ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.26 09:06

Зун сонинуудын ихэнх нь амардаг, захиалагчид анхаарах хэрэгтэй

Мянга мянган захиалагч, уншигчдадаа энэ үгийг хэлье гэж хэлж байна. “Өдрийн сонин” зогсолтгүй ажиллаж байна. Ажилласаар ч байх болно. Нийгэмд хүлээлт дагуулсан ямар л асуудал босно манай редакцийн утас үнэндээ улайсдаг. Сүүлд гэхэд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан... нарын талаар та нар илүү ихээр мэдээлээд өгөөч ээ... хэмээн шахдаг. Эхнэр хүүхэд, ээж аавынх нь зангирсан ярилцлагуудыг цаг алдалгүй нийгэмд хүргэсээр байхад л “Дахиад, дахиад дуугараач. Танай сониноос өөр үнэнийг хэлээд өгөх газар алга байна шүү дээ” гэх хүмүүсийн бухимдалд заримдаа “Манай сонин үүнээс илүү яах юм бэ, редакци бүх чадлаараа хөдөлж байна шүү дээ” хэмээн хэлэх үе ч гарах л юм. Өнгөрсөн 20 жилд Монголын нийгэмд хүний эрх зөрчигдсөн ямар л үйл явдал болно “Өдрийн сонин” өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хавсарга үл ажран тэдний төлөө зүтгэсэн. Бидний мянга мянган захиалагч, уншигчдынхаа өмнө хүлээсэн маш том үүрэг хариуцлагын нэг нь энэ юм. Өнөөдөр хүмүүс утас компьютераа салгаад амрах тухай ярьж байна. Энэ улс оронд юу болоод байгааг зөвхөн манай сониноос авдаг уншигчдын өмнө редакци маань амрах эрх байхгүй. Ийм хариуцлагатай, мэргэжлийн редакци үнэндээ энэ улс оронд байгаад монголчууд минь баярладаг юм аа. О.Дашбалбарын нэг үг байдаг, “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэж. “Өдрийн сонин” Монголын нийгэмд өмөг түшиг нь, сайн муу бүх цаг үед дэргэд нь байж чаддаг мэдээллийн суваг нь байсаар байна.

“Өдрийн сонин”-ы редакцийн зүгээс энэ зуны тухайд анхаарлын төвдөө яс тас байлгах хэд хэдэн асуудлууд бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль бол аж ахуй эрхэлж буй бүх хүмүүст амь нас шиг нь хэрэгтэй. Тийм болохоор энэ хууль яагаад буцсан тал дээр онцгой анхаарч байна. Наад зах нь “Жаст”-ын Батхүү шоронд бие нь их тааруу байгааг “Өдрийн сонин” хором ч анхаарлаасаа гаргаж болохгүй. Бүх хүнд хүний эрх хамаатай. Ардчилал, хүний эрх, хүн бүрийн бизнес хийж мөнгө олох эрх чөлөө... Ер нь нийгмийн бүх л тулгамдсан асуудал бидний сэдэв байж, бид манаж, хууль ёсны, зөв, хариуцлагатай байлгах тал руу нийтлэлийн бодлогоо чиглүүлж явна.

