ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.01.31 11:01

“ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН”, “ҮНЭНИЙ ХОРВОО”, “БӨХӨН ШАРЫН НУРУУ”-Г АМИЛУУЛСАН ХӨГЖМИЙН АНГИЙНХАН

Монголын соёл урлагийн түүхэнд хожмын өдөр алтан үсгээр бичигдэх тэнгэр заяатай нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэх болсондоо талархалтай санагдана. Амьдрал аялгуу эгшгийн сайханд гэрэлтэж, алаг хорвоогийн баяр гуниг төгөлдөр хуурын хар цагаан даруул шиг уярал баярын өнгөөр тодорном. Ерээд оны эхээр хөдөөнөөс голдуу ирсэн гүзээлзгэнэ шиг улаахан хацартай охид хөвүүд өнөөдөр Монголын хөгжмийн урлагийн гэрэлт дэнлүүд болон бадамлажээ. Ямархан сайхан хувь заяагаар тэд нэгэн ангид тохой нийлүүлэн сууцгааж, басхүү биесээ хөглөн амьдрах одонд төрцгөөгөө вэ. Эд бол Багшийн сургуулийн 1990-1994 оны төгсөлтийнхөн юм аа. Тэд анх нэгдүгээр дамжаанд орохдоо гучин зургуулаа байлаа. Одоогоор ангийнхнаа алдар хүнд, авьяас билгээрээ түүчээлж яваа нэгэн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нийтийн дууны нэрт аялгуу туурвилч хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од юм. Энэ эрхэм хүмүүнтэй өнгөрөгч намар төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн жаран насны ойгоор Булган аймагт очихдоо сэтгэл зүрхний гүнээс ойртон танилцсан сан. Газар газрын хөгжимд дуртай хүүхдүүд цугласан эл ангийн анхны дарга нь Дархан хотоос ирсэн Ваанчигийн Мөнхбат аж. Хоч нь Памбига гэж байгаа. Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөж СУИС-ийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан тэр авьяастан одоо АНУ-ын Вашингтон хотод аж төрж байгаа гэсэн. Тэр оюутан байхдаа л “Бодол”, “Чулуу” романсууд бичиж, “Торонд суусан болжмор” номыг бичсэн зохиолч Т.Рэнцэний “Уяхан хангайн бүсгүй” шүлэгт аялгуу зохиож явсан нэгэн юм.

Ер нь энэ ангийн авьяастнуудыг нутаг нутгаас нь олж ирсэн багш нарын билгийн харааг магтахаас яалтай. Гавьяат Сэр-Одыг гэхэд Хөвсгөлийн Ханх сумаас Одонтунгалаг багш нь олж ирсэн бол, Баянхонгорын Гурванбулагаас “Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн Норовын Баасандоржийг Баттогоо багш, “Үнэний хорвоо” дууны зохиогч Пүрэвдоржийн Ганбатыг Төв аймгийн Эрдэнэсант сумаас улсын начин Чанарав гуайн гэргий хуучрын багш Лийриймаа олж ирж байжээ. Ангийнхан нь Сэр-Од зохиолчийг Сэрээ гэж нэрлэнэ. Тэрээр оюутан болж ирэхдээ л бас ч ганц нэг хүүхдийн дууны ая зохиочихсон тэрүүхэндээ хоосонгүй нэгэн байж. Хөгжмийнхний дунд “Эрдэнэбатын ногоон” хэмээн алдаршсан онолын номыг гараар хуулаад биччихсэн, ноот хараад баянхуур тоглочихдог байсан гэж байгаа. Дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа нарын “Би чамд хайртай”, Чинболорын “Төгөлдөр гоо” дуунуудыг зохиосон соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Даваажавын Сүхбаатар бол арын сайхан хангайн Цахир сумын унаган хүү. Завхан аймгийн Нөмрөг сумаас ирсэн Мөнхцэцэг эдүгээ Идэр сумын дуу хөгжмийн багшаар ажиллаж буй агаад арванзургаан дуунаас бүтсэн хүүхдийн дууны цомгоо гаргаад байгаа авьяаслаг нэгэн. Мэдээж ангийнх нь хөгжмийн мэргэжилтнүүд дууных нь найруулжуулга сэлтэд сэтгэл гарган тусалсан юм билээ.

Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хөгжмийн багш, соёлын тэргүүний ажилтан Батмагнай, Дэлгэрмаа хоёр бол өөрсдөө дууны найруулгаа хийдэг, Баянгол дүүргийн хэмжээнд мэргэжлээрээ гайхуулж яваа зүтгэлтнүүд юм билээ. Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Одончимэг хүүхдийн дууны уран бүтээлээрээ бас л гайхагдаж явдаг юм байна. ОХУ-ын Уралын их сургуулийг дүүргэсэн, Монголын анхны мэргэжлийн хөгжмийн зохиолч эмэгтэй, ардын жүжигчин Самбуугийн төрсөн дүү Дэнсмаа эдний ангийнхныг нэгдүгээр курст ороод дөнгөж арвандөрөв хонож байхад “Миний хүүхдүүд хичээл номоо хэцүү гэж бүү шантраарай. Танай ангид наанадаж авьяас төгөлдөр арван хөгжмийн зохиолч байна гэж би итгэл дүүрэн хэлье” гэхэд дунд сургуулийн ширээнээс хөндийрөх төдий оюунтан болоод гэрээ санамаглах аядаж байгаа хүүхдүүд тэр үгийг гайхах төдий болоод өнгөрчээ. Гайхахаар ч барахгүй “Хөгжмийн зохиолч гэж биднийг мөн ч томоор харж байна даа” гэж багшаа дооглон мушилзасхийцгээж байжээ. Энэ нь нэг талдаа өөрсдийн авьяас билгээ таньж хараахан мэдрээгүй, ирээдүйд юу бүтээхээ мэдэхгүй ариун тунгалаг үеийнх нь гэгээхэн эндүүрэл, гэрэлт андуурал байжээ. Дэнсмаа хэмээх тэр авьяаслаг багшийнх нь таньж ерөөснөөр ч юм уу, тэнгэр бурхнаас заяасан өглөг хишгийн буяных ч юм сан уу ямартай ч өнөө энэ ангийнхны олонхи нь хөгжмийн зохиолч, хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд болцгоон өсөн торниж, туурвин бүтээж явцгаана.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөгжмийн багшаар Д.Одгэрэл, хөгжмийн зохиолч П.Ганбат нар яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн “Аргалын гал” яруу найргийн түүврийг аван “Үнэний хорвоо” шүлэгт аялгуу зохиосон түүх бий. Одгэрэлийн аялгуу зохиосон хувилбар төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит “Сэтгэлийн дуу”-д байр эзэлж шалгарсан бол Ганбатын аялгуутай дуу нь “Төгс аялгуу” уралдаанд дэд тэргүүн байр эзэлж, 1992 оны “Морин хуур” наадмын тусгай шагнал хүртэж байсан түүхтэй. Тэр жил Багшийн сургуулиас “Морин хуур”-т хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “тахиа” хэмээн алдаршсан “Сүүдэр цармын цэцэг” дууны зохиогч Сайнцогийн Мөнхбат, хөгжмийн зохиолч Ёндонгийн Сүхбаатар, одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналын энтэй хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр нарын авьяасын шандас сорьсноос урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаярын “Орхон түшээ мөрөн” дуу тэргүүлж, оюунтан Ганбатын бүтээл тусгай шагнал хүртсэн гэлээ. Оюутан хүү улсын наадмаас тусгай шагнал авчихаад Хүнсний хорьдугаар дэлгүүрийн урд талаас “өвгөнт” хэмээх архи олныг авч найруулан ангийнхнаа дайлж байсан ажээ.

“Төрүүлээд өсгөдөг нь ээжий юм аа

Төөрүүлж орхидог нь хорвоо юм аа хө

Хайрлаад өсгөдөг нь аав минь юм аа

Хагацуулж орхидог нь хорвоо юм аа хө” хэмээх эл дууг гавьяат жүжигчин Болормаа дуулж анх олны хүртээл болгож байсан. Хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбатын хувьд 1992, 1996, 1997 оны “Морин хуур” наадмын шагнал хүртэж, 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байр, “Хайрын дуу – 2000” наадмын тэргүүн байрын шагналыг авч байсан билээ. Тэр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд хөгжмийн зохиолчоор суралцсан байдаг. Тэрээр Ширмэнтуяагийн дуулсан “Бодол”, яруу найрагч Д.Дашбадрахтай хамтарч “Санахгүй байхын аргагүй”, гавьяат жүжигчин Хонгорзул дуулж 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байрын шагнал хүртсэн “Их Монгол орон мину” романс, дууны шүлгийн мастер З.Түмэнжаргалтай хамтарч “Зүүдэнд уяатай уул минь” зэрэг олны хүртээл болсон жар гаруй нийтийн болон мэргэжлийн дууны уран бүтээл хийсэн байдаг.

