ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.06.20 12:06

Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд өнөөдрийн дотор хүсэлтээ илгээнэ

Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд зурган илэрцүүдСонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа болдог уламжлалтай. Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд нь:

•Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй

•Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа

•Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан

•Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон

•Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар байдаг.

Мөн хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн хүсэлтийг зургадугаар сарын 21-нөөс өмнө хүлээн авна. Ингэхдээ өөрийн харьяа хэсгийн хороо буюу санал авах байранд бичгээр хүргүүлнэ. Сонгогч хүсэлтдээ эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын тодорхой хаяг, утасны дугаар, гарын үсэг эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, утасны дугаар гарын үсэг, санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй шалтгаан, биеийн эрүүл мэндийн байдлын тухай тодорхой бичиж эмч, эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргасан байх шаардлагатай юм.

Онцлох нийтлэлүүд