сая төгрөг гардлаа. Тэрбээр бага оврын тракторын хажууд дүүжин их бие буюу цагт 360 боодол өвс ачих ачигч хийжээ.

“Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдэг 15 оролцогчийг шагнаж урамшуулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд