ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.09.12 06:09

Зуун жилийн түүхт анхны бага сургуулийг музей болгожээ


Орчин цагийн тэнхимийн сургалтын суурийг тавьсан Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн анхны бага сургуулийн 100 жилийн ойг үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, нутгийн зон олон хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Улсын ууган бага сургуулийн энэхүү түүхт ойг угтаж сургуулийн хичээлийн болон дотуур байрыг 100 жилийн тэртээх загвар, төрхийг нь хадгалан сэргээн завсарласан юм.

Хуучны түүх өгүүлэх ном сурах бичиг, хөгжмийн зэмсэг, дүрэмт хувцас, гэрэл зураг, бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан тус сургуулийг энэ өдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын шийдвэрээр улсын хамгаалалтад авч, боловсрол, өв соёлын түүхэн музей болгож байна.

Баярын арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 100 жилийн түүхтэй энэ сургуулиас архангайчууд төдийгүй улс орондоо алдартай олон эрдэмтэн мэргэд, багш сэхээтнүүд төрж гарсныг тэмдэглэн баяр хүргэж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа. Мөн тэрбээр музейн сан хөмрөгийг баяжуулах сайн үйлсэд нэгдэхийг 100 жилийн ойн өдөр ихтамирчууддаа уриалсан юм. Үүний зэрэгцээ 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолоор шагнагдсан нутгийн уугуул багш М.Нацаг-Юмд хүндэтгэл үзүүллээ.

Ойн хүрээнд түүх өгүүлсэн баримтат кино бүтээж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Хан-Өндөрчүүдийн хувьд энэ жил баярт үйл явдлаар дүүрэн байна. Бага сургуулийн 100 жилийн ойгоо тэмдэглэхийн сацуу анх удаа гэрэл цахилгаантай холбогдох гэж байна. Дашрамд дурдахад, Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөрийн хийд орчим байгуулагдсан түүхтэй.



Онцлох нийтлэлүүд