ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.05 09:05

Зуун айлыг орчин үеийн хороолол болгохоор ажиллаж эхэлсэн ”Заг” групп дээр өнжлөө

-Зуун айлын одоогийн төрх-


-Зуун айл орчим 2016 онд ийм болно-

Таны харж байгаа энэ зураг бол Зуун айл орчмын ирээдүйн дүр төрх. Нийслэлийн замын түгжрээний гол буруутан гэж адлагддаг бум бужигнасан түм түжигнэсэн Зуун айл хэдхэн жилийн дараа ийм цэмцгэр хороолол болох юм байна. Товчхондоо энд сүндэрлэх Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын ирээдүйн өнгө төрх нэг иймэрхүү байх нь. Бид энэ удаа барилгын том жижиг наймаачид төвлөрсөн зуун айл орчмынхныг дахин төлөвлөж орчин үеийн жишиг орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний гудамж болгох үүрэг хүлээсэн “Заг” групп дээр өнжлөө. Товлосон цаг маань 08:40. Компанийн оффис дээр болзсон цагтаа яваад очлоо. “Ардын эрх” гэдгээр нь хүмүүс анддаггүй урт шар байшингийн гурван давхрын нэг том хэсэгт  “Заг” группийн Гэр хороолол дахин төлөвлөлтийн албаныхан ажилладаг  байна. Яваад ортол арав гаруй залуу дор бүрнээ компьютер тачигнуулан толгой өндийх завгүй сууцгаана. Ажил нь аль хэдийнэ эхэлсэн бололтой.

 ИРГЭД ГАЗРАА ХОЁРООС ГУРВАН ӨРӨӨ БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЖЭ

Үүдэнд сууж байсан бүсгүй сониноос явж байгааг дуулаад “За би таныг төслийн ерөнхий менежертэйгээ уулзуулъя. Одоо нэг хүнтэй ярилцаж байгаа. Хашааны газраа байраар солих сонирхолтой нэг хүн ирсэн юм” гэж хэлээд  цаад талынхаа хурлын өрөө рүү алхлаа. Гуч гаруй насны хоёр залуу өөд өөдөөсөө хараад суучихсан ярьж байна. Эдний компанийг зорьж ирсэн залуугийн хашаа 540 ам метр гэнэ. Ярианаас нь анзаарахад байранд орох сонирхол их байгаа нь илт. Жил гаруйн дараа байрандаа орно гэсэн мэдээлэл сонссон залуу “Байранд орох хүртлээ амьдралын хэв маяг, хамаг юмаа өөрчилж таарах юм байна. Эндээ дассан болохоор бага зэрэг хэцүү байж таарна. Гэхдээ сайхан орчин бүрдүүлбэл болж л байна” гэхэд төслийн ерөнхий менежер “Орчин үеийн шийдэлтэй барилгуудыг бид санал болгож байгаа. Чанартай, орчин үеийн стандартад нийцсэн орон сууцтай болчихвол таны байрны үнэ цэн жил ирэх тусам өснө гэсэн үг. Яг одоогийн амьдарч байгаа газарт чинь сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлэг, цагдаа гээд цогцолбор хороолол босох юм” гэж ирээд ирэх жилүүдэд босох хорооллынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Бараг хагас цаг ярилцсаны эцэст залууд итгэл төрсөн бололтой, хашаагаа гурван өрөө байраар солихоор за зүй болов. Залуу гэрчилгээгээ авчирч хуулийн мэргэжилтэнтэй гэрээгээ хийхээр тохиролцоод гарч одлоо.

