ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.06.14 05:06

Зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлнө


Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуусан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шарга морьт орчмын нутаг дэвсгэр дээр ажиллаж байна. Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээршалгалт хийлээ. Ажлын хэсэгт нийслэл, дүүргийн Газрын алба, Нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны гишүүд, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, тус дүүргийн цагдаагийн хэлтэс, уг нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль орчны хамгаалагч нар оролцсон юм.

Хэд хэдэн байршлуудыг шалгаж, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ойн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин ойн санд газар олголт хийсэн, гэрчилгээ бичигдсэн, ой, мод бут сөөгийг сүйтгэсэн, зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлүүдийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авах, цаашид бүр цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын албанд үүрэг болголоо.

Тэрээр холбогдох албаныханд ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөлгүй хашаа татсан, зөвшөөрөлтэй боловч зуслангийн ой, усны сан бүхий газарт хашаа, хаалт барьсан бүх зөрчлүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, иргэд, аж ахуй нэгжүүдэд яаралтай албан мэдэгдэл хүргүүлэх үүрэг даалгавар өглөө.

Т.ЭНХНАРАНЖАВ


Онцлох нийтлэлүүд