ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.05.23 11:05

“Зуун айл” орчимд шуудай цемент 18 мянган төгрөгийн үнэтэй байна


Сүүлийн үед цементийн нийлүүлэлт багасч, их хэмжээний эрэлт бий болоод байна. Үүний уршигаар цементийн хомсдол үүсч, үнийн савлагаа нэлээд их байгаа юм. Ямар шалтгааны улмаас ийм нөхцөл байдал бий болсон талаар бодит мэдээлэл авахаар цементийн томоохон үйлдвэрүүд рүү хандлаа. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий дөрвөн том цементийн үйлдвэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь “Цемент шохой” ХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК, “Мак- Евро цемент” зэрэг үйлдвэрүүд юм.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙГАА ГЭВ

Бид эхлээд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Цемент шохой” компаниас тодруулга авахаар тэдний хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Мөнхболдтой холбогдлоо. Тэрээр “Бид мэдэгдэл гаргасан байгаа. Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа зогссон тохиолдол ерөөсөө байхгүй. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. “Цемент шохой” компаниас өнгөрсөн сарын 29-нд компанийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргасан аж. Уг мэдэгдэлд:

“Олон нийтийн цахим сүлжээнд “Цемент Шохой” ХК-ийн нэр хүндэд зориудаар халдан цемент үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өнөөг хүртэл эхлээгүй, ажилчдаа сул зогсолтод оруулсан, бүтээгдэхүүний үнийг нэмсэн гэх мэт ор үндэслэлгүй худал мэдээллийг улс орон даяар тараах явдал удаа дараа гарч байгаад үндэсний үйлдвэрлэгч-баялаг бүтээгч бид туйлын харамсаж байна. Тус компани нь 2020 оны гуравдугаар сард үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл хангаад байсан хэдий ч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирус, “COVID-19” цар тахлын улмаас энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж, хоногт 2-3 мянган тонн цемент зах зээлд нийлүүлж байна. Мөн зах зээлийн тогтвортой үнийн бодлого баримтлан 2018 онд батлагдсан цементийн үнийг өнөөг хүртэл мөрдөн ажиллаж байгаа болно. Энэхүү мэдэгдлээр “Цемент шохой” хк-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсэн, цементийн үнийн хөөрөгдөл гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээсэн байв. Бид үнийн мэдээлэл авахаар борлуулалтын менежертэй нь ярихад “Манай цемент 166.980 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ бол 2018 онд батлагдсан үнэ. Өнгөрсөн хугацаанд уг үнэ ерөөсөө өөрчлөгдөөгүй” хэмээх хариултыг өгсөн юм.


“МӨНХИЙН БАЯН ГАЛ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСОНГИ БАЙДАЛД БАЙНА

Төв аймгийн Сэргэлэн суманд өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” компанийн хуулийн зөвлөх Т.Оюунтуяатай холбогдлоо. Т.Оюунтуяа: “Ковид-19” цар тахал дэгдсэнээс хойш хил хаасан учир манай компанийн удирдлагууд Монголд ирж чадахгүй байгаа. Удирдлагуудын хамт инженер техникийн мэргэжилтнүүд ирж байж л үйлдвэрийг ажиллуулах боломжтой. Хэрэв хил нээгдэхгүй бол манай үйлдвэр ажиллахгүй. Тиймээс хэзээнээс ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна. Уг нь долоо, найман хүн л хилээр ороод ирвэл үйлдвэр маань ажиллаж эхлэх боломжтой болно. Үйлдвэрийн үйл ажиллагаа удаан хугацаанд зогсонги байсан учраас техникүүдийг нь Хятадаас инженер, техникийн нарийн мэргэжилтнүүд ирж гэмээнэ л ажиллуулах юм. Уг нь үйлдвэр нэг л ажиллаад эхэлчих юм бол цаашид монгол ажилчид ажиллуулаад байж чаддаг” хэмээсэн юм. Түүнээс цементийн хомсдол бий болж, үнийн хөөрөгдөл үүсэх болсон шалтгааны талаар лавлахад, “Монголд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий дөрвөн том цементийн үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүд зарим тохиолдолд ямар нэгэн шалтгааны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Уг нь хоёр үйлдвэр нь л бүрэн хүчин чадлаараа ажиллахад дотоодын цементийн хэрэгцээгээ хангаад байх боломжтой. Өнөөгийн нөхцөл байдал хэрхэн бий болсон бэ гэхээр, “Цемент шохой” компани бага хэмжээгээр цемент үйлдвэрлэж байгаа, “Монцемент” тогны хязгаарлалтын улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн, манай үйлдвэр ажиллаж чадахгүй байгаа зэрэг асуудлууд голлох нөлөөллийг үзүүлж байна. Манай үйлдвэр Хятадын хөрөнгө оруулалттай учраас хэвийн ажиллагаатай байгаа нөхцөлд тодорхой хэмжээгээр зах зээлийн үнэд нөлөөлдөг л дөө” гэх мэдээллийг өгсөн юм. “Мөнхийн баян гал” компанийн үйл ажиллагаа энэ жил зогсонги байдалд байна.