Төслийн ерөнхий менежерийг Х.Лхагвасүрэн гэдэг юм байна. “Өглөөний хурлаасаа өмнө хэдэн хүнтэй уулзчих санаатай эрт ирсэн юм. Өдөрт 20-30 хүнтэй уулзалт хийдэг болохоор цагийг ингэж л ашиглахгүй бол амжихгүй” гэж ярив. Гэр хорооллын иргэдийн ихэнх нь газраа хоёр, гурван өрөө байраар солих тохиролцоо хийж байгаа гэнэ. Барилгажуулалтад орно гэж тооцоолоод хүний газрыг худалдан авч дамлах сонирхолтой цөөн тооны хүн амандаа багтсан үнэ хэлдэг бололтой. Гэхдээ ихэнх нь хоёроос гурван өрөө байранд орох гэрээ хийж байгаа аж. Лхагвасүрэн өнгөрсөн хугацаанд 600 орчим хүнтэй ийм маягаар уулзжээ. Давхацсан тоогоор бол 2000 хол давах гэнэ. Ер нь хүмүүс нэг уулзаад  шууд гэрээ хийдэггүй, хэд дахин уулзаж байж шийдвэрээ гаргадаг аж. Эдний компани гэр хорооллыг барилгажуулах батламжаа өнгөрсөн оны долдугаар сард авчээ. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын иргэд, зуун айлын дэлгүүрүүдтэй хэл үгээ ололцоход гол анхаарлаа төвлөрүүлжээ. “Заг” групп  Сүхбаатар дүүргийн  долдугаар  хорооллын 70 орчим га газрыг дахин төлөвлөх юм байна.

Биднийг ярилцаж байх зуур дахин нэг залуу орж ирэв. Ерөнхий менежер яриагаа завсарлаад  ажлаа эхэллээ. Орж ирсэн залуу Баянбүрд орчимд амьдардаг гэнэ. 7-198 тоотын 424 метр квадрат газрын өмчлөгч нь юм байна. Залуу “Би энэ хашааны эзэн л дээ. Гэхдээ тэнд хоёр эгч, нэг дүү маань бас арав гаруй жил амьдарсан. Тэгэхээр тэднийгээ зүгээр орхиж боломгүй байна” гэхэд ерөнхий менежер “Бид газрын эзэдтэй тохиролцсоны үндсэн дээр хоёр талт гэрээ хийж байгаа” гэсэн хариу өгөв. Энэ үгийг сонссон залуу бодож байгаад эргэж ирье гээд гарахаар өндийлөө. Залууг гарсны дараа “Хэрвээ энэ хашааны эзэн гэрээ хийвэл хэдэн өрөө байранд орох боломжтой вэ” гэж сонирхоход Лхагвасүрэн гурван  өрөө байраар хоёр талт гэрээ хийх боломжтой. Эзэмшигчээсээ гадна ах дүү хамаатан садан хашаанд нь амьдардаг гэж олон хүн ирдэг. Тэр болгонтой тохиролцоно гэвэл  хүндрэлтэй. Бид зөвхөн байшин барихгүй ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зам, сургууль цэцэрлэг гээд цогцоор нь шийднэ. Тэгэхээр эзэмшигчтэй нь л аль аль талдаа сэтгэл хангалуун байхаар тохиролцоонд хүрэхээс аргагүй. Ийм үг хэлж ирсэн хүмүүсийн олонхи нь асуудлыг ойлгоод гэрээгээ хийдэг” гэсэн хариу өгөв. “Тохиролцоонд хүрээгүй айлууд яах вэ” гэж асуухад”100 айлаас 95 нь дэмжчихээд байхад нөгөө тав нь амандаа орсон тоог хэлээд газраа чөлөөлөхгүй байж болохгүй. Тавхан хүнээс шалтгаалж 95 өрхийн 300 гаруй иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байж болохгүй л дээ. Тиймээс иргэдийн 75 хувь нь тохиролцоонд хүрсэн тохиолдолд үлдсэн  25 хувийг НИТХ-аас гаргасан журмаар шийдвэрлэж болдог” гэж ярив. Албадан чөлөөлөх талаар ярив бололтой. Ерөнхий менежер газрын эзэнтэй зарчмын хувьд тохирвол хуулийн хэлтсийн мэргэжилтэнд гэрээ байгуулах ажлыг шилжүүлдэг юм байна.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛОО ЕВРОП ТЕХНОЛОГИОР БАРИНА

Өглөөний шуурхай эхэллээ. Өдөрт хаашаа очиж, хэнтэй уулзахаас эхлээд бүх л асуудлаа энэ үеэр ярилцдаг юм байна. Лхагвасүрэнд Зуун айлын хоёр ч дэлгүүрийн эзэнтэй уулзах үүрэг оногдов.