Эдний ангийн багш Солонго болбоос Багшийн сургуулийн ёочингийн багш төдийгүй хойт улсад дуулаачаар сурч байгаад агаар таарахгүйн улмаас ирсэн авьяасын гэрэлт нэгэн байсан гэдэг. Энэ хүмүүн эдүгээ нийслэлийн 84 дүгээр сургуульд ахлах багшаар ажиллаж байна. Шавь нар нь багшаа “Улаанбаатарын наяад оны миссүүдийн нэг байсан даа” гэж шагширч байна. Багшийн сургуулийн байранд Сэр-Од, Баасандорж, Памбига Мөнхбат, Одгэрэл дөрвүүл оржээ. Тэр үед оюутнууд 180 төгрөгийн стипендтэй байлаа. Дөрвүүлээ далан төгрөгөөр нийлцгээв. Тасгийнхаа санхүүг Бааска хариуцна. Тогооч нь Д.Одгэрэл. Гучдугаар дэлгүүр лүү явж нэг килограмм элсэн чихэр, төгрөг дөчийн хоёр талхтай ирнэ. Нэгийг нь Сэрээ стакан ус барьж байгаад идчихдэг байж. Үлдсэн нөгөөхийг нь гурвуул хувааж иддэг байж. Оюутны цалингаа эхэндээ амьжиргаандаа хүргээд л байдаг байж. Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбат дөрөвдүгээр курсийн оюутан. Нэг удаа ах нэгдүгээр курсийн Сэрээгийн тасгийнхныг шар айргаар дайлж, түүнээс хойш стипендээ амьжиргаандаа хүргэхээ больсон гэж байгаа. Дал, далаар нийлэхээ ч больж тус тусдаа санхүүгээ барьцгаах болжээ. Тасгийн тогооч Одгоо хоолоо ахин дахин амссаар цадчихдаг байсан хөөрхөн зальтай. Нөгөө гурав нь шүлсээ залгиад хараа л суугаад байдаг байжээ. Хажуу талын зэргэлдээ өрөөнд ангийнх нь охид амьдарна. Тэднийхээ хоолыг Сэрээ баараггүй бууддаг гэж байгаа. Солонгоо багш нь ангийнхаа хүүхдүүдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн байжээ. Хүнсний 100 дугаар дэлгүүрээс хямдхан гэж цувдай авч ирэн хувцас угаадаг цагаан түмпэндээ цувдайныхаа шөлийг үлдээгээд гаргаж асгахаас ялархан байсаар хэд хонотол ангийн багш нь иржээ. Гэтэл тасгаас нь бөөн өмхий үнэр ханхлаад хачин юм болж дээ. Багш нь Сэрээгээр асгуулсан гэж байгаа.

Сэрээгийнхээс Хөвсгөлийн цагаан загас, чихэр боов их ирнэ. Яагаад гэвэл тэр Ханхын хүүхэд шүү дээ. Харин нөгөө гурвынхаас нь өрөм зөөхий, мах ирдэг байжээ. Баялагмаа гэж Говь-Алтайн охин байж. Ардын жүжигчин Загдсүрэнгийн удирдлага дор дуулаачаар төгссөн нэгэн. Чико буюу Шаравын Мөнхжаргал эдүгээ Эрдэнэтэд багшилж байна. Мөнхбатаас хойш Дуламсүрэн гуравдугаар курсээс ангийн дарга болсон Дорнодын Хөлөнбуйрын барга охин. Одоо тэр 94 дүгээр сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Тэд хоёр нийгмийн ид шилжилтийн үеийн даржинхан оюутнууд байсан ч өнөө бүгд мэргэжлээрээ ажиллаж байгаа чин сэтгэлтнүүд ажээ. Анх оюутан болж ирээд Борнуурын САА-д төмс хураалтад явж, механик зоорин дээр төмс ялгадаг байжээ. Улсын нөөцийн төмсийг ялгадаг том мэргэжилтнүүд гэж байгаа. САА-д явсан долоо, найман хөвгүүн нь зэргэд ангиудаасаа нэг, нэг найз охинтой болж ирлээ. Хоёрдугаар курсээсээ Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн ангиудын хөгжмийн ангийнхан нэгдэж, статусын хувьд Хөгжмийн багшийн коллежийн оюутнууд болон төгсөцгөөжээ. Сүхбаатараас ирсэн Мөнхзаяа хожим англи хэлний алдартай багш болсон байна. Лхамжав хоёрдугаар курсээс багшийн ангид орж одоо хотод цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Байгальмаа Говь-Алтайдаа багшилж байгаа нь сайшаалтай. Суурьбат гэж хөдөлгөөнтэй хүү одоо Сэлэнгэдээ алдарт уяач болсон байна. Гэрэлцэцэг хэмээх тэр турьхан охин Эрдэнэтэд багшилж байгаа гэсэн.