Энэ бүх үүрэг хариуцлагыг маань олон мянган уншигчид сайн мэддэг. Мэддэг ч болохоор олон жил “Өдрийн сонин” Монголын брэнд хэвлэлийн байр сууриа хадагласаар ирлээ. Одоо зуны улирал эхэлж монголчууд налайх, назгайрах талдаа орлоо. Нийгмийн энэ хандлагыг дагаад сонин хэвлэлийн редакциуд ч амраад явчихдаг болсон. Ачааны хүндийг үүрсэнээрээ “Өдрийн сонин” үлддэгийг захиалагчид маань бас мэднэ. Орчин үед сошиал мэдээлэлтэй болсноор сонин хэвлэл устана гэсэн яриа гарсан. Гэвч хүн төрөлхтөн үнэнтэй эвлэрч эхэлсэн. Сошиал сүлжээнд үнэн бодит мэдээлэл алга, зөвхөн хувь хүний үзэл бодлын индэр байсныг бид хууль ёсны, мэргэжлийн хэвлэлийн редакциудтайгаа андуурч байж гэдгээ. Сошиал ертөнц дэх энэ эх захгүй мэдээлэл дотор хүн төрөлхтөн мэдээллийн төөрөгдөлд орж, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхгүй нэлээн удаан явлаа. Сошиал дотроос үнэн мэдээллийг ялгаж авдаг Шинжлэх ухаан хүртэл бий болохдоо хүрэв. Нийгмийн сүлжээнд худал, гуйвуулсан, засвартай мэдээллүүд 90 хувь нь байдгийг тогтоосноор тэдний нэр хүнд навс унав. Энэ нь сонинуудад гайхалтай эергээр нөлөөлж, цаасан хэвлэлүүдийн нэр хүнд хурдацтайгаар өсөх процесс дэлхийд явагдаж эхэллээ.

Германы жишээ байна л даа. Тэндхийн судалгаагаар авто замын буруу тэмдэглэгээгээр иргэн хүн 100 км буруу явсан бол тэрхүү замын тэмдэглэгээг үйлдсэн байгууллага тухайн иргэнд их хэмжээний төлбөр төлдөг. Үүнтэй адил Хууль зүйн яамнаасаа тамга тэмдэг авсан сонины редакци буруу мэдээлэл цацаад, түүнээс болж иргэн хохирсон бол яг энэ замын тэмдэгийг буруу хийсэн байгууллагатай адилхан хариуцлага хүлээнэ. Харин сошиал мэдээлэл бол “Энэ сайн чанарын өндөг байна” гэж мэдээлээд түүнээс нь иргэн хордсон бол хариуцлага хүлээх боломжгүй,тэр иргэн амь насаараа ч хохирч болно. Сонинд энэхүү өндөгний мэдээлэл гарсан бол хариуцлага хүлээх учраас тус сонины редакци мэдээлэхгүй нь тодорхой. Энэ мэт эрх зүйн харьцуулалтыг айхавтар хийх болжээ. Тийм учраас Германд мэргэжлийн редакцитай сонины мэдээлэлд л зөвхөн итгэх ёстой гэдгийг тус улс хуульчлан тунхаглажээ.

Одоо шинжлэх ухаанч байр сууринаас сонинд ач холбогдол өгч буй Японы жишээг дурдъя. Дэлхийд хамгийн их цахимжсан тус улс сонины мэдээлэлд илүү ач холбогдол өгдөг болсноо тайлбарлахдаа хүн мэдрэлдээ сөрөг нөлөөгүй мэдээлэл авах ганц хэрэгсэл бол сонин хэмээн үзжээ. Ингээд айл өрх, албан байгууллага бүрт сонин хэвлэл хүргэх дэд бүтцээ улам сайжруулж, түүнд ажиллах боловсон хүчний тоо нэмэгдсээр байгаа аж. Гар утаснаас мэдээлэл авахдаа хүн мэдрэлийн системдээ хэдэн зуу дахин ачаалал авч тархины эд эсээ үхүүлж байгааг, сонин уншиж тархиндаа ямарч ачаалалгүйгээр мэдээлэлтэй болж байгаа судалгаануудыг Японы эрдэмтэд гаргасан байна лээ.

Дэлхийн улс орон бүрт брэнд сонинуудынх нь нэр хүнд асар ихээр өсч буй үйл явц ид өрнөж байна. Америкт “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы "Аsahi Shim­bun", Хятадын "China Daily", Английн "Daily Mail", "The Times", Францын "Le Monde" гэхчлэн брэнд сонинууд дээр л зөвхөн тухайн орны төр засгийн мэдээллүүд гарч, ард түмэн түүнд нь итгэн хүлээж авдаг болжээ. Нийгмийн сэтгэл зүй эдгээр сониныг албан ёсны эх сурвалж хэмээн итгэдэг болсон байна. Монгол Улсын хувьд ч мөн адил “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” ... зэрэг хэдхэн өдөр тутмын сонин хэвлэл ард түмний итгэл найдварыг дааж байна. Хөгжсөн, хөгжиж буй улс оронд фэйсбүүк хүртэл тухайн орны хамгийн баталгаатай эх сурвалж болох сонин сэтгүүлээс мэдээллээ цуглуулахыг мэдэгдэж, youtube ч гэсэн баталгаагүй мэдээллийг авахаа больж, сошиал дахь хуурамч мэдээллийг таньдаг шинжлэх ухааны дэвшил нэвтэрч, худал мэдээллийг хянах программчлалыг ашиглах боллоо.