Шуурхай үргэлжлэх үеэр“Заг” группийн ерөнхий захирал Б.Нэмэхбаатартай уулзахаар өрөөг нь чиглэв. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллыг ямар технологиор яаж босгох гэж байгаа, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн эсэх гээд асуух зүйл олон байсан учраас хоёр давхар руу уруудлаа. Энд  “Заг” групп байрладаг юм байна. Барилгын ажлын сезон эхэлж байгаа учраас ерөнхий захирал тун завгүй суугаа бололтой. Байсгээд л утас нь дуугарах юм. “Танай компанийг Зуун айлаас ажлаа эхэлсэн гэж дуулаад гайхсан шүү. Уг нь гэр хорооллоосоо эхэлбэл илүү амар байсан юм бишүү” гэж асуухад “Бид зориуд хамгийн хүнд газраас эхэлье гэж бодсон юм. Дэлгүүр, аж ахуйн нэгж байгаа газраа чөлөөлчихвөл гэр хорооллын газрыг чөлөөлөхөд хялбар гэж бодсон хэрэг. Жижиг том олон барилга тэнд байна. Хүн бүр янз бүрээр үнэлнэ гээд асуудал бий” гэж байна. Хөрөнгө оруулалт, зураг төсвийг нь сонирхоход “Бид гэр хорооллыг барилгажуулах төсөл дээрээ хориод хүнтэй баг гаргасан л даа. Манайхаас гадна ийм олон хүн ажиллуулж байгаа компани цөөхөн. Нэг хэсэг нь хүмүүстэйгээ гэрээ хийх, нөгөө хэсэг нь зураг төслөө хөөцөлдөж, үлдсэн зарим нь хөрөнгө оруулалтаа хайж өвөлжингөө ажиллалаа. Шинэлэг юм хийе гэсэн бодолтой ажиллаж байна. Сүүлийн үед компани бүр л баахан есөн давхар барилгыг зэрэгцүүлээд ямар ч зай завсаргүй барьчихдаг боллоо. Хүүхдийн тоглоомын талбай тав тух, ногоон байгууламж гэхээр зүйлгүй. Зүй нь хорь гучин жилийн дараахаа бодох хэрэгтэй. Орчин үеийн хот төлөвлөлт тийм байх ёсгүй шүү дээ. Хот төлөвлөлтөд жишиг болохоор хороолол барих гээд зураг төслийн баг гаргасан.  Европт  төгссөн архитекторууд авч ажиллуулж байна. Туркийн компанитай хамтарч зургаа хийж байгаа. Барилгуудаа туннель систем гэсэн шинэ технологиор барина. Баахан мод тулаас хийж бөөн ажил болдог доо, бид тэгэхгүй. Сугалаад авчихдаг, нэг эхэлбэл түргэн барьдаг тийм технологиор барих гэж байна. Баруун Европт нэвтэрсэн байгаль орчинд ээлтэй ногоон технологи байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хувьд эцсийнхээ гэрээ хэлцлийн шатанд явж байна. Хятадын Чанкай групп хөрөнгө оруулалт хийнэ. Жаахан газар барилгажуулахад л наяад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гарч байна. Энэ их мөнгийг нэг компани дангаараа гаргах бололцоогүй л дээ” гэж ярив.