“МАК-ЕВРО ЦЕМЕНТ” КОМПАНИЙН ГЭРЭЭТ БОРЛУУЛАЛТЫН КОМПАНИ ОДООГООР ЗАХИАЛГА АВАХГҮЙ БАЙГАА ГЭВ

“Мак- Евро цемент” болон “Монцемент” компанийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан тул үнийн мэдээллийг нь сонирхохоор болов. “Мак-Евро цемент” компанийн гэрээт борлуулалтын компанитай холбогдоход “Одоохондоо захиалга авахгүй байгаа” хэмээн хариулсан юм. Хэзээнээс захиалгаа авч эхлэх талаар нь тодруулбал, “Яг хэлж мэдэхгүй байна. 14 хоногийн дараа л захиалга авах байх” гэлээ. Тэдний захиалга авахгүй байгаа шалтгаан нь цемент байхгүй байгаатай холбоотой аж. Үнийн талаар сонирхоход, “Үйлдвэр дээрээсээ 155600 төгрөгийн үнэтэй байгаа” хэмээн хариулав. Харин “Монцемент” компанийн үйлдвэрлэсэн цементийн үнэ шуудайтай нь 175 мянга, ууттай нь 167 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэдгийг тухайн компаний борлуулалтын алба хэлсэн юм.

“ЗУУН АЙЛ” ОРЧИМД ШУУДАЙ ЦЕМЕНТ 18 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Томоохон худалдааны төвүүдэд цементийн үнэ хэчнээн төгрөг байгаа талаар тодруулахаар “Зуун айл” худалдааны төвийг зорилоо. “Зуун айл” орчимд хоёр ч хүн цемент зардаг аж. Мөн 32-ын тойрог орчимд нэг хүн цемент зардаг хэмээв. “Зуун айл” орчимд цемент худалдаалдаг иргэнийг сурагласаар нэгэн залууг олж уулзахад “Цемент дуусчихсан. Маргааш ирнэ” гэсэн юм. Түүнээс энэ орчимд цемент худалдаалдаг өөр хүн бий юү гэвэл, “Мэдэхгүй ээ. Хойшоогоо 32-ын тойрог чиглэлд явбал цемент худалдаалдаг хоёр гурван хүн бий” хэмээн хариулав. Ер нь цемент ямар үнэтэй байгаа талаар түүнээс лавлавал, 18 мянга төгрөгийн үнэтэй байгаа гэлээ. Надаас "Та хэдэн шуудайг авах вэ, олон шуудай авбал их хэмжээтэй ирэхгүй. Үйлдвэрээс өдөрт нэг тонн цемент л өгдөг юм” гэсээр өөр нэгэн эмэгтэйтэй ярилцан цааш явж одлоо. Би ч түүний зааж өгснөөр 32-ын тойрог чиглээд алхав. Зам зуур хоёр, гурван хүнээс цемент худалддаг хүний талаар сураг ажиг тавьсан ч “мэдэхгүй ээ” гэх үгээр амаа таглуулж, там тум сураг бүхий цементийн худалдаачинг эрэл сурал болж алхсаар байлаа. Нэлээд явж байгаад “Зуун айл” орчимд худалдаа эрхэлдэг нэгэн залуугаас там тум хариу сонсож зогстол хажуу талаас 20 гаруй насны нэгэн эрэгтэй “надад цемент байна. Хэр хэмжээтэй авах юм” гэсээр бидний яриаг тасаллаа. Би түүнд “100 шуудайг авна. Байгаа юу” гэхэд, “Байгаа байгаа” хэмээн өөдөөс хариулав. Хаана байгааг нь сонирхтол “эндээс ойрхон, хажуу талын гудамж руу ороод л бий” хэмээсэн юм. Түүнээс үнийг нь лавлавал “18 мянга” гэх үгний хамт “Би чамд ачих машиныг нь олоод өгч болно шүү. Үнэгүй хүргээд өгье” гэж шалах аж. “Хэдхэн хоногийн өмнө 8500 төгрөгний үнэтэй байсан шүү дээ” гэхэд “Цемент олдохгүй болчихсон” гэсээр нэг муухай харснаа эрс шулуухнаар холдон одлоо.

У.ЧИНЗОРИГ

Онцлох нийтлэлүүд