ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.12.08 11:12

Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн байдал

Баасан гаригийн чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэхээр бүтэн өдрийг барав. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орой 21 цаг 30 минутад Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсийг зөвшилцсөн юм. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг 22 цаг өнгөрч байхад холбогдох Байнгын хороодоор оруулж хэлэлцлээ. Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч МАН-ын экс генсек У.Хүрэлсүх, Монгол Улсын сайдад нэр дэвшигч МҮАН-ын даргаМ.Энхсайхан, ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Баярцогт, Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав,Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Ш.Төмөрхүү, Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол,Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Эрдэнэ, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөр, Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат бүгд байлцсан.Ямартаа ч сайдад нэр дэвшигчдийг байнгын хороод дэмжин гаргаж ирснээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Харин МАХН-аас Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамыг хэндээ өгөх нь тодорхойгүй нэлээд удсан. Тиймээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байнгын хорооны хурал дээр "Та нар манай хоёр яамны сайд нарыг байнгын хороогоор хэлэлцүүлэхгүй бол завсарлага авна шүү" хэмээн суусан. Угтаа тус намынхан 4-5 цаг орчим Д.Тэрбишдагвын өрөөнд хуралдсан юм. Тэд Батлан хамгаалахын сайдад Ц.Цолмонг нэр дэвшүүлсэн бол Эрүүл мэндийн яамаа хэнд өгөх вэ хэмээн удтал мэтгэлцжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгосоос Л.Жамбалжавыг сайд болго хэмээн үүрэгдсэн бол намын дунд болон доод шатныхан нь Ж.Хатанбаатар эмчийгээ сайдад зүтгүүлжээ. Дээрх хоёроос хэнийг нь сайд болгох талаар маргаан удааширсан тул намынхаа генсек Г.Шийлэгдамбыг шууд нэр дэвшүүлэхээр болсон байна. Энэ үед Төрийн ордонд Н.Батбаяр, Б.Наранхүү, Г.Баярсайхан нарын зарим гишүүд нэлээд халамцуу яваа харагдсан. Г.Баярсайхан, Б.Наранхүү нар дөрвөн давхрын шатаар уруудан явахдаа бие биенээ хүзүүдэн явсан нь олны анхаарлыг татсан юм.

Чуулганы нэгдсэн хурал­даан 23:15 цагт эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдээ танилцуулж, нэр дэвшигчид нь танхимаар хамтран ажиллах чадвартай, ажлын туршлагатай гэдгийг онцлон томилуулах хүсэлтээ илэрхийлэв. Чуулганы хуралдаан Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэхэд "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Сайдад нэр дэвшигчдийг бүгдийг нь хамтад нь хэлэлцэх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол манай бүлэг завсарлага авах гэж байна. Хэрэв завсарлага өгөхгүй гэвэл сайдад нэр дэвшигчдийн материал чинь шаардлага хангахгүй байна. Үүгээр ч гэсэн завсарлага авч болно шүү" гэхэд УИХ-ын дарга З.Энхболд "Цаг хугацаа МАХН-ыг хүлээгээд эцэс төгсгөлгүй байж болохгүй л дээ. Та нарыг хүлээж дөрвөн цагийн турш хуралдсангүй. Та нар нэрсээ өргөн барина гэж байгаа бол хэзээ ч хүлээж авахад бэлэн байна. Хэлэлцүүлэг явж байхад өргөн барих ажлаа хий. Р.Гончигдорж дарга очоод авчих" гэсэн юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж чуулганы танхимаас гарлаа.