 ХУВИЙН КОМПАНИУД ТОСК, НОСК-ИАС БОЛГООМЖИЛЖ БАЙНА

“Заг” компанийн гэр хо­роол­лын барилгын төслийг Н.Эрдэмбаяр гэдэг залуу удирддаг юм байна. Н.Эрдэм­баяр VII хороололд барих ажилд гадны хөрөнгө оруулалтыг татахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж төслийнхөн нь ярьж байсан юм. Түүний өрөөгөөр орлоо. Ширээгээр нь дүүрэн бичиг цаас, хананых нь нэг талаар долдугаар хорооллын одоо ирээдүйн зураг харагдана. Кофе уунгаа төслийн захиралтай яриа өрнүүллээ. Бидний яриа долдугаар хорооллын ажил гэхээс илүү барилгын салбарын хөгжил гэсэн ерөнхий сэдвийн дор хөврөв.Төрөөс ТОКС, НОСК гэсэн том корпорациуд байгуулж барилгын компаниудтайгаа өрсөлдөх юм ярьж байгаа нь түүний эмзэглэдэг сэдэв гэнэ. Ганц “Заг” ч гэлтгүй гэр хороолын  дахин төлөвлөлтөд оролцож байгаа бүх л компанийн эмзэглэж байгаа асуудлын нэг юм байна. Н.Эрдэмбаяр “Гэр хорооллыг барилгажуулах нь хотын хөрсний бохирдол, утаа гээд их олон асуудлыг шийдэж байгаа. Яг үнэндээ компаниуд мөнгөө гаргаад эрсдэл хүлээгээд явж байна. Гэтэл ТОСК залуу гэр бүл, төрийн албан хаагч гэсэн зорилтот хэсэгт барьсан байраа өртгөөр нь буюу нэг сая 280 мянган төгрөгөөр өгч байгаа. Мянган айлын орон сууцаа ингээд зарчихаж байна. Одоо дахиад шинэ газар 10 мянган айлын орон сууц барина гэж яриад эхэллээ. Нийслэлээс болохоор НОСК гэж байгуулаад  мөн л 60 мянган айлын орон сууцыг зургаан байршилд барина гэж байна. Иргэдээ боломжийн үнэтэй байраар хангана гэсэн санаа нь зөв ч гэр хорооллын дахин төлөвлөлттэй уях хэрэгтэй гэж бодож байна” гэж яриагаа үргэлжлүүлэв.

“ТОСК, НОСК-той жишээ нь яаж хамтарвал зөв шийдэл болох вэ” гэж сонирхоход “Дахин төлөвлөлтийн компаниудтай хамтарч  өртгөөр нь бариулаад засаг зорилтот зах зээлийнхээ иргэдэд олгох боломжтой. Барилгын компаниуд 5-10 хувийн ашигтай ажиллахад л болно. Засаг өөрөө зарна, бид үнэ зохиохгүй гэсэн үг. Хүмүүст амьжиргааны түвшингээс нь шалтгаалж ялгаатай үнээр зарах гарц бий. Тэгэхгүйгээр шинэ газар үнэгүй аваад, дэд бүтцээ үнэгүй татаад өөрсдөө барилга бариад эхэлбэл бидний өрсөлдөгч болж байгаа юм. Тэгвэл бидний ингэж ажилласны үр дүн гарахгүй” гэж байна.

Эцэст нь нэг юм хэлэхэд ТОСК, НОСК зах зээл рүү хэт орж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэвэл тэдэнд анхаарсан бодлого л хэрэгжүүлэх ёстой. Гэтэл дундаж орлоготой иргэд рүү хандаж эхэллээ. Дундаж орлоготой иргэдийг төр орон сууцаар хангаад эхэлбэл ба­рил­гын компаниуд байх шаардлагагүй болно” гэж яриад дараагийн ажилдаа яарч байгаа нь илт, цагаа хараад суудлаасаа өндийв.

