ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.31 12:05

Зун цаг ч ирлээ дээ, монголчууд минь

Монголчууд дөрвөн улирлын ард түмэн. Хүссэн хүсээгүй бид улирлаа дагасан ааш аягтай. Өвөл өнтэй жил бол хот хөдөөгүй налайна. Энэ улирал монгол хүний хувьд жинхэнэ төвлөрдөг улирал. Өвлийн идэш уушаа хийчихсэн, гэр орноо дулаалчихсан, элдэв зүйлд сатааралгүй, өмнөх ажилдаа, уран бүтээлдээ төвлөрч ажил хэрэгч, бүтээлч болдог. Хавар харин хачин болцгоодог нь мөн л улирлынх. Гадаа хуурайшаад, шороо тоос босоод, өдөр уртсаад, сэтгэл тавгүйрхээд монгол хүмүүсийн сэтгэл донсолгоотой болдог. “Хаврын хүмүүс” гэсэн нэр томьёо гарсан нь эндээс эхтэй. Шар хадны өвчтөний тоо эрс ихэснэ, талбайн жагсаал цуглаан олширно, хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакциар эргэлдэж элдэв зүйлийг ярих хүмүүсийн тоо олон болдог гэхчлэн ширүүснэ дээ. Харин намар бол яг үнэндээ налайдаг улирал биш шүү дээ. Язагнадаг, бужигнадаг ажил хэрэгч улирал байхгүй юу. Эдийн засгийн цусны эргэлт огцом ихэсдэг улирал. Хүмүүс ажил төрлөө хийх асар өндөр эрч хүчтэй орж ирдэг улирал. Энэ улирал нь өвлийн хүйтэн, хаврын хахирыг давах оршил улирал болой. Энэ бүгдээс хамгийн онцгой нь зун. Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 3. Зун цаг ч ингээд нэг юм ирлээ дээ, монгол түмэн минь. Монголын ард түмний стресс, нервээс салдаг ганц улирал. Зун л монгол нутаг, монгол хүмүүсийн нуруу тэнийдэг. Сэтгэл нь хөнгөрч, сайхан бодлууд толгойд эргэлдэж, хотын унаган хүүхдэд ч хөдөө нутаг бодогддог нь хөх толботуудын цусанд байдаг мөн чанар билээ. Монгол оронд нүүр тэнэгэр, жаргалтай хүмүүсийн царайг энэ улиралд л дүүрэн харна даа.

П.ХАШЧУЛУУН

Онцлох нийтлэлүүд