Нэр дэвшигчтэй холбогдуу­лан УИХ-ын гишүүн Г.Уянга "Шөнөөр заавал томилгоо хийх гэж хэлэлцдэг нь ямар учиртай юм бэ. Би гэхэд юугаа ч мэдэхгүй санал өгөх гээд сууж байна. Шударга ёсыг тогтоох гэж орж ирсэн эвсэл та нарын хэлдгээр Шударга бус эвсэл болох гээд байна. Бүлэг хуралдах ёстой. Завсарлагыг дэмжиж байна" хэмээн ярьж байтал Их хурлын дарга "Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултаа асуу. Танай намын дотоод асуудлыг энэ танхимд ярихгүй" гээд түүний микрофоныг хаасан юм. Г.Уянга "Та яах гэж хүний микрофон хаагаад байгаа юм. Танд тийм эрх байхгүй. Би асуулт асууж байна" гэв. "Би 120 мянган сонгогчийн саналыг авч гарч ирсэн. Та битгий миний гурав дөрөвхөн минут үгээ хэлэх боломжоос хумсалж бай" гэлээ. Түүнчлэн Ерөнхий сайдад хандан "Таны оруулж ирж буй бүрэлдэхүүн дотор асуудал байна. Авлигын хэргээс болж албан тушаалаа өгсөн С.Баярцогт гэдэг хүн байна. Энэ бүхэн чинь хуулийн дагуу явж байгаа юм уу" хэмээн асууж байтал З.Энхболд дарга "Энд С.Баярцогт болон бусад хүмүүсийн асуудлыг яриагүй байна" гээд түүний микрофоныг дахин хаасан юм. Энэ үед Г.Уянга гишүүн "Үгээ хэлмээр байна" гэсэн бол чуулганы танхимд согтуу сууж байсан Н.Батбаяр гишүүн "Энхболд оо, чи яагаад байнаа. Чи хэн бэ, бацаанаа. Өвөрхангайгаас чи хоёр сайд оруулж ирж байгаа биз дээ" гэхэд Их хурлын дарга З.Энхболд "Батбаяраа чи архи уусан байна. Гэртээ харьж амар" гэхэд Н.Батбаяр "Аятайхан байгаарай. Өвөр­хан­гайн захын нохой мэднэ шүү. Тийм юм байхгүй" гэхэд бүлгийнх нь дарга Д.Эрдэнэбат аргаа барсан бололтой сууд­лаасаа босч очоод түүнд хандан үг хэлсэн ч тэрбээр харин толгой сэгсрэн хоёр гараа элгэндээ тэвэрсээр суулаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Өнөөдөр Засгийн газрын гишүүнээр томилогдох хүмүүс дотор гэмт хэрэгтэн, эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс байхгүй. Нэг зорилгоор цаашид явж чадна гэсэн хүмүүсээ оруулж ирсэн.

Гүйцэтгэх засаглалд орж ирж буй хүмүүстээ Их хурлын гишүүд маань хүндэтгэлтэй хандаж популист үг хэлэх шаардлагагүй. Шүүхээр гэм бу­руутай нь тогтоогдсон үед гэмт хэрэгтэн болдог шүү. Тий­мээс бие биедээ хүндэтгэлтэй хандахыг Г.Уянга гишүүнээс Ерөнхий сайдын хувьд хи­чээн­­гүйлэн хүсье" гэлээ. Ха­ламцуу гишүүдийн нэг болох Б.Наранхүү С.Дэмбэрэл ги­шүү­нийг үг өдөн зүгээр суул­гах­гүй байлаа. Хажуугаас нь байнга ёворч байсан ч С.Дэмбэрэл гишүүнд тээртэй санагдаагүй бололтой ихэд эелдэгхэн инээмсэглэж ярьж суув. Түүний дараа УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Өнөөдөр заавал шөнө дөлөөр хуралдах хэрэг байсан юм уу, Их хурлын даргаа. Өнөөдөр монголчууд эв эеэ хичээх цаг ирсэн. Алийн болгон танай манай, ардчилсан, ардын нам гэж хэрэлдэх юм бэ.

Бид хамтрах цаг болсоон. З.Энхболдоо чи наад дээрээ суучихаад өөрийгөө бүхнийг мэддэг гэж бодоод байгаа бол буруу байна.

Н.Алтанхуягийн ардчилсан Засгийг унагаж хаячихаад" гэхэд Их хурлын дарга "Нэр дэвшигчийн талаар үг хэлнэ" гэхэд "Тийм юм байхгүй. Чамд миний үгийг таслах эрх байхгүй" гэв. Энэ үед Н.Номтойбаяр гишүүн суудлаасаа "Нам доторх хэрүүлээ чуулганы танхимд биш өөр газар очиж хий" гэлээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн хоёр баглаатай цэцэг тэвэрчихсэн түүнийхээ дэлбээг илж суув. Танхимаас нь хоёр эмэгтэй сайд төрөх гэж байгаа тул ийн бэлтгэл хангасан байх гэлцэж байсан. Нойрмоглосон гишүүд шөнөөр заавал хэлэлцэх хэрэгтэй юм уу хэмээн үглэцгээж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эр­дэнэ үг хэлэх гэтэл Н.Бат­баяр "Бат-Эрдэнээ дуугүй бай за юу. Би" гэтэл Б.Бат-Эрдэнэ гишүүн "Чи яахаараа миний үгийг хорьдог юм" хэмээн мэтгэлцэж байсан. Н.Батбаяр гишүүн "Аваргаа, аваргаа" гэсээр дуугаа хураав. Шадар сайдаар У.Хүрэлсүхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад ги­шүүдийн олонх болох 98.3 хувь нь дэмсэн. Н.Батбаяр гишүүн "дэн дун" байсан тул кнопоо дарж чадалгүй ганцаараа эсрэг санал өгсөн юм. Ингэснээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо. Гэхдээ бүх сайд нар томилогсдоны дараа нэгдсэн тогтоол гарснаар У.Хүрэлсүх Шадар сайдаар албан ёсоор баталгаажна.