 ЗУУН АЙЛЫН ДЭЛГҮҮРҮҮД ЭНЭ САРААС ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭХ НЬ

Бид Н.Эрдэмбаярын өрөөнөөс гараад ерөнхий менежертэй уулзахаар өрөө рүү нь орлоо. Лхагвасүрэн гарахад бэлэн болжээ. Зуун айлд дэлгүүр ажиллуулдаг хүмүүстэй уулзахаар явах замдаа дуугүй явсангүй. Эдний компани ирэх сараас орон сууц барих ажлаа эхлүүлэхээр болж.  Дулааны шугам энэ тэрийг нь төсвөөс мөнгө гаргаад татчихсан гэнэ. Зуун айлд дэлгүүр ажиллуулдаг хүмүүстэй дэлгүүрийнх нь метр квадратыг хэмжиж байгаад тохиролцоо хийж байгаа аж. 100 метр квадраттай дэлгүүр байлаа гэхэд шинээр барих худалдааны төвд тэр хэмжээнийх нь талбайг үнэгүй өгөх тохироо хийгээд эхэлжээ. Шинээр  барих худалдааны төвийнх нь зургийг харахад тун дажгүй төв баригдах бололтой. “Заг” компани дал гаруй аж ахуйн нэгжтэй бараг л тохиролцжээ. Ганц, хоёр хүнтэй л тохирч чадахгүй байгаа гэнэ. Түрээслэгчдээс үлдэгдэл бараагаа дундруулъя, зарим дэлгүүр барьцаанд байгаа гэсэн хүсэлт ирснээр үйлчилгээний дөрвөн давхар барилгын ажил таван сар гаргаад эхлэх бололтой.

Энэ тэрийг ярьж явсаар Зуун айл руу эргэлээ. Яг замын хажууханд байрлах “Сутай” гэсэн дэлгүүр рүү оров. Дотор нь лав л дөрвөн лангуу ажиллаж байна. Дэлгүүрийн хойд хэсэгт бидний уулзахаар зорьсон Лхамаа гуайн өрөө байдаг аж. Зуун айлд дөрөв, таван дэлгүүртэй хүн гэнэ. Лхамаа гэж дал гарсан гэхэд ануухан бор хүн байна. Барилга трестэд бараг л насаараа дарга хийсэн хүн гэж Лхагваа танилцуулав. “Ах нь тавин жил ажиллахдаа 49 жилд нь дарга хийсэн хүн. Гэтэл миний гарыг хар даа. Сая амралтын өдрөөрөө зүгээр суусангүй. 160 чацарганын мод тарилаа. Би ер нь ажил хийдэг хүнд дуртай. Эдний захирал (Нэмэхбаатар захирлыг хэлэв бололтой) намайг трестийн дарга байхад бүр бага албанаас ерөнхий инженер болтлоо дэвшсэн их ажилсаг залуу байгаа юм. Бас  их сэтгэлтэй.  Ажил хийдэг хүнийг ойлгож дэмжилгүй яахав, тэр утгаар нь би эдний ажлыг дэмжиж явдаг хүн” гэж хэлээд цай цүй болов. Лхамаа гуай дэлгүүрүүдээ ажиллуулахаас гадна Барилгын материалын худалдаалагчдын холбоог тэргүүлдэг юм байна. Ширээн дээрх тамхи руугаа гараа явуулснаа “Тамхи татчих уу хүүхээ” гэж зөвшөөрөл хүсээд яриа өрнүүлэхээр тухалж авав. “Би нэг их улстөржөөд байдаггүй хүн. Гэхдээ ардчилсан төр засаг их юм хийж байна. Ах нь хуучнаар хувьсгалт намын гишүүн хүн. Ардчилсан намынхныг магтлаа гээд би Монгол орныхоо эсрэг болохгүй. Хэн юу хийснийг нь дэмжинэ. Хувьсгалт намаа бүр их муу  хэлэхгүй. Гэхдээ муу л байсан байна. 88 жил төрийг удирдахдаа 2240 км л машины зам тавьжээ дээ. Гэтэл ардчилсан залуус гарч ирээд ганцхан жилийн дотор 1800 гаруй км зам тавьчихлаа. Ингэж болохоор байсныг л харуулж байна” гэж яриа дэлгэлээ. Тэгснээ Лхагвасүрэнгээс барилгын батлагдсан зураг төсөл дууссан эсэхийг лавлав. Зураг нь дөрөвдүгээр сарын сүүлээр батлагдаж ирнэ гэсэн хариуг төслийн ерөнхий менежер хэлж байлаа. Дулааны асуудлыг яаж шийдэх, хөрөнгө оруулагчаас компанийн дансанд мөнгө шилжиж орж ирсэн эсэхийг  ч сонирхоно лээ. Дулаан, цэвэр ус 100 хувь улсын хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн бохирын ажил мөн нийслэлийн хөрөнгөөр тавдугаар сарын эхээр хийгдэж эхэлнэ,  хөрөнгө оруулалтын хувьд гэрээний шатандаа асуудлыг ярьж байгаа гэсэн хариуг Лхагвасүрэн өгсөн. Барилгын худалдаа эрхлэгчид шинэ худалдааны төвийг хэзээ барьж, хэдэн онд хүлээлгэж өгөх вэ гэсэн асуултыг тэргүүнээрээ дамжуулан тавьжээ. Юмаа зарж дуусгая гэсэн барилгын худалдаачдын хүсэлт нэлээд иржээ. Бас хэд хэдэн дэлгүүр банкны зээлээ хаатал хүлээгээч гэж хүсчээ. Ийм шалтгаануудаас болж  тавдугаар сарын сүүл хүртэл хүлээхээр шийдсэн гэнэ. “Албан бичгийг барилгыг нураахаас хорь хоногийн өмнө өгнө” гэж төслийн ерөнхий менежер ярьж байлаа.