Дорноговиос ирсэн Энхбат Замын-Үүдэд ажиллаж амьдарч байгаа юм билээ. Ангийнхан нь холбоо бариасай гэж хүссээр л байна. Хоёр буудлын атаман, “Чулуутын минь гол оо хө” гэсэн дууг зохиосон Минжүүрдоржийн хүү Дэмчиг гэж хөдөлгөөнтэй, авьяастай нэгнийг өнөө ч ангийнхан нь халуун дотноор дурссаар байна. Төгсөлтийнхөө хорин жилийн уулзалт болохоос хэдхэн сарын өмнө бурхан болсон бүжиг дэглэдэг, хөгжмийн авьяастан Эрдэнэболдоо тэд мартаагүй ээ. 2014 оны зургадугаар сард эдний ангийнхны хорин жилийн уулзалт баяр, гуниг дүүрэн болж өнгөрчээ. Сэрээгээ 2010 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол авахад ангийнхан нь Төрийн ордноос Хөгжмийн зохиолчдын холбоо руу хамт алхахдаа Бааска, Ганбаа хоёр нь “Хойшоо болоорой, хойшоо болоорой” хэмээн куперлэж явсан гэж байгаа. Нэгэндээ тийм л хүндтэй ханддаг хүмүүс ажээ. Энэ анги хоёр багшийн гар дамжжээ. Түүний нэг нь дуучин мэргэжилтэй Чулуунхүү. Багшдаа хайртай ч гэж жигтэйхэн. Солонго багш нь балчир хүүхдүүдийг нь оюутан болгосон бол Чулуунхүү багш нь хатуу шаардлагаар тодорхой нийгмийн хүмүүс болгосонд тэд өнөөдөр ч чин зүрхнээсээ баярладаг юм билээ.

Ая зохиогч, хөгжмийн зохиолч Норовын Баасандоржийг манай уншигчид андахгүй биз ээ. Түүнийг “Элээх тавилан”, “Хос шарга”, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Тэр л хэвээрээ” зэрэг олон сайхан нийтийн дуугаар нь танина. Тэр “Морин хуур” наадмын сонсогчдын таашаалд нийцсэн дуу, Монголын радиогийн “Цагаан лавай”-н тэргүүн байрын эзэн болж байсан гайхамшигтай уран бүтээлч билээ. Эдний ангийнханд агуу их хөгжмийн зохиолч Ч.Сангидорж хөгжмийн онолын цагаан толгойг заасан юм билээ. Бас нэг сонирхолтой түүх өгүүлэхэд Баасандорж, Ганбат хоёр СУИС-д 2000 онд элсэхэд ангийнх нь анд Тогтохын Сэр-Од багшаар хүлээж байсан гээд бод доо. Бас л гоё түүх шүү. Муратбек гэж Баян-Өлгийн Алтанцөгцийн хүү эдүгээ Баян-Өлгийнхөө театрт уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Тогтохын Сэр-Од бол ХЦДБЧ-ын уран сайхны удирдаач, СУИС-ийн профессорын багийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Do Re­Sound music production”-ий продюсероор, хөгжмийн зохиолч П.Ганбат БГД-ийн Хүүхэд, залуучууд хөгжлийн төвийн захирал, СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш, соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж “Soft music” продакшны захирлаар тус тус ажиллацгааж байна. Ийм л тэнгэрлиг, авьяаслаг ангийнхан Монголын соёл урлагт хувь нэмрээ оруулсаар явцгаана даа.

Онцлох нийтлэлүүд