ЗГХЭГ-ын даргаар С.Баяр­цогтыг нэр дэвшүүлэн хэлэлцэхэд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ерөнхий сайдын сонголтод гайхаж байна. Мань хүн нэг асуудалд холбогдсон. Орлогоо нуусан. Нэг сая доллар шүү. Одоо Монголд орлогоо нуусан хүнийг яллаж болохгүй. С.Баярцогтод чадвар бий. Түүнийг нь үнэлдэг. Та одоо улсын төлөө зүтгэнэ шүү. Та энэ хүний юунд нь найдав аа, Ерөнхий сайдаа" хэмээж байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Таны асуултан дунд хариулт нь өөрөө гараад ирлээ. Таны хэлсэн шиг энэ хүний чадварыг нь үнэлж байгаа юм. Бидний хүнд хэцүү энэ үед бэрхшээлээс гарахад Баярцогтын хувь нэмэр их байна" гэлээ. Харин нэр дэвшигч С.Баярцогт "Би АТГ-т есөн сар шалгуулсан. Надтай холбоотой бүх мэдээллийг өгсөн. 2014 оны гуравдугаар сарын 12-нд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож дүгнэлтийг гаргаж өгсөн. Намайг буруугүй гэдгийг тогтоосон. Монгол гэдэг үгийн ард Хятад гээд бичсэн байсан. Тухайн компани нь буруу бичсэн байна гээд уучлал хүссэн бичиг нь ирсэн. Бүртгэл хийсэн газрынх нь буруу. Би Оюу толгойн гэрээг Эрдэнэс баялгийн сайд, Байгаль орчны сайдтай хамтарч зурсан. Энэ бол миний Монголынхоо төлөө хийсэн том ажил гэж боддог. ЗГХЭГ-ын дарга уул уурхайтай холбогддоггүй. Би орлогоо нуусан зүйл байхгүй. Бие биенээ харддаг, сэрддэг зүйл надаар дуусгавар болоосой. Ц.Даваасүрэн гишүүн ээ би таны итгэлийг дааж, сонгогчдын итгэлийг дааж ажиллаж чадна" гэлээ.

Х.Болорчулуун гишүүн "Швей­царийн банк Хятадын Монгол гэж анзааргагүйн алдаа гаргахгүй" хэмээн хар унагаж байсан бол С.Баярцогт гишүүн "Үүнд Швейцарийн банк хамаагүй. Бүртгэсэн газрын алдаа байсан" гэсэн юм. Харин гишүүн З.Баянсэлэнгэ "Би таны мэдлэг чадварыг үнэлж байгаа ч ёс зүйтэй байх хэрэгтэй. Таныг Оюутолгой компанийн гэрээг сайн болсон гэж байгаад гайхаж байна. АН-д С.Баярцогт гишүүнтэй дүйцэхүйц мэдлэг­тэй, боловсролтой хүмүүс бай­гаа. Нэр дэвшигч С.Баярцогт "Оюутолгойн гэрээг хэдхэн хүн хэрэгжүүлсэн юм биш. УИХ-ын тогтоолоор хуулийн дагуу хийгдсэн зүйл. Энэ гэрээг хийсний төлөө сайн ч хэлэгдэнэ. Муу ч хэлэгдэнэ. Ингэж байж ажил явагдана. Би таны үгэнд эмзэглэхгүй байгаа. Үүнийг ажил үйлсээрээ харуулна" итгэл муутай хариулж байв. Тэрээр боловсролтой, ёс зүйгүй хүн юм байх, УИХ-ын гишүүдийн үнэлэмжээр. Улс төрд аль нь чухал байдаг юм болдоо. Чуулганы хуралдаанд сайдад нэр дэвшигчид бүгд суусан. Шөнийн 00 цагт өнгөрч байхад тэдний утсанд зогсоо зайгүй мессэж ирж байгаа бололтой чуулганы танхимд орохоос эхлээд гаран гартлаа гар утсаараа мессэж бичиж байлаа.

Г.Уянга гишүүн Ерөнхий сайд болон С.Баярцогт ги­шүүнд хандан "ЗГХЭГ-ын даргаар оруулчих өөр хүн АН-д байхгүй байсан юм уу. Асуудалтай, олон нийтэд таалагдахгүй байгаа хүнийг оруулж ирүүлсэнд гайхаж байна. Ч.Сайханбилэг дарга намайг популист гэж хэлж байна" хэмээн гомдоллов. УИХ-ын дарга З.Энхболд "Цаг хэтэрхий орой болсон тул хуралдааныг 12 дугаар сарын 09-ний өдрийн Мягмар гаригт үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байна" хэмээснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Э.БОЛД

Онцлох нийтлэлүүд