Хуучин нийгмийн үед Зуун айл орчимд Барилга трест гэж том байгууллага ажилладаг байж. Тэнд ажиллаж байсан барилгынхан зах зээлд шилжсэнээс хойш эндээ төвхнөж, наймаа арилжаа хийн амьдрах болжээ. Энд том, жижиг 258 дэлгүүр бий гэнэ. 7000 гаруй хүн эндээс амьжиргаагаа залгуулдаг гэсэн статистик гарчээ. Лхамаа гуай “Зуун айл дээр худалдаа хийн амьдарч байгаа 7000 хүний цаана дөрвөн хүн байгаа гэж бодоход л дор хаяж 30 мянган хүний асуудал яригдаж байна. Нэг аймгийн төвөөс ч их хүний асуудал шүү” гэж хэлсээр биднийг үдэв.

Дараагийн орсон дэлгүүр Лхамаа гуайнхаас ч том, бүр гурван давхар “Болор” гээд дэлгүүр юм. Бусад дэлгүүрээсээ сүүлд баригдсан гэдэг нь илэрхий харагдана. Энэ барилгад барилгын худалдаа, эмийн сан, гоо сайхан, тавилгын дэлгүүр гээд байхгүй юм алга. Их олон үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Эзэн нь гурван давхартаа суудаг юм байна. Тавь эргэм насны хөнгөн шингэн гэж жигтэйхэн хүн сууж байна. Ханандаа долдугаар хорооллын зургийг хадчихаж. Зураг руу харсныг анзаарсан бололтой “Би наад зургийг чинь орсон гарсан хүмүүст сонирхуулдаг юм. Манай энэ хавь чинь ийм гоё хороолол болно гэж гайхуулна шүү дээ” гэж хэлснээ суухыг урив. Яриа хөөрөө сайтай нь илт. Асуух завдал өгөхгүй ирсэн зорилго сонсоод л ярьж гарав. “Манай энэ хавийн байшингууд аль жараад оных. Би энэ барилгаа сүүлд барьсан л даа. Гэхдээ би ганцхан өөрийгөө бодож  болохгүй. Ийм гоё бүтээн байгуулалт хийх гэж байхад энэ зэргийн дэлгүүрээ буулгуулах зориг надад байх ёстой. Иргэний дайны үед цэргүүд улсынхаа төлөө амиа өгч байсан. Гэтэл би байшингаа өгчихөөд эргүүлээд авна. Ингэж ухаарч сэтгэх ёстой. Олон хүн орж гардаг стандарт хангасан бизнес төвтэй болмоор байна. Алийн болгон зуун айл муухай гэж хэлүүлэх юм бэ” гэж байна. Энхбатын аав, ээж барилга трестэд ажиллаж байжээ. Эхнэрийнх нь аав, ээж ч барилгын салбарын хүмүүс байж. Удмаараа барилгаар явсан гэр бүл юм байна.

