ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.06.03 04:06

ЗГХЭГ-аас цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүллээ

Иргэдийн дунд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох 888 төслийг шууд санхүүжүүлнэ гэж төөрөгдүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 888 төсөлд шалгарсан төслийг худалдах тухай зар гарч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Иймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах арга хэмжээг авах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлээд байна.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийг дэмжих хүрээнд төслийн нээлттэй шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл зарласан. Шалгаруулалтад нийт 1151 төсөл ирснээс импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл зорилгоо хангасан юм. Харин бусад нь төсөл нь давхардсан, мөн импортыг орлох, экспортыг дэмжих төслүүд биш байжээ. 888 төслийг цаашид арилжааны банкинд шилжүүлж, банк судалгаа хийж, зээлийн шалгуурт тэнцсэн төслүүдийг санхүүжүүлэх юм. Энэ нь 888 төсөл бүгд санхүүжилт авна гэсэн үг биш бөгөөд банкны шалгуурт тэнцсэн төслүүд санхүүжилт авах боломжтой болно.

Зээлийг төгрөгөөр, 5 жил хүртэл хугацаатай олгоно. Хүүгийн хэмжээ жилийн 9 хувиас илүүгүй байх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байна гэсэн ерөнхий нөхцлүүдтэй байна.

Онцлох нийтлэлүүд