ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.11.02 09:11

Зарим хүнд мөргөж сөгдөөд ч олддоггүй зээл заримд нь өөрөө мэдээгүй байхад орчихсон байх юм

Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн зээл гэдэг асуудал Монголын нийгэм, улс төрийн амьдралд цаашлаад төр засагт ноцтой нөлөөлөх будлианы эхийг тавьж, бүр үймээн самуун дэгдээх магадлалтай болж байна. ЖДҮ-ийн зээл гаргадаг ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. 1-3 хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээл нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газар нь бодлогын хувьд зангидаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаараа дамжуулж зээл олгодог. Улсаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжихийн тулд жил бүр олон тэрбумыг төсөвт суулгадаг. Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гурван их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26.454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7.536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Харин 2018 онд 97.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. ЖДҮ-ийн зээлийн зориулалт бол үндсэндээ жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих. Маш бага, 1-3 хувийн хүүтэй энэ зээлийг авчихсан байхад 24 хүртэлх хувийн өндөр хүүтэй арилжааны банкнуудын зээлийн дэргэд тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.

Энэ зээлийг авах нь ашигтай учраас Монгол Улсын төр засгийг барьж байгаа сайд, УИХ-ын гишүүд гараа дүрж, тэдний гараар энэ зээл ороод дуусах юм байна. Үүнтэй холбоотой хэрэг, дуулиан сүүлийн үед илэрч олны анхаарлын төвд ороод байна. ЖДҮ-ийг дэмжих зээл авах санаатай хөөцөлдсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хоосон хоцордог гэнэ. Үүнээс үзэхэд зээл авах эрэлт их ч, нийлүүлэлт нь бага байгаа мэт харагдана. Гэтэл үнэндээ нийлүүлэлт нь зээл хүсэгчдийн ядаж тал хувьд нь хүрэх бололцоотой байдаг ч дээгүүр нь дарга, сайд нар, УИХ-ын гишүүд “тоншчихдог” учир жижиг, дунд үйлдвэрлэгчид хоосон хоцроод байдаг. Тэгэхээр зээл хөөцөлдсөн иргэдийн 20 хүрэхгүй хувь нь тэнгэрийн умдаг атгадаг бол бусад нь хүртдэггүй, бүгдэд нь хүрдэггүй. Зарим нь мөргөж сөгдөөд ч олж чаддаггүй зээл заримд нь мэдээгүй байхад нь данс руу нь орчихсон байдаг юм байна.

Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би мэдээгүй. Тийм юм байна билээ. Яриа гараад байхаар нь шалгасан чинь өчнөөн мөнгө орчихсон байна лээ. Би шалгарсан гэдгийг сүүлд мэдсэн” гэж ард түмнээр даажигналаа.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн Б.Батзоригоос авахуулаад УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүн энэ сангаас зээл авсан хэрэгт холбогдоод байгаа. Энэ бол эрхэлсэн албан тушаал, эрх мэдлээ ашигласан шударга бус хэрэг.

Үүнийг Эрүүгийн хуулийн “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах” гэх 22.2 дугаар зүйлд “Нийтийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө, эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасч дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байсан юм байна билээ. Гэтэл энэ заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-нд Эрүүгийн хуулиас хасч хүчингүй болгосон талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттерт жиргэсэн байсан.

Гэхдээ өөрийн давуу байдлыг ашиглаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан дээрх нөлөө бүхий нөхөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг зөрччихөөд байгаа юм. Уг зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасч таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэлх хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж бэлээхэн заачихсан байна. Тийм учраас ХХААХҮ-ийн сайдыг огцруулж, ЖДҮ-ийн зээлийг өөрсдийнхөө компанидаа авсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хүртэлх арга хэмжээ авах хэрэгтэй болох нь. Монголын нийгэм ядуудаа, тарчигтаа бухимдаад байгаа нь бас чиг гайгүй шүү. Гэхдээ бухимдах нь бухимдаж байгаа, үнээн. Хамгийн гол нь энэ болж байгаа үйл явдалтай адилхан шударга бус үйлдэл, нийгмийн шударга бус байдалд л асар их бухимдацгааж байгаа. Дээрх гишүүн, сайд, эрх мэдэлтэй хүмүүсийн увайгүй үйлдэл энэ нийгмийн бухимдлыг гал дээр тос нэмэх мэт улам дүрэлзүүлж байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг нэг яам, нэг сайд, даргын харьяанд оруулчихаар тэр эрх мэдэлтэн л өөрийнх юм шиг хуваарилж, хувьдаа завших, эсвэл өөрийнхөө сонгогдсон тойрог руу илүүтэй гулсуулах үзэгдэл яваад байж мэднэ. Шударга, зарчимч үйл ажиллагаатай арилжааны аль нэг банк руу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө олгох процессыг шилжүүлж даалгаж өгөх нь хамгийн зөв. ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулж олгох нь хэн нэг даргын нөлөө, эрх мэдлээ ашиглаж өөртөө болон хамааралтай хүмүүс рүүгээ төсвийн мөнгийг шилжүүлэх шударга бус үйлдэл алга болно. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч энэ талаар тусгаж эрх мэдэлтнүүд жирийн иргэд, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулж төсвөөс гаргадаг мөнгө рүү гараа дүрдэггүй болгох цаг нь болчихоод байна.


Онцлох нийтлэлүүд