Энхбатын дэлгүүрээс гараад “Заг” компанийн орон сууцны барилга барих газарт нь ирлээ. Барилгын ажил эхлэх гэж байгаа учраас айлууд нь нүүгээд эхэлжээ. Биднийг тэнд очиход нэг айл нүүхээр зэхэж байлаа. Зүүн Сэлбийн 4-25 тоотын эзэгтэй Б.Энхтуяа хүүхдүүддээ нүүж суухад заавар зөвлөгөө өгөөд зогсч байв. Эднийх “Заг” компанитай бэлэн мөнгөөр тохиролцжээ. Ам бүл зургуулаа гэнэ. Хашаагаа зарсан мөнгөөрөө Шарга морьтод шинэ газар авчээ. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж банкнаас зээлсэн мөнгөө ч төлсөн гэнэ. Б.Энхтуяа “Авсан газрын маань агаар нь их сайхан юм. Эгчийнх нь хувьд Заг компанитай хийсэн тохиролцоондоо сэтгэл хангалуун байгаа. Эдний компанийн барьсан байрнууд сайн юм билээ. Энд шинэ орон сууц баригдахаар нь худалдаж авъя гэсэн санаа бий. Олон хүүхэдтэй хүнд байр сав илүүдэхгүй шүү дээ” гэж яриад гэрээ нүүх ажилдаа яаравчлав.

Ингэж явсаар аль хэдийнэ 13.00 цаг болжээ. “Заг” компани дээр эргэж ирэв. Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг ирчихсэн ажилтай нь танилцаж байхтай таарав. Тэр газраа байраар солих хүсэлтэй иргэдтэй уулзаад иржээ. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд энэ жил 4000 гаруй байшин нийслэлд босох гэнэ. Компаниудын иргэд, аж ахуйн нэгжтэй газраа өгч авалцахаар тохиролцсон гэрээ бүрийг эдний газар нарийн шалгадаг юм байна. Гэрээ байгуулдаг гуравдагч тал нь учраас ингэж шалгадаг аж. Ш.Ганхуяг “Төсөлд гурван тал орж байгаа. Гурвуулаа өөр өөрийн сонирхолтой. Иргэн өмч хөрөнгөө аятайхан юм болгох сонирхолтой. Компаниудын хувьд энэ төслөөс ашиг олох ёстой. Нийслэл энэ хоёр талын учир начрыг олж зохицуулалтын үүрэг гүйцэтгэх учиртай. Дэд бүтцийн мөнгө төгрөгийг нь шийдэж өгч байна. Энэ утгаараа хэцүү төсөл. Гэхдээ амжилттай явж байгаа” гэж ярив. Аятайхан байранд оръё гэсэн иргэдийн сонирхол, том бүтээн байгуулалтад оролцож Монголын брэнд компани болох компаниудын эрмэлзэл энэ төслийг амжилттай явахад нөлөөлж байгаа гэж Ш.Ганхуяг онцолж байсан. Ш.Ганхуяг “Заг компанийн хувьд бусдаасаа өвөрмөц, хүнд бэрх ажил хийсэн. Тэд дан ганц иргэдтэй ажиллаагүй. Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй ажилласан. Гэр хорооллынхны хувьд амьдрах асуудлаа л шийдүүлчихэд болж байгаа юм. Гэтэл бизнес эрхлэгчид хоёр, гурван давхар сонирхолтой. Амьдрал, ажлын аль алиных нь асуудлыг шийд гэдэг. Заг компани тэдний асуудлыг шийдэж чадаж байгаа” гэж ярилаа. Гэр хорооллыг барилгажуулахад ажиллах хүч, өчнөөн байшин барьсаны дараах борлуулалт, дулааны хүрэлцээ гээд хэд хэдэн асуудал бий гэнэ. Хотыг дахин хөгжүүлэх, иргэдийн газрыг зайлшгүй шаардлагаар нөхөн олговортойгоор чөлөөлөх тухай хуулиудыг батлах хэрэгцээ ч байгаа аж.