Монголын нийгэмд цаасан хэвлэлүүд, буурь суурьтай гол хэдэн сонинд итгэх итгэл сэргэж байгаагийн наад захын нэг жишээг дурдаж болно. Отгонтэнгэр хайрханд 17 уулчин осолдлоо гэх мэдээлэл сошиалд битүү явсан. Ийм олноороо, нэг дор яаж байх юм бэ... Худлаа байх аа гэсэн эргэлзээ бас битүү байсан. Ийм эргэлзээн дунд “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдийн баг газар дээрээс нь, цаг алдалгүй сурвалжлагаа хүргэж эхлэхэд нийгэм сая итгэж “Өдрийн сонин”-д гарчихаж үнэн байжээ” хэмээн сонины редакци руу шуурч, монгол даяар шуугьж эхэлсэн билээ. Мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн редакци гэж үүнийг хэлнэ. Ийм л мэргэжлийн редакцид хүмүүсийн итгэх итгэл сэргэж, үүнийгээ дагаад нийгмийн сэтгэл зүй цаасан хэвлэл, сонин руу хошуурч байгаа юм билээ. “Цахим хэвлэлд итгэх арга алга, тавьсан мэдээллээрээ яаж ч хуурч болдог, яаж ч өөрчлөн сольж болдог, баримт, зураг, дүрс бичлэг, үг үсэг, утга санаа... Бүгдийг минут, секунд тутам өөрчилж, дуурайлгаж, сольж болдогоороо аймшигтай” гэдгийг хүн төрөлхтөн алхам тутамдаа мэдэрч ойлгосоор байна. Монголд цахим мэдээлэл илүү замбараагүй болж, хуурамч мэдээллийн цунами үүслээ хэмээн иргэд ярьж байгаа. Монголчуудын цахим сүлжээнд, цахим мэдээллийн сувгуудад итгэх итгэл нэгэнт алдарсан нь “Өдрийн сонин”-д эхлээд гаргачихмаар байна, хүмүүс итгэнэ, түүний дараа сайтуудад өгье, сошиалд тавья гэх манай сонины редакцид хандсан маш их урсгалаас харж болно.

Өнгөрсөн цаг хугацаанд маш олон сонин Монголд гарсан. Бараг мөнгөтэй хүн бүхэн сонинтой болох гэж үзсэн. Гэвч үнэн зөв мэдээлдэг нь үлддэг, брэнд нь үлддэг зах зээлийн хууль үйлчиллээ. Телевиз бий болсноор кино театр байхгүй болно гэсэн шиг, сошиал гарч ирсэнээр сонин устана гэсэн нь худлаа болов. Хүн төрөлхтөн бий болгосон өндөр соёлоосоо хэзээ ч татгалздаггүй юм байна. Өнөөдөр хүмүүс өөрийн гараараа захидал бичих, өглөөг сонин уншсанаар эхлүүлдэг соёлдоо эргээд орж эхэллээ.

Монголын соёлт хүн бүрийн ширээн дээр өглөөний цай, “Өдрийн сонин” хоёр хамтдаа байдаг боллоо. Өөдрөг амьдрахыг хүссэн хүн “Өдрийн сонин”-ыг сугавчилан алхаж явдаг боллоо. Дэлхийн бүх улс оронд хамгийн тулхтай хүний үг, төрийн бодлого хоёр нь брэнд сониных нь нүүрэнд гардаг билээ. “Өдрийн сонин” өглөө бүхэн тантай хамт шүү.


Онцлох нийтлэлүүд