ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.12 04:09

Засгийн газар контор нэгжиж архины шил хураах эрхтэй юм уу?

Монгол Улсын төрийн бүх албан хаагчид үүнийг уншина уу...

Ардын намын Засгийн газар төрийн албан хаагчдыг нэгжиж архи, архины шил хурааж авдаг ажилтай болов. Анх Улаанбаатараас эхэлсэн энэ шалгалт орон даяар болж шилжлээ. Яам, тамгын газар, агентлагуудын албан конторыг нэг бүрчлэн шалгаж, нэгжиж байгаа юм байх. Төрийн албан хаагчдыг ажлын байран дээрээ эрүүл байна уу, ширээнийхээ нүдэнд архины шил хадгалж байна уу, үгүй юу гэдгийг нягталж байгаа гэнэ. Цагдаа нар зам дээр машин барьж яваа жолоочийг шалгаж байгаа мэт төрийн албан хаагчдыг ажлын өрөөндөө сууж байхад нь гүйж очоод согтуурал хэмждэг багаж руу үлээлгээд ч байх шиг. Үүнийгээ нийгмийн сүлжээнд баруун, солгойгүй зарлаж, үлээж байгаа төрийн албан хаагчийн зураг хөргийг нь хүртэл тавьсан харагдана. Засгийн газар өөрсдийгөө пиардаж буй энэ үйлдлээрээ төрийн албаны 400 мянган хүнийг гутаан доромжилж байгаагаа мэдэж байна уу.

Энэ шалгалтын цаад санаа нь “Улстөрийн томилгоогоор томилогдсон манай намын сайд, дарга нарыг авлига нэхэж архи уухаас өөр шидгүй төрийн албан хаагчид гутаан доромжилж байна” гэсэн үзэл бодлын үүднээс явагдаад байна. Уг нь засаг төрийн ажил амжилттай явах, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улсыг улс шиг удирдан авч явах гол хүч нь төрийн албан хаагчид шүү дээ. Гэтэл намуудаас томилогдож, төрийн өндөр албанд очсон дарга нар салааныхаа цэргүүдийг загнаж буй мэт албан хаагчдыг зандарч, доромжилж, үгийн муугаар хэлдэг. Үүнийгээ болих хэрэгтэй. Төрийн албан хаагч гэдэг бол 13-р зуунд Чингис хааны цэргүүд шүү дээ. Их хаан дайн тулаанд орохоосоо өмнө цэргүүдээ элдвээр хэлж, аймхай, хулчгар, арчаагүй гэж зүхэж, зандарч байна гээд бод доо. Цэргүүд ингэж зэмлүүлж, гоочлуулж, доромжлуулж байсан бол дайнд ялалт байгуулж, дэлхийн талыг эзэлж чадах байсан гэж үү.

Зам, тээврийн хөгжлийн яамны хоёр ажилтан архидаж, нэгнийхээ аминд хүрсэн гэмт хэргээс үүдэлтэйгээр төрийн албанд архидалт байгааг шалгах ажил энэ засгийн үед сэдэрлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол ажил нь энэ болж, өдөр шөнөгүй пиардах болов. Ингэхэд ийм эрх хуулиар зөвшөөрөгдсөн байдаг юм уу.

Орон нутаг дахь төрийн албаны конторуудыг шалгана гээд л мэдээлэх юм. Очихоосоо өмнө ингэж зарлачихаар ямар зөрчил илрэх юм бэ. Уг нь аливаа хяналт, шалгалтын ажлыг гэнэт, нууцаар хийдэг биш бил үү. Эсвэл шалгалтын багийнхныг ирэхийг нь мэдэхгүй сууж байдаг мэдээлэлгүй улс уу, хөдөөнийхөн. Та нарыг нэгжлэг хийх тэр ганц өдөр архидахгүй тэсчихэд л онц үнэлгээ авчихна биз дээ. Засгийн газар ийм дэмий ажил хийгээд юүхэв дээ. Ард түмний аяганд ямар ганц боорцогны нэмэртэй биш.

Засгийн газар өөрийнхөө дайчдыг доромжилж байна. Төрийн албан хаагчийг элдэвлэх нь төрийг дорой болгож харагдуулдаг гэж “Өдрийн сонин” хэдэнтээ бичиж байсан. Төр эрхэмсэг байх ёстой. Гэтэл төрийн албан хаагч бол ард түмний өмнө бөхөлздөг “Ширээний үйлчлэгч” гэсэн үзлийг нийгэм рүү хэтэрхий турхирснаас болж иргэн хүн албан конторт орохдоо өргөдөл биш, хутга барьж ордог болжээ. Захын нэг иргэн “Үүдэнд удаан зогсоолоо” гэж бухимдахдаа төрийн албан хаагчийг хутгалж, уураа гаргаж байх жишээтэй. Төрийн албан хаагч бол ширээний үйлчлэгч биш.

М.МӨНХ

Онцлох нийтлэлүүд