Үдээс хойш 15.45 цагт  “Заг” компанийн  үйлдвэрүүд ажилладаг Сонсголон руу хөдөллөө. Зуурмагийн том машиныг тавхан минутын дотор дүүргэх чадалтай Бетон зуурмагийн үйлдвэр энд ажиллаж байна. “Заг”-ийн барьж байгаа барилгуудад зуурмаг  нийлүүлэхээс гадна бусад компанид ч зуурмагаа борлуулдаг аж. Томоо гэгчийн хашаанд бүх үйлдвэр нь төвлөрчээ. Явган замын хавтангийн үйлдвэрээр нь орлоо. Явган хүний замын төрөл бүрийн хэлбэртэй хавтанг өнгө өнгөөр нь өржээ. “Гудамж” төслийн хүрээнд хийсэн дөрвөн ч уулзварын явган хүний замын хавтанг эдний үйлдвэр нийлүүлсэн гэнэ. Хар, цагаан замаскны үйлдвэр гэж байна. Барилгын дулаалга болох хөөсөнцрийг өнгөлдөг эд бололтой. Вакуум цонх хаалганых нь үйлдвэрт ороход өчнөөн цонх хаалга хийгээд өрчихөж. Өдөрт цонх, хаалга тус бүрдээ 40-50 ширхэгийг хийх хүчин чадалтай аж. “Заг”-ийнхан өрлөгийн сеткийг ч эндээ хийдэг болжээ. Элс шавар хайрга зөөдөг ачааны машинаас эхлээд зуурмагийн машин хүртэл ачаа, тээврийн хүнд даацын тэрэгнүүд бидний очсон том хашаанд эгнэсэн байна лээ. Зуун айл хавьд сүндэрлэх долдугаар хорооллын бүтээн байгуулалтад оролцож буй “Заг” компанийнхан барилгын гол материалуудаа өөрсдөө үйлдвэрлэж, ачиж тээвэрлэх асуудлаа ч давхар шийдэж чаджээ. Үйлдвэрүүдийг нь сонирхсоны дараа орсон газар маань Монголын мэргэжилтэй ажилтнуудыг сайн бэлддэг гэж үнэлэгддэг Техник технологийн дээд сургууль. “Заг” компани ажиллах хүчнээ энэ сургуулиас авдаг гэнэ. “Заг” компанийн хувьд энэ сургуулийг 2003 онд хувьчилж авсан юм байна.  Мянганы сорилтын сангаас гурван  сая ам. долларын   хөрөнгө оруулалт хийж барилгын жишиг сургууль болгожээ. Техник технологийн дээд сургуулийн хувьд сүүлийн үед барилгын чиглэлээр мэргэжилтэй ажилтан олноор бэлтгэж байгаа гэнэ. Урдаас ажилчид оруулж  ирэхгүйгээр эндээ ажилчдынхаа асуудлыг шийдэх боломжтой гэсэн үгийг тус сургуулийн захирал хэлж байсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Онцлох нийтлэлүүд